Нийслэлийн нийтийн тээвэрт хийж байсан парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т өгч шалгуулахаар болсон тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэл хийж байна.
Х.Нямбаатар “2009 оноос эхлэн нийтийн тээврийн салбарт автобус худалдан авахдаа нээлттэй тендер сонгон шалгаруулалт хийлгүй явж иржээ. Тухайлбал, 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр 400 автобус худалдан авчээ. Гэвч улсын болон нийслэлд огт бүртгэлгүйгээр 10 аж ахуй нэгжид шууд шилжүүлсэн. Ингэхдээ “Автобус I” 120, “Автобус-III” 80, “Цахилгаан тээвэр” 50, “Эрдэм Транс” 30, “Автобус нэгдэл” 10, “Сутайн буянт” 30, “Мяралзаа” компани 8, “Тэнүүн Огоо” 50, “Тэнүүн дэлгэр” 14, “Атибус”-8, нийт 400 автобус авсан. Гэвч 35.6 тэрбум төгрөг улсын төсөвт мөнгө төвлөрүүлэхгүйгээр аж ахуй нэгжид өгсөн байна. Үүнээс болж, дээр дурдсан аж ахуй нэгжүүд улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан автобусны эргэн төлөлтийг хийгээгүй” гэлээ.
Дээрх шалтгааны улмаас 30 гаруй тэрбум төгрөгийн бодит хохирол үүссэн байна. Энэ асуудлаар Өмчийн харилцааны газраас удаа дараа шүүхэд хандсан ч автобусыг анх улсын төсвийн хөрөнгөөр бүртгүүлсэн учраас Өмчийн харилцааны газраас нэхэмжлэх эрх үүсээгүй байгаа юм. Автобус захиалагч нь тухайн үеийн Зам, тээврийн яам, санхүүжилтийг тухайн үеийн Сангийн яамнаас гаргажээ. Өөрөөр хэлбэл, нийслэлд парк шинэчлэл хийх нэрээр үе үеийн Засаг дарга нар шууд гэрээний нөхцөлөөр худалдан авалт хийж, автобуснууд нь актлагддаг асуудлыг цэгцэлж, АТГ-аар шалгуулахаар болсноо Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдэгдлээ.