Монгол цэргийн музейд “Талын морьтон дайчид” үзэсгэлэнг өчигдөр нээлээ. Монгол бахархлын өдөр, эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргийн музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран уг үзэсгэлэнг зохион байгуулж байна. “Чингис хааны хүндэтгэлийн хэсэг”, морьт цэргийн аяны хангалт, хувийн бэлтгэлийн нөөц буюу зэр зэвсгийн түүхэн хөгжлийг илтгэх үзмэрүүд, монголчуудын аж ахуй, соёл, морины тоног хэрэгсэл, орчин үеийн дижитал үзүүллэг гэсэн хэсгээс энэ үзэсгэлэнг бүрдүүлжээ. Агт морь нь цэрэг, дайчдын үнэнч нөхөр төдийгүй байлдааны гол хэрэгсэл. Тиймээс морьт цэргийн аяны хангалт, хувийн бэлтгэлийн нөөцийг бие даасан хэсэг болгон, үүнийг илтгэх үзмэрүүдийг дэлгэсэн байна. Эдгээр нь нум, сум, ховд буюу саадагтай зэв, арьс, шир, төмөрлөгөөр хийсэн хатуу, зөөлөн хуяг, дуулга, илд, сэлэм зэрэг аж. Монгол ахуй, соёлын түүхийг харуулсан хэсэгт гэр, авдар, ширээ, сандал, тулга, морины тоног хэрэгсэл болох эмээл, дөрөө, чөдөр, ногт, хазаар, амгай, бугуйл зэрэг 150 гаруй биет үзмэр, эд өлгийн зүйл байна.
“Талын морьтон дайчид” үзэсгэлэнд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалж буй, XIII-XIV зууны үед хамаарах цэрэг эрсийн агсамж хэрэглэлтэй холбогдох олдворыг үзэгчдэд анх удаа дэглэн үзүүлж байгаагаараа онцлог. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгойгоос олдсон төмөр сэлэм, төмөр дөрөө, Дорноговийн Дэлгэрэхийн Чандмань хар уулаас илрүүлсэнүйсэн хоромсого, шавар аяга, Баянхонгорын БаянцагааныДугуй цахираас олдсон нум, хоромсого, модон эмээлийг багтаажээ. Мөн Увс аймгийн Өмнөговь сумын Ёлын хэцийн эхээс олдсон нум, сум, Өвөрхангайн Хайрхандулааны Хөгшин тээлийн балгасаас илрүүлсэнсөргөө, Яргайтаас олдсон эсгий хуягийн үлдэгдэл, Булганы Хутаг-Өндөртбайсанхүрэл толь зэрэг 32 олдвор бийаж. Үзэсгэлэн ирэх оны нэгдүгээр сарын 30 хүртэл үргэлжилнэ.
Түүнчлэн Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Үндэсний номын сан, Монголын дипломатын академитай хамтарсан “Алтан цуглуулбар-999” номын үзэсгэлэнг нээгээд байна. Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейн танхимд дэлгэсэн уг үзэсгэлэнд Чингис хаан, түүний залгамжлагчид, Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох, 19 орны 23 хэлээрх 860 нэр, төрлийн ном, шастирын дээжийг багтаажээ. Эдгээр нь 1710 оноос өнөөг хүртэлх 300 гаруй жилийг хамрах аж. Тухайлбал, Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалж буй болон Монголын дипломатын академийн ахмад дипломатчид гадаад оронд Элчин сайдаар суух хугацаандаа цуглуулсан ном, шастир, судалгааны бүтээл, түүхэн сурвалжийн дээжээс олон нийтэд толилуулж байна. “Алтан цуглуулбар-999” үзэсгэлэнг ирэх оны нэгдүгээр сарын 31 хүртэл үнэ төлбөргүйгээр олон нийтэд үзүүлэх юм. Мөн энэхүү үзэсгэлэнгээр өгүүлэх түүхийн талаарх мэдээллийг гар утсаараа QR код уншуулан авч болох гэнэ. Бас VR дижитал технологийн төхөөрөмжөөр бодитоор мэдрэх боломжтой үзмэрүүд ч бий аж.
Р.Жаргал