“Mongolian grand prix” балетын улсын хоёрдугаар уралдааныг хоёр төрөл, дөрвөн насны ангиллаар ДБЭТ-т энэ сарын 22-24-нд зохион байгууллаа. Тус уралдааны сонгодог төрлийн 16-19 насныхны ангилалд тэргүүлсэн, Монгол Улсын Консерваторын төгсөх ангийн сурагч Э.Хүслэнтэй ярилцлаа.
-Балетаар хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-Би17 настай. Монгол Улсын Консерваторын сонгодог бүжгийн ангид долоо дахь жилдээ суралцаж байна. Зургаа дугаар ангиасаа балетаар хичээллэсэн. Багаасаа Хүүхдийн ордны дугуйланд суралцсан юм. Тухайн үед багш Консерваторт суралцахыг санал болгосны дагуу шалгуулан тэнцэж байлаа. Консерваторт суралцсанаар Монголын хамгийн шилдэг, дуурийн гоцлол бүжигчин Г.Цолмон багшийнхаа шавь болсондоо баярладаг. Манай сургууль ерөнхий боловсрол олгохын зэрэгцээ ирээдүйн мэргэжлээр нь гүнзгий түвшинд сургадгаараа давуу талтай. Бас гоо зүй, дэлхийн урлаг, тэр дундаа бүжгийн түүхийн талаарх ойлголтыг давхар олгодог.
-Ямар жүжгүүдэд, дүрүүдэд гоцлон бүжиглэхийг хүсдэг вэ?
-Надад тоглосон бүтэн жүжгийн туршлага байхгүй. Тиймээс цаашид тоглох жүжгийн дүр бүхэн шинэ содон, сонирхолтой санагдаж байгаа. Дүр болгон өөрийн гэсэн зан чанар, онцлогтой. Тухайлбал, зөөлөн, ширүүн, цоглог гээд олон янз. Бүжиг бүрийн характер нь өөр. Бүжиглэхийн өмнө дүрээ бодоод, тайзан дээр гарахаасаа өмнө төвлөрөх хэрэгтэй болдог. Ойрын хугацаанд “Уран Хас”-ын гол дүрд тоглоно. Мөн “Щелкунчик”, “Цөмөөч ханхүү ба хулганын хаан”-д бас гоцлохоор болсон.
-Балетаар хичээллэхэд амаргүй санагддаг үе олон тулгардаг уу. Таны бодлоор энэ урлагийн гайхалтай болон бэрхшээлтэй тал нь юу вэ?
-Тайзан дээр бүжиглэхэд бодит амьдралаасаа огт өөр дүрд хувирдаг. Түүнээс авах мэдрэмж нь үнэхээр гайхалтай. Бас дотроо маш их өвдөлт, тэвчээр нуудаг нь балетын урлагийн гайхамшиг болон харгис тал нь байх. Шантрах үе цөөнгүй тулгардаг. Багшдаа ч маш их зэмлүүлж байв. Хэдий тийм ч шантралгүй босоод, буцаж ирэх хэрэгтэйг ухаарсан. Хүн бүр уулын оройг даваад урууддаг ч цаана нь дахиад л нэг оргил хүлээж байдаг. Хамгийн гол нь шантрахгүй, бууж өгч болохгүй гэдгийг ойлгосон. Олон хүүхэд дундаас шалгарч, Консерваторт элссэн болохоор сайн хичээх хэрэгтэй. Сул тал гэвэл хүүхэд нас гэж байхгүй гэхэд болно. Багаасаа хатуу дэглэм баримталж, дасгал, хөдөлгөөн байнга хийдэг. Бас дуртай амттанаа ч идэж чадахгүй. Гэхдээ үр өгөөж нь гайхалтай санагддаг. Хэн хүний хүрч чаддаг урлаг биш. Өөртөө үнэнч байж, өндөр шаардлагыг хангаж чадсан нь тунаж үлддэг гэж боддог. Мөн тайзан дээр үзэгчид жижиг алдааг хүртэл олж хардаг болохоор биеэ сайн удирдах хэрэгтэй.
-Уралдаанд хүчтэй олон өрсөлдөгчтэй таарлаа. Амжилттай оролцохын тулд хэр их бэлтгэв?
-Олон төрлийн жүжигт давхар бэлдэж байлаа. Тийм болохоор энэ удаагийн уралдаанд сайн бэлдэж чадаагүй. Бас тэмцээний үеэр ханиадтай байсан. Гэхдээ өвдсөн үедээ бэлтгэл хийх нь яагаад ч юм надад өөртэйгөө тэмцээд ялж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Магадгүй энэ нь миний сул тал байх.
-Энэ жилийн уралдааны онцлогийг хэрхэн тодорхойлох бол?
-Анхны уралдаанд 200-гаад хүүхэд оролцож байв. Харин энэ удаагийнхад түүнээс хоёр дахин олон хүүхэд өрсөлдсөн нь сайхан санагдлаа. Жаахан хүүхдүүд эвсэлтэй, бас их хөөрхөн харагдсан.
-Тэдэнд хандан зөвлөгөө өгөөч гэвэл юуг хэлэх вэ?
-Дүү нартаа хандаж зөвлөхөд тууштай байж, өдөр бүхэн хичээгээрэй гэж хэлмээр байна. Өөртөө үнэнч байж чадвал хэзээ нэг өдөр ямар их сайжирч, хөгжсөнөө мэдрэх болно. Балетаар хичээллэснээр биеийн гоо үзэмжид нөлөөлж, хүмүүжил, төлөвшил сайжрах зэрэг давуу талтай. Хамгийн гол нь хичээл зүтгэлтэй байж л амжилтад хүрэх юм. Дуртай мөртлөө хийх зүйлдээ сайн төвлөрөхгүй бол амжилтад хүрэхгүй. Бид нэлээд багаасаа буюу бусад хүүхдээс харьцангуй эрт мэргэжлээ сонгочихдог болохоор өөрийгөө хөгжүүлэх, өсөн дэвжих хугацаа их байдаг. П.Уранбилэг багш “Балет ухааны урлаг” гэж ярьдаг юм. Үүнийг оюун ухаанаараа биеэ удирдана гэж ойлгодог.
-Амьдралдаа болон хичээл, ажилдаа баримталдаг гол зарчим тань юу вэ?
-Баримталдаг гол зарчмуудын минь нэг нь алдаа гаргахгүй байхыг үргэлж хичээх. Алдаа гаргасан тохиолдолд түүнийгээ засаж, давтахгүй байх нь чухал. Бас бусад хүний хэлдэг шүүмж болон магтаалыг тухай бүрт нь хүлээж авахыг хичээдэг. Шинжлэх ухааны анхдагч нь математик гэдэг юм. Үүн шиг бүх бүжгийн урлагийн үндэс суурь нь балетын урлаг гэж боддог. Бас балетчин сэтгэл хөдлөл, нүүрний хувирал зэргээр дүрээ үзэгчдэд хүргэдэг онцлогтой.
-Олон улсын уралдаанд оролцож байв уу?
-БНСУ-ын Олон улсын балетын уралдаанд тусгай байрт шалгарч байлаа. Мөн “Номадик балет” олон улсын мэргэжлийн уралдаанд хоёр удаа оролцож алт, мөнгөн медаль авсан.
-Уралдаанд оролцоход гэр бүлийнхэн нь дэмжихээр ирсэн үү?
-Гэр бүлийнхэн минь намайг маш их дэмждэг. Энэ удаагийн уралдаанд оролцож буйгаа тэдэндээ хэлээгүй. Тайзан дээр алдах байх гэж эмээгээд, бас эвгүй санагддаг болохоор бүжиглэж буйгаа гэр бүлийнхэндээ үзүүлэх дургүй. Харин амжилт гаргасныхаа дараа аав, ээждээ хэлэх дуртай. Удахгүй манай сургуулиас “Уран Хас” балет тоглоно. Би үүнд Хандармаагийн дүрээр гоцолж тоглох юм. Уг тоглолтыг анх удаа гэр бүлийнхэндээ үзүүлэх гэж байгаа.