Монгол Улс болон БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 76 жилийн ойг тохиолдуулан “Өнгөөр урласан нөхөрлөл” үзэсгэлэнг Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд олны хүртээл болгож байна.
Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яам болон Хүүхдийн урлан бүтээх төвийнхний хамтран зохион байгуулж буй эл үзэсгэлэнд манай орны 21 аймаг болон ӨМӨЗО-ы 6-18 насны хүүхдүүдийн нийт 1400 гаруй бүтээлийг дэлгэж буйгаараа онцлогтой. 14 хоногийн турш үргэлжлэх энэхүү үзэсгэлэнгээс хоёр орны хүүхэд багачуудын уран бичлэг, зургийг тольдож болох юм. Мөн тэдний эсгий, мод, даавуугаар урласан сонирхолтой бүтээлүүдийг үзэх боломжтой.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан энэ үеэр “Би Хүүхдийн урлан бүтээх төвөөр гурван сарын дараа дахин зочилж байна. Хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг илэрхийлэхүйц өнгө будаг хоршсон олон сайхан бүтээл намайг угтлаа. Монгол болон БНХАУ бол мөнхийн хөрш. Тиймээс хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жил ирэх тусам өргөжин тэлж буй энэ үед иргэдийн, ялангуяа ирээдүй хойч үеийнхний харилцан ойлголцол хамгийн чухал юм. Мөн дэлхийн энх тайвны төлөөх олон тэмдэглэлт ой өнөө жил тохиож байна. Тухайлбал, Дэлхийн II дайнд ялалт байгуулсны 80 жилийн ой энэ онд болж буй. Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийн дийлэнх нь энх тайвныг илэрхийлсэн нь миний сэтгэлийг тайвшруулж байна” хэмээв.
Э.Сүрэн