- Уушги, элэг, цөс, хөх, ходоодны хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлж байна –
10 ч хүрээгүй гэмээр бага насны хүүхдүүд электрон тамхи (вэйп) татах нь цочирдом зүйл байхаа больсон нь харамсалтай. Охид, эмэгтэйчүүд, хүүхэд залуусын “гангараа” нь вэйп болжээ. Гудамж, талбай, нийтийн тээвэр, сургууль, ажлын байрандаа хүртэл татдаг нь нууц биш. Вэйпийг анх 2003 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн бөгөөд тамхинаас гарахыг хүсэж буй хүмүүст зориулсан гэдэг. Гэвч энэ нь маш том төөрөгдөл үүсгээд байна. Дэлхий дахинд жилд найман сая гаруй хүн тамхины хэрэглээ болон дам тамхидалтын улмаас нас барж байна. Эдгээр тохиолдлын олонхыг хөгжиж буй улсын хөдөлмөрийн насны хүн ам эзэлдэг гэх судалгааг ДЭМБ-ын “Дэлхийн тамхины эпидемийн тайлан 2019”-д дурджээ.
Тус байгууллагаас 2030 он гэхэд насанд хүрэгчдийн дунд тамхины хэрэглээг 30 хувиар бууруулах зорилтыг олон улсад тавиад буй. Харин манай улсад 2018 оны судалгаагаар 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг буюу хүн амын 27 хувь нь тамхи татдаг гэжээ. Ингэхдээ Тамхины хяналтын тухай хуульд заасны дагуу “21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, худалдуулах”-ыг хориглосныг тооцож, дээрх тоог гаргажээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад 21-ээс дээш насны хоёр сая гаруй хүн бий. Үүний 27 хувь буюу 545 мянга нь тамхи татдаг гэдгийг судалж тогтоосон аж. Гэвч электрон тамхийг 21 нас хүрээгүй өсвөр үеийнхэн ихээр татаж буй. Тэдний тоог нэмбэл тамхины хэрэглээ манай улсад аюулын харанга дэлдэх биз. Гэвч яагаад тамхины хэрэглээг хумих, татварыг нэмэгдүүлэхэд эрх баригчид анхаарал хандуулахгүй өдий хүрэв.
ХЯНАЛТ УЛАМ СУЛАРСААР БАЙНА
Манай улс 2005 оны долоодугаар сарын 1-нд Тамхины хяналтын тухай хуультай болсон. Үүнээс хойш тус хуульд таван удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ тамхины хэрэглээг бууруулах, татварын бодлогыг улам сулруулсаар ирснийг мэргэжилтнүүд хэлж байна. 2012 онд тус хуульд “гар дүрэх”-дээ хяналтыг нэлээд сайжруулсан гэдэг. Тухайлбал, тодорхой газруудад тамхигүй орчин бүрдүүлэх, тамхи сурталчлахыг хориглосон зохицуулалт оруулж өгсөн юм. Түүнчлэн 2015 оны нэмэлт, өөрчлөлтөөр 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, худалдуулах, тамхи худалдах автомат машин ажиллуулах, хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор урамшуулалт худалдаа зохион байгуулах, сугалаа гаргах, зөвшөөрөгдсөн цэгээс бусад газар болон интернэт, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор, мөн баар, цэнгээний газарт тамхи худалдахыг тус тус хориглосон билээ. Гэвч эдгээр заалтыг мөрдөж буй нь хэд бол. Ялангуяа сургуулийн ойр орчимд тамхи худалдсаар. 21 нас хүрээгүй хүүхдэд нууцаар тамхи худалдаж, худалдуулж буй тохиолдол цөөнгүй. Тэр тусмаа бага насны хүүхдүүд хаана, хэнээс электрон тамхи олж авч хэрэглэх болов гэх мэт олон асуулт хариултгүй хэвээр. Хориглосон газруудад тамхи татсаар л байна. Нийтийн тээврийн жолоочоос нь эхлээд эмнэлэг, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газарт тамхи татдаг явдал гарсаар. Үүнийг хэн хянаж, ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй. Тамхины хяналтын тухай хуульд олон удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч байдал төдийлөн дээрдсэнгүй. Хамгийн сүүлд буюу 2023 онд тус хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулсан ч сураг тасраад буй.
ЯНЖУУР УУ, ВЭЙП ҮҮ
Дэлхий дахинд янжуур болон электрон тамхи үйлдвэрлэгч, импортлогчид хоёр тал болж, хоорондоо “дайтаж” буй мэт дүр зураг ажиглагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч үнэн хэрэгтээ аль аль нь эрүүл мэндэд маш хөнөөлтэй, ялангуяа хавдрын өвчлөлийг хэд дахин нэмэгдүүлж буйг олон судалгаагаар тогтоожээ. Хэдэн арван тэрбумаар тоологдох ашгийн төлөө маш том лобби бүлэг үүссэн учраас Монголд тамхины татварыг нэмэх, хэрэглээг бууруулах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна гэж хардах үндэслэлтэй. Тамхины хяналтын тухай хуулийг шинэчлэн найруулахтай холбоотойгоор импортлогч улсууд манайд хямд үнээр тамхи их хэмжээгээр нийлүүлсэн гэх мэдээлэл ч бий. Манай улс утаат тамхины бүтээгдэхүүнд онцгой албан татварыг 2020 оноос шат дараатай нэмэх ёстой байв. Гэтэл тодорхойгүй шалтгаанаар дөрвөн жилийн хугацаанд огт нэмсэнгүй. Нэг хайрцаг тамхинд ногдуулах татварын хэмжээ 836 төгрөг. Энэ нь хөрш орнууд төдийгүй бусад улстай харьцуулахад хамгийн бага татвар. Тодруулбал, Онцгой албан татварын тухай хуулийн дагуу янжуур тамхи болон түүнтэй адилтгах бусад тамхины 100 ширхэг тутамд 4180 буюу нэг хайрцаг янжуурт 836 төгрөгийн татвар ногдуулж байна. Мөн нэг кг дүнсэн тамхи болон түүнтэй адилтгах задгай тамхинд 3130 төгрөгийн татвар оногдуулж буй. 2006 онд нэг иргэнд жилд дунджаар 505 ширхэг янжуур ногдож байсан. Тэгвэл энэ тоо 2019 онд 1487 ширхэг болж, 2.9 дахин өсжээ.
Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харахад манай улс 2022 онд 3.5 тэрбум ширхэг янжуур импортолсон байна. Харин өнгөрсөн оны наймдугаар сарын 10-ны байдлаар 2.2 тэрбум ширхгийг оруулж иржээ. Түүнчлэн 2022 онд 90.3 тн электрон тамхи импортолсон бол өнгөрсөн оны наймдугаар сарын 10-ны байдлаар 71.8 тн-ыг хүлээн авсан байх юм. Мөн улсын хилээр нэвтрүүлж буй электрон тамхины шингэний дээжийг шинжилж үзэхэд хэд хэдэн зөрчил илэрчээ. Жишээлбэл, мансууруулах эмийн нэг төрөл болох каннабисын давирхайн бүрэлдэхүүн болох каннабидиол, сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад хамаарагддаг “Дельта-9-тетрагидроканнабинол” илэрчээ.
Гэтэл хүүхэд, залуус вэйп сонирхож, янжуураас хор багатай хэмээн эндүүрч, эрүүл мэндээрээ хохирч байна. Энэ үзэгдэл цаашид үргэлжилсээр байвал халдварт бус өвчний тархалт газар авахыг эмч, мэргэжилтнүүд анхааруулж буй. 13-15 насны хүүхдүүдийн 14 хувь нь утаат, 3.4 хувь нь цахилгаан тамхи хэрэглэдэг гэх судалгааны дүн бий. Утаат тамхи татахад “дууслаа” гэх дохио тархинд очдог гэнэ. Харин вэйпийг үргэлжлүүлэн татсаар хэдэн ч хайрцаг янжууртай дүйх хэмжээнд хорддог ажээ. Хэтрүүлсэн үед толгой дүүрэх, эргэх, чих шуугих, хөл, эсвэл бие бүхэлдээ сульдах, дотор эвгүйрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Энэ нь цусан дахь никотины хэмжээ ихсэж буйг илтгэх бөгөөд зүрх зогсох хүртэл аюултай. Тиймээс ДЭМБ-аас электрон тамхи болон никотин ялгаруулдаг бусад бүтээгдэхүүний борлуулалтыг хязгаарлахыг зөвлөж буй. Одоогоор вэйпийг 33 улс хоригложээ. Харин манай улсад электрон тамхийг зарж борлуулахтай холбоотой хуулийн ямар нэгэн зохицуулалт алга.
Онцгой албан татварыг нэмэгдүүлж, хатуу хяналт тогтоосоноор хавдар төдийгүй олон өвчнийг бууруулах боломжтойг эмч нар хэлдэг. Өвчлөл ихсэхийн шалтгаан нь архи, тамхины замбараагүй хэрэглээтэй холбоотой гэдгийг олон улсад хэдийн судалж тогтоон, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалан, хорт зуршлыг бууруулахад анхаарч байна.
ТАМХИ ХОРТ ХАВДРААР НАС БАРАХ ЭРСДЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ
Монгол Улсад хорт хавдраар жилд 4800 гаруй хүн амиа алдаж буй. Ирэх жилүүдэд уушги, хөхний хавдар нэмэгдэхийг эмч нар сануулсан. Тухайлбал, ХСҮТ-ийнхөн тамхи хавдарт хэрхэн нөлөөлж буйг олон улсад хийсэн судалгаанд үндэслэн тайлбарласан юм. Тамхи татах нь зонхилох өвчнүүдэд хэрхэн нөлөөлж буйг судлахад хоол боловсруулах замын дээд хэсгийн хорт хавдраар нас барах эрсдэл 42 хувиар өндөр гарчээ. Элэг, цөс, нойр булчирхайн хорт хавдраар эндэх эрсдэл 35, хөхнийх 80, уушгиных 36 хувиар өндөр гарсан байна. АНУ-ын Хойд Каролинагийн их сургуулиас хийсэн судалгаагаар электрон тамхинд агуулагддаг хоёр үндсэн орц болох пропилен гликол болон ургамлын глицерин нь эсэд хортой бөгөөд электрон шингэнд агуулагдах найрлага их байх тусам хоруу чанар нь нэмэгддэг болохыг тогтоожээ. Вэйп нь ацетальдегид, акролейн, формальдегид зэрэг хэд хэдэн аюултай химийн бодис үүсгэдэг аж. Эдгээр нь уушги, зүрх, судасны өвчинд хүргэдэг гэнэ. Үүгээр ч зогсохгүй хогийн ургамлыг устгахад ашигладаг гербицид болох акролейн агуулагддаг бөгөөд энэ нь уушгины цочмог гэмтэл, астма, хорт хавдарт хүргэдэг ажээ.
Манай улсад вирус, нянгийн халдвар, архи, тамхи, амьдралын буруу хэв дадлаас үүдэлтэй хавдар зонхилдог. Үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Буруу дадал хэвшлийг бууруулж, амьдралын чанарыг сайжруулах нь аливаа халдварт бус өвчнөөс сэргийлэхэд тусална. Иймд халдварт бус өвчнийг бууруулах хамгийн шалгарсан арга нь тамхины татварыг нэмэх гэдгийг мэргэжилтнүүд хэлж, сануулж байна. Онцгой албан татварыг нэмэгдүүлж, хатуу хяналт тогтоосноор хавдар төдийгүй олон өвчнийг бууруулах боломжтойг эмч нар хэлдэг. Өвчлөл ихсэхийн шалтгаан нь архи, тамхины замбараагүй хэрэглээтэй холбоотой гэдгийг олон улсад хэдийн судалж тогтоон, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалан, хорт зуршлыг бууруулахад анхаарч байна. Тухайлбал, 2013 онд Англи улсад тамхины хэрэглээ 36 хувьтай байсныг ЭМЯ-наас нь утаат тамхины татварыг огцом нэмснээр дээрх үзүүлэлтийг өдгөө 12 хувьд хүргэжээ. 2030 он гэхэд тамхины хэрэглээг бүр таван хувьд хүргэх гэнэ. Түүнчлэн Австрали улс тамхины хэрэглээг бууруулахаар шат дараатай арга хэмжээ авч, 2020 онд нэг хайрцаг тамхины үнийг 40 австрали долларт хүргэсэн аж. Энэ талаар тус улсад амьдарч буй монгол иргэнээс лавлахад “2023 оны есдүгээр сараас эхлээд жил бүр таван хувиар нэмэгдүүлэх тогтоол гаргажээ. Энэ оны долоодугаар сарын 1-нээс вэйпийг эмчийн бичгээр эмийн сангаас авч байсан. Гэхдээ энэ нь ирэх есдүгээр сарын 30 хүртэл үргэлжлэх юм байна. Энд нэг хайрцаг тамхи монгол мөнгөөр дунджаар 55-66 мянган төгрөг” гэв. Энэ мэтээр дэлхийн олон улс тамхины онцгой татварыг жил бүр нэмэгдүүлж, хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалж байна. Харин манай улс тамхи үйлдвэрлэгч, импортлогч нарын толгойг илж, татвар нэмэхээс зайлсхийсээр эцэстээ хүүхдүүдээ хүртэл уршигт хор хөнөөлд живүүлж дуусах нь.