“Регистрээ хэл” гэх өндөр дуунаар цочсон иргэн чанга гэгч нь дуржигнуулна. “Манай нутгийн хүн байх чинь”, “Төдөн настай юм байна” гэх мэт бодлууд тархинд зурсхийн орж ирэхийг яана. Чихэнд сонсогдоод байгаа тул яалтай билээ. Өнөөх хүний талаар багагүй мэдээлэл цуглуулчхаж байгаа юм. Ийм тохиолдол хаа сайгүй. Ялангуяа эмнэлэг, банк, төрийн байгууллага болон бусад төрлийн бүхий л үйлчилгээ авахад “нэвтрэх код” нь иргэний үнэмлэх дэх регистрийн дугаар болоод удаж байна. Регистрийн дугаар уг нь хүний хувийн нууц мэдээлэл юм.
Гэтэл олон нийтийн дунд асуудаг, тод томруунаар дууддаг, нууц нэртэй ч нууц бус мэдээлэл болж хувирсан. Манай улс хуулиа хэрэгжүүлдэг, дагаж мөрддөг, хянадаг байсан бол ийм зөрчил өдөр бүр гарахгүй байсан биз. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг 2021 онд баталж, 2022 оны тавдугаар сарын 1-нээс орон даяар дагаж мөрдөж буй. Уг хуульд хүний хувийн мэдээллийг нэр томьёоны хувьд олон ангилсан байдаг. Тухайлбал, нэр, албан тушаал, регистрийн дугаар, гэрийн хаяг, боловсролын байдал, ажлын газар зэрэг хүнийг тодорхойлж болохуйц бүх мэдээллийг хувийн нууцад багтааж үздэг. Түүнчлэн хүний эмзэг, биометрик, генетик, эрүүл мэндийн мэдээлэл гэж ангилдаг. Үүний дотроо эмзэг мэдээлэл нь хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн, эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харилцааны талаарх мэдээллийг багтаадаг юм. Регистрийн дугаар нь хүний ерөнхий хувийн мэдээлэлд хамаарч буй. Эрүүл мэндийн болон төр, хувийн хэвшлийн байгууллагууд хүний регистрийн дугаарыг тухайн иргэний зөвшөөрлөөр авч болохыг хуульчид хэлдэг. Гэхдээ эдгээр мэдээлэл хариуцагч буюу хувийн мэдээллийг авч, боловсруулж буй байгууллагууд хуулийн хүрээнд ажиллах ёстойг сануулдаг юм. Өөрөөр хэлбэл, регистрийн дугаарыг мэдээллийн эзний зөвшөөрлөөр, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа, олон улсын гэрээ хэлэлцээрт заасан нөхцөлийн дагуу авахыг зөвшөөрдөг. Түүнээс ямар зорилгоор, хэдий хугацаанд хувийн мэдээллийг нь ашиглахыг мэдэхгүйгээр нууцаа дэлгээд байж болохгүй. Тухайлбал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч буй тохиолдолд ч ямар зорилгоор, хэдий хугацаанд, юунд ашиглах вэ гэдгийг тухайн иргэнд заавал мэдэгдэх ёстой юм байна. Эрүүл мэндийн үзлэгийн карт нээж буй учраас, эсвэл бүртгэл үүсгэхийн тулд таныг тодорхойлох мэдээллийг авч байна гэх зэргээр үйлчлүүлэгчид мэдэгдэх хэрэгтэй. Гэтэл ийм соёл аль ч байгууллагад алга гэхэд хилсдэхгүй. Учир байдлыг тайлбарлахгүйгээр регистрийн дугаар асуудаг, иргэд ч хэлээд өгчихдөг.Хүний хувийн мэдээллийг олон нийтийн дунд, бусдад сонсогдох хэмжээнд чангаар хэлэх нь хууль зөрчсөн үйлдэл гэхээс илүү соёл, ёс зүйн асуудал болохыг хуулийн байгууллагынхан тайлбарлав.
Б.АМАРБАТ: ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ СУЛ БАЙНА
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж буй талаар хуульч, өмгөөлөгч Б.Амарбатаас тодруулсан юм. Тэрбээр “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд мэдээллийн эзэн, хариуцагч, боловсруулагч гэсэн субъектийн эрх, үүргийг зааж зохицуулсан. Гэсэн хэдий ч энэ гурван субъект эрхээ эдэлж чадахгүй, үүргээ биелүүлэхгүй байх, төдийгүй эрхийг нь зөрчсөн тохиолдолд ямар хариу арга хэмжээ авах вэ гэдэг зохицуулалт дутмаг. Зөрчлийн тухай хуульд “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль зөрчих” гэсэн зүйл, заалт бий. Гэхдээ энэ нь хязгаарлагдмал шинж чанартай. Хэрэв мэдээллийн хариуцагч тухайн иргэний хувийн нууцыг анх авсан зорилгоосоо өөрөөр ашиглах, гуравдагч этгээдэд зөвшөөрөлгүй дамжуулсан нөхцөлд зөрчлийн хэрэг нээж, торгуулах заалттай. Хувийн нууцад халдсан, задруулсан тохиолдолд Эрүүгийн хуулиар шийтгэл хүлээнэ. Энэ хоёр нөхцөлд л Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуулиар арга хэмжээ авч, асуудлыг шийдвэрлэж байна. Бусад нөхцөлд яах вэ гэдэгт зохицуулалт алга. Мөн хүн хувийн мэдээллээ устгуулах эрхтэй. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагад мэдээлэл нь шаардлагагүй болсон тохиолдолд устгуулах боломж бий. Хуулиар эрхийг нь олгосон байхад устгаж өгөхгүй бол тухайн байгууллагад нь, эсвэл Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-т гомдол гаргаж болно. ХЭҮК-ыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар ямар нэгэн зөрчлийг шийдвэрлэх эрхтэй субъект гэж заасан. ХЭҮК өөрөө бие даасан хуультай. Тэр хуулиар бол тус комисс ямарваа нэгэн захирамжилсан, шууд хэм хэмжээ тогтоосон, торгууль хүлээлгэх, үйл ажиллагааг нь хаах боломжгүй институц юм. Тэгэхээр иргэний гомдлыг хүлээн авч, холбогдох газарт нь зөвлөмж хүргүүлэхээс хэтрэхгүй гэсэн үг. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа нэг шалтгаан нь эргээд хэм хэмжээг баримтлуулах, эргэх холбоо, хяналт муу байгаатай холбоотой. Бас хүмүүст эл хуулийг таниулах, эрх зүйн соёлд сургах шаардлагатай байна. Хүний хувийн мэдээллийг хамгаалах нь ардчилсан нийгэм, ялангуяа цахим технологи хөгжсөн эрин үед заавал байх ёстой гэсэн соёлыг түгээх нь чухал. Хэдийгээр хүний хувийн мэдээллийг хуульчилсан ч олны дунд регистрийн дугаар асуух, шаардлагагүй мэдээллийг нь цуглуулах, захидал харилцааны нууцад халдах гэх мэт асуудал гарсаар байна” гэв. Мөн тэрбээр торгуулийн мөнгөн дүн бага учраас албан байгууллагууд хүний хувийн мэдээлэлд тоомжиргүй ханддаг гэдгийг тодотгосон юм. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуульд “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль” зөрчсөн тохиолдолд мөнгөн торгууль ногдуулахаар заажээ. Энэ нь бусад орныхтой харьцуулахад, ялангуяа Европын Холбооны улсуудад торгууль өндөр байдгийг Б.Амарбат хуульч онцолсон билээ. Тэрбээр “2018 оны тавдугаар сараас хойш улс орнууд болон байгууллагууд Европын Холбооноос гаргасан GDPR (General data protection regulation) буюу Ерөнхий мэдээлэл хамгаалах журмыг хэрэгжүүлж эхэлсэн. Заавал дагаж мөрдөх шинж чанартай, эл журмыг хэрэгжүүлснээр зөрчил гаргасан компаниудад ногдуулах торгууль их өндөр. Жишээ нь, 20 сая евро, тухайн жилийнх нь цэвэр ашгийн тодорхой хувиар торгохоор заасан байдаг. Тиймээс тухайн бизнесийн байгууллага, хуулийн этгээд их хэмжээний торгуулиас зайлсхийж, хүний хувийн мэдээлэлд маш нухацтай ханддаг. Гэтэл манай улсад тухайн хүний мэдээллийг өөр зорилгоор ашигласан, дамжуулсан зэрэг тохиолдолд дунджаар таван сая орчим төгрөгөөр торгох жишээтэй. Үүнийг томоохон компаниуд төлөхөд асуудалгүй. Тиймээс хүний хувийн нууцад тоомжиргүй ханддаг. Хэдийгээр манай улс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуультай ч зөрчвөл яах вэ гэдэг асуултад бүрэн хариулт өгөхөд төвөгтэй. Зарим тохиолдолд торгуулийн ч арга хэмжээ авах зохицуулалт байхгүй” хэмээн ярьсан юм.
РЕГИСТР БИШ, ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ДУГААРАА ХЭРЭГЛЭЕ
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлсэн буюу 2022 оноос хойш ХЭҮК-т 57 гомдол, мэдээлэл иржээ. Эл гомдол, мэдээллийн дагуу холбогдох газруудад зөвлөмж хүргэсэн аж. Тус хууль нь хэвлэл, мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдэд л халгаатай болохоос бус, хүний хувийн мэдээллийг ихээр нь цуглуулдаг, хадгалдаг, томоохон байгууллага, компаниудад үйлчилдэггүй нь нууц биш. Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хувь иргэн, хуулийн этгээд арга хэмжээ авхуулсан тохиолдол төдийлөн гардаггүй нь мөн л эрх зүйн зохицуулалттай холбоотойг хуульчид хэлэх юм билээ. Иргэдээс ирж буй гомдлын дийлэнх нь томоохон сүлжээ дэлгүүр, үйлчилгээний байгууллагууд урамшууллын карт нэрийн доор мэдээлэл цуглуулж буйтай холбоотой аж. Тухайлбал, “Номин”, “И-Март”, “Шангри-Ла” зэрэг үйлчилгээний газар урамшууллын карт олгодог. Ингэхдээ иргэдээс шаардлагагүй олон мэдээлэл авдаг гэнэ. Үйлчлүүлэгчийн карт олгоход гэр бүлийн байдал гэх мэт асуулт хэрэггүй. Иргэд хувийн нууцаа хэнд хэлэх, ямар учир шалтгааны улмаас өгч буй гэдгээ мэддэг бол мэдээллийн аюулгүй байдлаа хангаж чадах юм.
Мөн манай улсад хамгийн ихээр задардаг, хүний хувийн нууцтай холбоотой асуудал нь дүрс бичлэг. Хуулиар дуу, дүрсний бичлэг хийх эрх олгосон ч хориглох газар, тохиолдлыг заасан байдаг. Томоохон өдөрлөг зохион байгуулж буй газрууд үүд, зааландаа хяналтын камер байршуулах, эсэхэд ч тодорхой шаардлага бий. Дуу, дүрсний бичлэг хийх, төхөөрөмж байршуулах журмыг зөрчсөн явдал цөөнгүй гардгийг цагдаагийн байгууллагаас мэдээлдэг юм. Тиймээс зөрчил гаргахаас сэргийлж, үйл ажиллагаагаа зохион байгуулахдаа Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуультай нийцүүлэх нь чухал болохыг хуульчид зөвлөлөө. Энэ талаарх зөвлөгөө, мэдээллийг компаниуд олноор авах болсон гэнэ. Өөрөөр хэлбэл, хүний хувийн мэдээллийг цуглуулж, хадгалахад хууль, журмаар ямар үүрэг хүлээхийг урьдчилан сануулдаг аж.
Фейсбүүкт нь зөвшөөрөлгүй нэвтэрч, бусад руу чат бичсэн, захидал харилцааны нууц буюу цахим шуудан, мессежийг нь олон нийтэд дэлгэсэн зэрэг тохиолдлоор иргэд өмгөөлөгчид хандах нь цөөнгүй гэнэ. Энэ нь гэр бүл, найз нөхдийн дунд төдийгүй залилангийн шинжтэй үйлдэгдэж буй аж. Үүнээс үзэхэд мэдээллийн аюулгүй байдлыг хуулиар бүрэн хамгаалах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, хувь хүн, байгууллага өөрийн нууц мэдээллийг хамгаалах үүрэгтэй. Жишээ нь, гар утасныхаа нууц үгийг хэн ч мэдэхээр тохируулж болохгүй. Утасны дугаар, төрсөн өдөр, сар, хүний нэр зэрэг нууц үгтэй байх нь сул хамгаалалт гэдгийг мэргэжлийнхэн сануулдаг. Зорилгоо тодорхой тайлбарлаж чадахгүй бол регистрийн дугаараа өгөхгүй байх эрх нь хүн бүрд бий. Үүний зэрэгцээ бусдын мэдээлэлд ч хүндэтгэлтэй хандах соёлд суралцах цаг иржээ. Хувийн мэдээллийг тань дамжуулж, компаниуд мөнгө олж, зар сурталчилгаа хийж, “ашиглаж” буйг анхаарах шаардлагатайг хуульчид сануулж байна. Гэр, ажил, олон нийтийн дунд “хэн” байхыг хувийн мэдээллээр нь тодорхойлдог гэдэг. Тиймээс мэдээлэлдээ хянамгай, харам байхгүй бол хэн нэгний “урхинд” орж болзошгүй нь.
Баруун Европын болон хөгжингүй орнуудад хувь, бие хүний эрхийг илүүтэй хангадаг билээ. Хүний амин эрхийг хүүхдүүдэд багаас нь ойлгуулж төлөвшүүлдэг. Хүүхэд бүр хувийн орон зайтай. Гэтэл манайхан хүүхдийн орон зайд халдаж, гар утасны мэдээлэл, тэмдэглэлийн дэвтрийг нь хүртэл зөвшөөрөлгүй унших явдал бий. Энэ нь хүний хувийн нууцад халдсан үйлдэл гэдгийг ч ойлгодоггүй. Нөгөө талаас бусад улс орнуудад торгуулийн арга хэмжээ нь өндөр учраас хувийн мэдээллийг хамгаалахаас өөр аргагүйд хүрдэг аж.
Сүүлийн жилүүдэд манай улс мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор регистрийн бус, иргэний бүртгэлийн дугаарыг ашиглахыг уриалах болсон. Гэвч иргэний бүртгэлийн дугаараа мэддэг хүн цөөн, үүгээр үйлчилдэг байгууллага ч хуруу дарам байна. Иргэний үнэмлэх дээрх QR кодыг уншуулахад гарч ирдэг, 12 оронтой дугаарыг ашиглах нь олон давуу талтай. Тухайлбал, тэдгээр цифр нь давхардахгүй учраас бусдад ямар нэгэн мэдээлэл дамжуулахгүй юм. Наад зах нь хаана, хэдэн он, хэддүгээр сард төрсөн, нэмээд хүйсийн мэдээллээ хүртэл нууцалчихна. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг сурталчлах, таниулах үүрэгтэй Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон ХЭҮК-ынхон үүнд анхаарал хандуулах шаардлагатай байна. Иргэний бүртгэлийн дугаарыг ашиглах, хэрэглээнд нэвтрүүлэх, хэвшүүлэх нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах нэг арга юм. Түүнээс регистрийн дугаарыг асууж, бүх хүнд дуулдахаар хашхирах нь байж болшгүй бүдүүлэг үйлдэл.