Дорноговь аймагт эхэлж байгаа “Нутгийн удирдлагын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдэвт үндэсний зөвлөлгөөнд оролцогчдод УИХ-ын дарга Д.Дэмбэрэл илгээлт явуулж, амжилт хүслээ. Өнгөрсөн хугацаанд хийсэн эрх зүйн өөрчлөлтүүд нь орон нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхэд чиглэж ирлээ.
Цаашдаа боловсон хүчний босоо тогтолцоог улам бүр хязгаарлах, дээшээ төвлөрүүлдэг гол гол татварын нэлээдийг орон нутагт нь үлдээх, орон нутгийн өмчийн хүрээг өргөтгөх, төсвийн төлөвлөлт, зарцуулалтад ИТХ-аас тавих хяналтыг сайжруулах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн өнөөгийн зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох, орон нутаг өөрөө эдийн засаг, санхүүгийн хувьд бие даах санаачилгыг бүх талаар дэмжих, иргэдийн санал бодлыг бүх шатны ИТХ-ын шийдвэрт бүрэн тусгах, тайлагнах оновчтой механизмыг бий болгох зэрэг төвлөрлийг сааруулахад чиглэсэн асуудлуудад онцгой анхаарал хандуулж ажиллах болно гэж УИХ-ын дарга илгээлтдээ онцолсон байна.