“Тэр минь тэвэрт ойр, амьсгал нь дэргэд, атгах гар нь хажууханд юм сан, ай хорвоо. Гэвч алагхан зүрх минь алс холд орших шиг, хачин уйтай. Салъя гэхнэ ээ, шалтаан олдохгүй. Харин шалтаг бол 7 бүр 77, үгүй 777-г ч хэлж чадахаар байна. Гэвч бас үг эвлэхгүй нь. Хэлж ч чадахгүй, салж бүүр чадахгүй. Анх бид жинхэнэ хайраараа учирсан. Мөрөөдлийнхөө тухай ярьж, хотын гудмаар шөнөжин алхсан. Тэр минь сайн бүсгүй, сайхан эмэгтэй. Тэгэвч би одоо түүнд хайргүй. Тэр бол жинхэнэ шулам. Ааш гэж адсага. Үргэлж намайг загнаж үглэхийг нь яана аа. Гүйцээ, би түүнээс саллаа. Үүнийгээ яг одоо түүнд хэлье. Би ч гэсэн жаргамаар байна. Гэвч...” хэмээн эхнэрийнхээ эзгүй эр нөхөр нь цөхөрч ядна. Эхнэрээ өөрт нь хайргүй гэдэгт бат итгэчихсэн арга ч үгүй юм.
Түүндээ зориулсан хамгийн сайхан цаг хугацаа бүхэн нь мартагдаж бүдэрсэн мэт. Ай гаслан гэж. Түүнд юү гэж зөвлөх вэ. Яажшуухан сэнхрүүлэх вэ. Зүрх сэтгэлийг нь хэрхэн уудлах вэ. Ядаж байхад өнөөдөр тэдний гэрлэсний ой шүү дээ. Ийм гэгээн нандин өдрөөр тийм муухай үгийг хайрт эхнэрт нь хэлүүлэх гэж үү. Үнэхээр тэр эхнэртээ хайргүй гэж үү. Энэ бол В.Красногоровын зохиол “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжгийн оршил хэсэг. Жүжигт нөхрийн дүрийг Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, эхнэрийн дүрийг мөн гавьяат Ж.Оюундарь бүтээжээ. Тэдэнтэй Соёлын тэргүүний ажилтан Г.Ганбат, М.Тогтохжаргал нар “гоцолжээ”. Дөрвөн жүжигчний хослол төгс байлаа.
Тиймдээ ч үзэгчдээ ховсдож, ухааруулж чаднам. Тайз засалт энгийн. Цонхныхоо урдуур дүүрэн модод тарьсан эгэл боргил Тосгоны байшин засжээ. Их хотын дуу чимээ, нүд эрээлжилсэн олон барилгаас алсруулж, нүд амраах шиг. Бас нэг тийм зөөлөн аялгуу зүрх тогшино. Хамгийн намуун, хамгийн уянгалаг. Яг нэг тийм романтик үдшийг УДЭТ-ынхан бүрдүүлжээ. Нээрээ бид хайртай хэрнээ түүнтэйгээ ярилцдаггүй, тоодоггүй, ажил ажил гэсээр нэг л мэдэхэд хайр минь хөрч, харилцаа алсарч эхэлснийг анзаардаггүй ажээ. Яг л зуухнаас авсан данхтай цай аажмаар хөрөх шиг. Хамгийн аймшигтай нь энэ мөчид хосууд алддаг. Зарим нь нууц амрагтай болно. Эсвэл бүр сална. Салсан залуус нөхөртэй эмэгтэй илүүд үзэж, өдөж хоргооно. Учир нь нөхөртэй эмэгтэй эрх чөлөөнд нь саад болохгүй гэж зарим хэсэг нь бодно. Бас амьдрал үзсэн хөгшин эр тулхтай ч байж мэднэ.
Аа гэхдээ жүжгийн гол дүрийг амилуулж буй эхнэрийг хайж, бүр хайрлах хэрэгтэй. Амьдралд ховор тохиох нандин эмэгтэй. Алдаж болохгүйг гэр бүлийн найз зөвлөнө. Нөхөр ч гэсэндээ, хорвоогийн гэнэн, цагаахан, бүрэг нэгэн. Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын багийнхан жүжгээ “Гэр бүлийн үнэ цэн, хайр сэтгэл, хосуудын харилцааны өвөрмөц хэв маягийг хөгжилтэй, хоржоонтой байдлаар өгүүлсэн” хэмээн тодотгосон байсан. Үнэхээр л эх зохиолыг нь өгүүлбэр өгүүлбэрээр нь, хуудас хуудсаар гүйлгэн харж, номоо имрэн имрэн, шимтэн шимтэн унших мэт мэдрэмжийг өгсөн. Сайн номыг хэд ч уншсан уйддаггүй шиг, энэ жүжгийг дахин найруулж олны хүртээл болговол би лав тасалбарыг нь хамгийн түрүүнд авна аа.