Сингапур 720 км квадрат талбайтай, 5.6 сая хүнтэй, хот улс. 1959 онд иргэдийх нь 9 хувь нь орон сууцад амьдарч байсан бол өдгөө 90 гаруй хувь болж, өсжээ. Харин Монгол 1 564 116 ам метр талбай бүхий өргөн уудам нутагтай, 3.4 сая хүн амтай улс. Өргөн уудам нутагтай гэгддэг манай улсын иргэд, тэр дундаа нийслэлийнхэн утаа уушгилан амьдарч байна.
Улаанбаатарын утаа хэрээс хэтэрч, аюултай түвшинд хүрснийг хотын дарга Д.Сумъяабазар мэдэхгүй биш мэднэ. Тиймдээ ч тэрбээр өнгөрсөн тавдугаар сард “Хүн амын 60-аас илүү хувь нь гэр хороололд амьдардаг. Манай хотод ус, агаар мэт хэрэгцээтэй зүйл бол гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах. Аль ч улсын, ямар ч хотын тэргүүн эгнээнд анхаарал хандуулах асуудлын нэг бол орон сууцны бодлого. Орон сууцны бодлогоор дамжуулан тухайн хотын хөгжлийг тодорхойлдог. Тухайлбал, орон сууцны бодлогыг чухалчилсан хотуудад төвлөрөл саарч, түгжрэл буурч, ядуурал багассан гэх мэт олон сайн тал гарсан” хэмээн ярьсныг хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага онцолсон. Хотын даргын дээрх яриа өнөөдөр ч сайтуудад бий.
Тэгвэл хотын даргын дээр ярьсныг хэрэгжүүлэх үүргийг хэн хүлээх вэ. Мэдээж нийслэлийн удирдлага өөрөө, дээр нь нийслэлийн Орон сууцны бодлогын газар, нийслэлийн Орон сууцны корпорац. Өмнөх жилүүдэд эл газрууд ажлаа дорвитой хийгээгүйгээс, Барилга хот байгуулалтын яам сайтар хянаагүйгээс маш олон иргэн хохирч, орон гэргүй болсон нь гашуун үнэн юм.
Нийслэлийн орон сууцны бодлогын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Азжаргалын ярьснаар 2022 он 4500 өрх орон сууцтай болжээ. Гэхдээ хотын хүн ам жилд ойролцоогоор 75 мянгаар өсөж буй энэ цаг үед дээрх үзүүлэлт маш бага тоо юм.
Өнөөдөр хотын утаа өтгөрч, хэдхэн алхмын цаадах ч харагдахгүй шахам болсон. Тиймээс толгойтой бүхэн хотын даргыг харааж, зүхэж буй. Утаа ихэссэнд ганц Д.Сумъяабазар бус нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү, нийслэлийн Орон сууцны корпорацын захирал М.Говьсайхан, мөн өнөөдөр ажлаа өгсөн гэлтгүй Барилга хот байгуулалтын сайд асан С.Мөнхбаатар ч буруутай. Тэд янданг цөөлөхийн тулд ажлаа уялдуулж, нягт хамтрах байтал өдгөө хил хаасан, ковид гарсан, барилгын материалын үнэ нэмэгдсэн хэмээн шалтаг тоочоод сууж буй.
Мэдээллийн эхэнд дурдсанчлан Сингапур улс иргэн нэг бүрээ орон сууцад оруулж чадсан. Төрийн албаныхан энд тэнд илтгэл тавихдаа тус улсын жишээг эш татаж ярих дуртай. Эдийн засагчид ч эл жишээг өлгөн авч ярихтай хэдэнтээ таарч байв. Сингапурын төр засаг цаасан хайрцаг задалж дэвсээд гудамжинд хоноглодог байсан загасчид, ажилгүй иргэдэдээ ажил олгож, орон сууцад оруулсан аж. Нийтийн спорт заал, талбай, усан сан, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар, тав тухай орон сууцтай болсон малай, хятад, тамил үндэстнүүдээс ажлаа таслах, хийдүүлэх иргэд цөөн гарсан гэдэг. Төрийн алба нь нийслэлээ барилгажуулах хөтөлбөрөө ёс зүйтэйгээр хэрэгжүүлсэн. Мөн Сингапурын иргэд тэтгэврийн нэрийн данстай бол урьдчилгаа төлбөргүй, орон сууцны зээл авч болдог. Гол нь төр өөрийн газраа төсвийн хөрөнгөөр, төрийн компаниар орон сууцаа бариулж, иргэдэдээ борлуулдаг. Ингэхдээ анхнаас нь тухайн хотхоны биет болон нийгмийн дэд бүтцийг бүх талаас нь тооцон байгуулдаг аж. Төлөвлөлт хийхдээ ялгаатай орлоготой хүмүүс зэрэгцэн амьдрах, нийтийн тээврийн үйлчилгээг хангах, чанартай боловсрол олгох, эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх зэрэг бүх зүйлийг цогцоор шийддэг гэсэн. Ингэж иргэдэдээ ажил олгохын зэрэгцээ орлогод нийцсэн орон сууцаар хангасан нь өдгөө дэлхийд сайн жишиг тогтоогоод буй.
Харин Монголд өдөр ирэх бүр гэр хороолол хүрээгээ тэлж буй. Өөрөөр хэлбэл, хотын даац хэтэрсэн бөгөөд хотын гэр хорооллыг барилгажуулах нь чухал болоод буй.
2013 онд нийслэлийн удирдлага гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах төсөл хэрэгжүүлэх нэрийн дор дандаа “цүнхний” компаниудыг шалгаруулж, төсвийн мөнгөнөөс тэрбум тэрбумаар олгосон. Шалгарсан компаниудаас хэд хэд нь хариуцаж авсан газартаа ширхэг тоосго ч босгоогүй гэдэг. Тиймээс компаниудад итгэж газраа өгсөн мянга мянган иргэн гудамжинд гарсан гашуун түүхүүд өнгөрсөн жилүүдэд бичигдсэн. Өнөөдөр ч газраа өгсөн хэрнээ орон сууцтай болж чадаагүй иргэн захаас аваад олдоно.
Нийслэлийн иргэд орон сууц барьж гийгүүлэхгүй юм гэхэд амины орон сууцуудыг дэд бүтцэд холбож, яндангаа цөөлөхийг л хотын удирдлагаас наминчлан гуйж буй. Өнгөрсөн жилүүдэд хотын дарга нар гэр хорооллын бүс рүү дэд бүтцийг хангалттай татаагүй, БНХАУ-аас буцалтгүй тусламж авна хэмээн иргэдээ хуурсаар ирсэн.
Хотын дарга Д.Сумъяабазар 2022 оны дундуур хэлэхдээ “Энэ жил гэр хорооллын дэд бүтцийг өргөтгөхөд жилд 30 тэрбум орчим төгрөгийг суулгасан. Ингэснээр гэр хорооллыг орон сууцжуулж буй аж ахуйн нэгжүүдэд том боломж болж, төслийг хэрэгжүүлэх хугацаа богиносох давуу талтай. Мөн нийслэлд зургаан дэд төвийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Дэд төвөө түшиглэн, орон сууцны барилгын ажлаа эрчимжүүлэхэд томоохон түлхэц болно” хэмээсэн ч түүний амлалт бүрэн биелээгүй байна.
Урагшгүй ноёнд ухаангүй албат гэгчээр Орон сууцны бодлогын газар, нийслэлийн Орон сууцны корпорац, Барилга хот байгуулалтын яамныхны ажил даанч нэг уялдаж өгөхгүй юм. Уялддагсан бол өдгөө хотын гэр хорооллын оронд орон сууцууд сүндэрлэж, утаа, түгжрэлээс үүдэлтэй бухимдал үүсэхгүй, том, бага гэлтгүй ханиадад дарлуулахгүй байлаа.
Өнөөдөр нийслэлийг барилгажуулах ажил хувийн хэвшлийн хэдхэн компанийн нуруун дээр яваа нь нууц биш. Дээр нь эрх баригчид дэд бүтцээ улс хариуцна гэж хуульчилсан хэрнээ үүнийгээ биелүүлэхгүй, эсвэл барилгын компаниудад даалгаад эргээд мөнгөө төлдөггүй нуруугаа харуулсан тохиолдол ч гарсан. Үүнээс гадна гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхдээ төр, иргэн, компани гурвалсан гэрээ байгуулдаг. Гэвч төр олигтой хянаж чаддаггүйгээс компаниуд иргэдийг хохироосоор ирсэн. Товчхондоо төр нийслэлээ дорвитой барилгажуулж чадаагүйгээс Улаанбаатарынхан утаа уушгилсаар байна. Мөн Алтантэвшийн алдарт тал нь үхлийн хөндий нэртэй болоод буй.
Хотын удирдлага энэ онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 4800 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн юм билээ. Мөн 2022 онд 2500 өрх газраа чөлөөлсөн. Иргэдийн газрыг 53 хэсэгчилсэн талбайд хувааж, 44 компани төсөл хэрэгжүүлж байгаа гэх. Нийслэлийн Орон сууцны бодлогын газраас мэдээлснээр дээрх өрхүүдийг 2023 оны I, II, III улиралд багтаан байранд оруулах юм билээ. Гэвч эл зорилт биелнэ гэхэд иргэд итгэл муутай байна. Учир нь эрх баригчид өнгөрсөн жилүүдэд иргэдээ орон сууцжуулах амлалтаа дорвитой биелүүлээгүй. Зуух сольж, яндан хөөлж, утаагүй гэх түлш үйлдвэрлэж, сүүлдээ эл түлшээ солихоос өөрийг хийгээгүй шахам. Өнөөдөр галыг хайчаа шинэчлэх нь хэмээн онигооны эзэд болчихоод сууж байна. Иргэд яндангаа хөөлүүлэх биш цөөлүүлэхийг л хүсэж байгаа шүү, дарга нар аа.