- 20 минутын байтугай хоёр цагийн хот болох ч найдвар алга -
“Түгжрэл”-ийн шинэхэн сайд Р.Эрдэнэбүрэнгийн шийдэл хэтэрхий хуучин байлаа. Хичээлийн шинэ жил эхлэхээр тартагтаа тулдаг замын ачааллыг бууруулах, тэг зогсохоос сэргийлэхийн тулд нийслэлд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор нь ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийх чиглэлийг тэрбээр нийслэлийн Засаг даргад уржигдар өгсөн юм. Өнөөх л дугаарын хязгаарлалтыг сайд Р.Эрдэнэбүрэн ч “өвлөн авсан” нь энэ. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн иргэдийнхээ зорчих эрхийг хязгаарлах замаар тэг зогсолтоос сэргийлдэг нь Улаанбаатарт бараг л уламжлалт арга хэмжээ, нийслэлийн Засаг дарга, “түгжрэл”-ийн сайдын нэрийн хуудас болсон шийдвэр л дээ.
Дугаарын хязгаарлалт хийхээр болсон үндэслэлээ сайд Р.Эрдэнэбүрэн “Есдүгээр сард нийслэлд замын нөхцөл маш хүнд байх төлөвтэй. Зам засварын ажлууд хийнэ. Нийслэлийн замын бараг 70 хувьд засвар хийхээр төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор олон газарт зам хаана. Мөн дээд хэмжээний айлчлалууд болох юм. Тиймээс иргэдээс санал асуулга авсны дараа дугаараар хязгаарлах, эсэхийг шийднэ” гэв. Бас “Энэ жил хамгийн сүүлийн удаа дугаарын хязгаарлалт хийх болно” хэмээн “зөгнөв”.
“Түгжрэл”-ийн сайд Ж.Сүхбаатар ч өнгөрсөн онд яг түүн шиг “Дараа жилээс дугаарын хязгаарлалт мэтийн хориглох арга хэмжээ авахгүй” хэмээн амлаж байсныг сануулъя. Гэвч уг амлалт биелсэнгүй, дарга нар дахиад л дугаарын хязгаарлалтаа ярьсаар байна. Харин иргэд ийм хязгаарлалтын арга хэмжээ үр дүнгүйг сануулсаар байгаа. Тухайлбал, дугаарын хязгаарлалт хийх, эсэхийг шийдэх санал асуулгад оролцогчдын 57 хувь нь өчигдрийн байдлаар үүнийг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.
ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГААР ГАРЧ ИРЭВ
“Түгжрэл”-ийн гурав дахь сайдаар Р.Эрдэнэбүрэн “ирээд” хоёр сар орчмын хугацаа өнгөрч байна. Манай улс “түгжрэл”-ийн сайдтай болсон нь саяхны л үйл явдал. Тодруулбал, 2022 оны наймдугаар сарын 30-нд Монгол Улс анх удаа хот, тэр дундаа түгжрэлийн асуудал хариуцсан сайдтай болов. Албан ёсны нэр нь Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга. Ийм “түүхэн” сайдаар анх Ж.Сүхбаатар томилогдсон ч ногоон автобусны гэх хэрэгтэй холбоотойгоор жил гаруйн дараа ажлаа хүлээлгэн өгч байв. Түүний дараа Б.Дэлгэрсайхан сайдын үүргийг есөн сар орчмын хугацаанд гүйцэтгэсэн нэртэй боловч ажил хийх нь битгий хэл, нийслэлийн иргэдэд бараагаа ч харуулаагүй тул олон нийт түүнийг “эрэн сурвалжлахад” хүрсэн билээ. Ерөөсөө тэрбээр хотод бус, хөдөө, тойрогтоо л ажилласаар УИХ-ын ээлжит сонгуультай золгосон. Хачирхалтай нь, хүлээсэн үүргээ дорвитой гүйцэтгэж чадаагүй тэрбээр шинээр байгуулсан хамтарсан Засгийн газрын Зам, тээврийн сайдаар “дэвшин” ажиллаж буй билээ. Гурав дахь сайд Р.Эрдэнэбүрэнгийн хувьд томилогдсоноосоо хойших хугацаанд таг чиг байсны эцэст цаг үеийн шаардлагаар саяхнаас л ил гарав.
Үндэсний хороо, сайдын “түгжрэл”-ийн хэмээх тодотгол нь “20 минутын хот” гэх сүржин нэртэй болж өөрчлөгдсөнөөс бус, ахиц дэвшил ер гараагүйг хичээлийн шинэ жил дөнгөж эхлээд буй энэ үеийн түгжрэл, иргэдийн бухимдал, стресс хангалттай гэрчлэх болов уу. Өмнөх хоёр сайд хийж гийгүүлсэн зүйлгүй байсаар “буцсан” тул түгжрэл бүр ч ужгирч, илүү хүнд нөхцөлтэйгөөр шинэ сайдыг угтан авч байна. “Гэрээсээ гарахаас айх юм”, “Түгжрэлд хамаг цагаа барлаа. Хийж бүтээх, хөгжих хугацаа минь зам дээр дэмий урсаад байна” гэх мэтээр иргэд бухимдсаар буй. Харамсалтай нь, “түгжрэл”-ийн шинэ сайдад бодит шийдэл, бодлого алга.
МАН-ЫН “БЭЛЭГ”
Р.Эрдэнэбүрэн 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр, дараа нь Барилга, хот байгуулалтын болон Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан туршлагатай. Гурван намын хамтарсан Засгийн газрын 23 сайдын найм нь АН-д ногдсоны нэг нь Р.Эрдэнэбүрэн. Сайд нарын хуваарилалт “шог” болж, хамаг л хүнд, ужгирсан, шийдэхэд хэцүү салбаруудыг МАН нөгөө хоёр намдаа өгсөн нь хэнд ч ойлгомжтой байгаа. Яг ийм маягаар АН-д, тэр дундаа Р.Эрдэнэбүрэнд ирсэн “бэлэг” бол Улаанбаатарын замын түгжрэл. Энэ зүгээр ч нэг “бэлэг” бус, “20 минутын хот болно” гэсэн маш том амбиц дагуулж яваа.
“20 минутын хот” гээч нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тодорхойлсноор бол иргэд нийгмийн бүх үйлчилгээг 20 минутын дотор авч чадах орчин нөхцөлийг бүрдүүлэх аж. Үүний хүрээнд Бага тойрууд төвлөрсөн эрх мэдлийг задалж, Засгийн газрын харьяа байгууллагуудыг Хөшигийн хөндийд шилжүүлэн байршуулахаар мөрөөдөж буй. Бас Бага тойруу болон Хөшигийн хөндийг дүүжин гүүр, туннелээр шууд холбоно гэж байгаа. Ингэснээр 20 минутын дотор төв талбайн Чингисийн хөшөөнөөс “Чингис хаан” нисэх онгоцны буудалд шууд очдог болох юм гэсэн. “Энэхүү холбоос гүүрийг “GoMongo¬lia” буюу “Өөдлөн тэмүүлэх Монгол” хэмээн нэрлэнэ” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар танилцуулж байв.
Харамсалтай нь, түгжрэлд дарлуулсан Улаанбаатарын иргэд хэчнээн өөдрөг байлаа ч Ерөнхий сайдын танилцуулсан “20 минутын хот болно” гэдэг уянгын халилыг биелнэ гэж итгэх хүртлээ “гэгээрээгүй”. Учир нь бодит байдал дарга нарын мөрөөдлөөс хэтэрхий алс буюу Улаанбаатарыг 20 минутын байтугай хоёр цагийн хот болгох ч найдвар алга. Нөгөөтээгүүр, Яармагийн нүхэн гарцыг барих гэж гурав, Дархан-Уулын 200 гаруй км замыг тавих гэж найман жил зарцуулсан МАН-ынхан дээр дурдсан бүтээн байгуулалтыг хийчхэж чадна гэх найдлага иргэдэд төрөхгүй байгаа юм.
116.2 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР “ЦААС” ҮЙЛДВЭРЛЭХ ҮҮ
Засгийн газрын 2022 оны есдүгээр сарын 14-ний хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрмийг баталж байв. Тухайн үед сайдын ажлын албаны орон тооны хязгаарыг дээд тал нь зургаа байхаар тогтоосон. Мөн Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо нь “Хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангахад чиглэсэн төвлөрлийг сааруулах, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэхэд Монгол Улсын сайдад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй” гэж дүрэмд нь заасан юм. Мөн “Хорооны ээлжит хуралдааныг хоёр сар тутамд хийнэ. Шаардлагатай тохиолдолд Монгол Улсын сайдын санаачилгаар ээлжит бус хуралдааныг хуралдуулж болно” гэж тусгаж байлаа. Энэ бол Ж.Сүхбаатар, Б.Дэлгэрсайхан нар сайдаар ажиллаж байх үеийн дүрэм.
Тэгвэл энэ удаад Засгийн газар өнгөрсөн долоодугаар сарын 24-ний тогтоолоороо “20 минутын хот” үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрэм, сайдын ажлын албаны орон тооны хязгаарыг баталсан. Уг тогтоолоор сайдын ажлын албаны орон тоог 15 болгож нэмсэн байна. Мөн хорооны дүрмийг “Үндэсний хороо нь хотын хэт төвлөрлийг сааруулах, нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах, хүнд ээлтэй шинэ орчин нөхцөлийг бүрдүүлэх бодлого, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлын эсрэг нэгдсэн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” хэмээн өөрчилжээ.
Түүнчлэн сайдын энэ жилийн төсвийг 116.2 тэрбум төгрөгөөр батлаад байгаа. Тодруулбал, 2024 оны улсын төсвийг тодотгохдоо “түгжрэл”-ийн сайдад ийм хэмжээний төсөв хуваарилсан юм. “20 минутын хот болох” мөрөөдлийнхөө хүрээнд төлөвлөсөн зарим ажлын зураг төсөл, ТЭЗҮ зэргийг боловсруулахад дээрх төсвийг зарцуулах талаар сайд Р.Эрдэнэбүрэн дурдаж байсан. Өөрөөр хэлбэл, хэрэгжүүлэх, эсэх нь тодорхойгүй “цааснууд”-ыг татвар төлөгчдийн мөнгөөр “үйлдвэрлэнэ” гэсэн үг.
“ТҮГЖРЭЛ”-ИЙН САЙД ХЭРЭГГҮЙ
Нийслэлийн Засаг даргаар Д.Сумъяабазар, хот хариуцсан сайдаар Ж.Сүхбаатар нар хоршин ажиллаж байсан цаг саяхан. Гэхдээ тэд гар нийлэн ажиллалаа гээд түгжрэл буураагүй. Харин ч асуудлыг нэг нэгэн рүүгээ түлхэх далим, шалтаг, шалтгаан, хариуцлагаас бултах арга болсон талтай. Ийм нөхцөл байдал өдгөө ч давтагдах төлөвтэй байна. Жишээ нь, түгжрэлийг яаж бууруулах вэ гэхээр сайд Р.Эрдэнэбүрэн Засгийн газрын биелшгүй мөрөөдлүүдийг дурдаад, “Улаанбаатарын төвлөрлийг задлах нь хамгийн чухал. Задлахын тулд хэд хэдэн төсөл хэрэгжүүлнэ” гэж олны амыг таглачхаад байгаа. Харин нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын тухайд “Зам засаад ч түгжрэл буурахгүй байна” гэж гоншигнох болсон. Бас иргэдийг автобусаар зорч, нэг машинд бөөнөөрөө суугаад яв гэж хүч түрэх маягтай байна. Тэрбээр уржигдар “Бид автобус нэмээд гаргаж болно. 2000-д ч хүргэх боломжтой. Гэхдээ зам түгжрэлтэй байхад автобус яаж явах юм бэ. Зам засаад ч түгжрэл арилахгүй байна. Бид энэ жил хотын ихэнх замыг засаад дуусаж байгаа” гэж мэдээлсэн.
Товчхондоо, хоёр “толгой” байгаад ч Улаанбаатарын түгжрэлийг бууруулж чадахгүйг нийслэлчүүд өнгөрсөн хугацаанд харлаа, мэдэрлээ. Бас цаашид нөхцөл байдал өөрчлөгдөнө гэх найдлага сайдын, бас нийслэлийн Засаг даргын аль алиных нь үг, үйлдлээс харагдахгүй байна. Сайд ажиллалаа гээд түгжрэл буураагүй, иргэдийн амьдралын чанар сайжраагүй тул татвар төлөгчдийн мөнгийг хэмнэж, нуруун дээрх ачааг нь хөнгөлбөл яасан юм бэ. Нийслэлийн ЗДТГ, харьяа газар, агентлагууд гэсэн маш том бүтэц байсаар атал бас нэг сайд ажиллуулж, татвар төлөгчдийн мөнгийг дэмий урсгах шаардлагагүй. Тэгээд ч иргэд түгжрэлийг өөрсдийнхөөрөө л даван туулж, аж амьдралаа зохицуулж буйгаас биш, сайд, дарга нар өчүүхэн ч нэмэр болохгүй байгаа шүү.