Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаны агаарын чанарын асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Ч.Мягмардоржтой ярилцлаа. Агаарын бохирдол бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг түүнээс тодруулсан юм.
-Утааг бууруулахын тулд манай улсад олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэвч тэдгээр нь төдийлөн үр дүнд хүрээгүй учраас бид өвлийн турш хортой агаараар амьсгалж, эрүүл мэндээрээ хохирдог шүү дээ. Утаа бидний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж байна вэ?
-Монгол Улс агаарын бохирдлоороо дэлхийд толгой цохиж байгаа. Мөн тоос тоосонцрыг ч энд дурдах хэрэгтэй. Өвлийн улиралд утаанаас ялгарах химийн бодист хорддог. Зун химийн бохирдол нь тоосонцортой холилдож агаарт дэгддэг. Тоосонцроор удаан хугацаанд амьсгалах нь уушги, зүрхний өвчлөлийн суурь шалтгааны нэг болж байна. Зүрхний өвчтэй хүн тоос тоосонцортой орчинтой удаан амьдарснаар цээжээр хөндүүрлэх, чичрэх, амьсгал давхцах, сульдах, зүрхний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
-Агаарын бохирдол нь голчлон ямар эрхтэнд хор уршиг учруулдаг юм бол?
-Өвчин үүсэх суурь шалтгааны нэг нь агаарын бохирдол болдог л доо. Тухайлбал, уушгины, тархины хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг. Гадаад болон дотоод орчны агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг таван төрлийн өвчний улмаас нас барах тохиолдлоор тодорхойлдог. Тухайлбал, 0-5 насныхны амьсгалын замын цочмог халдварт өвчлөл, 25-аас дээш насныхны цусны даралт ихсэх, зүрхний шигдээс, уушгины архаг бөглөрөлт, уушгины хавдар гэсэн таван төрлийн өвчний улмаас нас барах шалтгааны нэг нь агаарын бохирдол. Түүнээс биш “Гадаа утаатай харагдаж байна” гэж хэмжихгүй шүү дээ. Агаарын чанарын индексийг Улаанбаатар дахь 19 харуулын цэгээр хэмждэг. Агаарын чанарын индекс болон дээр дурдсан өвчлөлийн эл шалтгаанаар нас баралтын хамаарлыг судалж тогтоодог.
-Бохирдуулагч бодис нь дотор эрхэнд нөлөөлдөг гэж ярьдаг. Гадаад үзэмжинд ямар нөлөөтэйг тэр бүр ярьдаггүй шүү дээ. Агаарын бохирдол нь үс, хумс, арьс зэрэгт сөрөг нөлөөтэй гэж сонссон.
-Агаар бохирдуулагч элементийг хамгийн эхэнд хүлээж авч байгаа эрхтэн нь арьс юм. Хүн арьсаараа амьсгалдаг гэдэг. Нөгөөтээгүүр, арьс гуужиж, хүний биеийг хамгаалах үйл ажиллагаа ч явуулдаг. Гэтэл бохирдуулагч бодис арьсанд нэвтэрч ороод хамгаалах үйл явцыг нь алдагдуулдаг. Нүүрний арьсанд батга ихээр гараад байгаа нь агаарын бохирдолтой шууд хамааралтай. Арьсан дахь нөсөө толбоор дамжин химийн бодис тэнд “үүрлэдэг”. Ямар бодис “үүрлэснээс” хамаараад хариу урвал нь ялгаатай. Жишээлбэл, химийн бодис арьсаар дамжиж биед орсноор тууралт, харшил зэрэг өвчний эх үүсвэр нь болсон байдаг. Аливаа өвчин нь олон хүчин зүйлийн нөлөөгөөр бий болно. Иймд зөвхөн агаарын бохирдол яаж нөлөөлөв гэдгийг тусгайлан судлах боломжгүй л дээ. БНХАУ-ын судлаачид экзем, арьсны улайлт нь агаарын бохирдлоос хамааралтайгаар үүсэж буйг тогтоосон. Мөн агаарын бохирдолтой бүсэд амьдарч байгаа иргэдийн арьс орон нутгийнхнаас нүхжилт ихтэй, үрчлээтэй байна гэсэн судалгааг Германы эрдэмтэд гаргажээ.
-Агаарын бохирдол нь олон өвчний суурь шалтгаан болдог гэлээ. Үүний нөлөө хэр хугацааны дараа ажиглагдаж эхэлдэг вэ?
-Бохирдуулагч бодис нь өөр өөрийн онцлогтой. Монгол оронд 6-7 төрлийн бохирдуулагчийг л хэмжиж байна. Агаарын бохирдол нь азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, дэгдэмхий органик нэгдлийг агуулдаг. Дэгдэмхий органик нэгдлийн биед үйлчлэх хугацаа хурдан, хор хөнөөлтэй. Үндсэн 6-7 төрлийн бодисоор амьсгаллаа гэхэд шууд хариу үйлдэл нь илэрдэггүйгээс хүмүүс тэр бүр ач холбогдол өгдөггүй. Гэтэл урт хугацааны дараа архагшиж, өвчлөл нь хүндэрсэн үед л мэдэгддэг. Эдгээрээр амьсгалснаараа хорт хавдар тусаад байна гэвэл өрөөсгөл ойлголт. Бохирдолтой агаар нь өвчлөх суурь нөхцөлийг нь бүрдүүлж өгөөд байгаа юм.
-Суурин газар болон орон нутагт амьдардаг иргэдийн дунд агаарын бохирдолтой холбоотойгоор эрүүл мэндийн хувьд ялгаа хэр ажиглагддаг бол?
-Цэвэр агаарт амьдардаг, эсвэл гэртээ агаар цэвэршүүлэгчтэй жирэмсэн эх болон агаарын бохирдолтой бүсэд амны хаалт хэрэглэхгүй амьдарч байгаа давхар биетэй эмэгтэйг харьцуулж л дээ. Ингэхэд ургийн өсөлт нь ялгаатай байсан. Цэвэр агаарт амьдарч байсан эмэгтэйгийн хүүхдийн жин агаарын бохирдолтой бүс дэх эхийнхээс 150 гр-аар бага төржээ. Үүгээрээ агаарын бохирдол урагт тодорхой хэмжээнд нөлөөлж буйг тогтоосон. Түүнээс биш шууд нөлөөтэй гэж хэлж болохгүй. Учир нь хувь хүний амьдралын хэв маягаас хамаараад ялгаатай үр дүн гарч болно шүү дээ.
Говь-Алтай аймагт 0-5 настай хүүхэд уушгины хатгалгаагаар өвчлөхөд агаарын бохирдол ямар нөлөө үзүүлж буйг судалж үзсэн. Агаар бохирдол хамгийн ихтэй үе буюу арванхоёрдугаар сард эл өвчний улмаас хүүхдүүд эрүүл мэндийн байгууллагад хандах нь элбэг. 6-7 дугаар сард уг өвчнөөр өвдөх нь маш цөөн. Өвчнөө эмчлүүлээд буцаад л агаарын бохирдол ихтэй газарт амьдрахаар өвчин үүсгэгч вирус улам л хувьсаж, шинэчлэгдэнэ.
-Хүүхдүүдээ агаарын бохирдлоос түр ч атугай холдуулъя гээд зуны улиралд орон нутаг руу явуулах нь түгээмэл. Ингэж хөдөө хэд хоног ч болтугай байлгах нь үр дүнтэй арга гэж үү?
-Үр дүнтэй арга мөн. Бага насны хүүхэд, жирэмсэн эх, ахмад настнууд боломжтой бол орон нутгийг зорьж, бохирдол багатай агаараар амьсгалах хэрэгтэй. Улаанбаатар хотын агаар өвөл, зун ялгаагүй л бохирдолтой байдаг. Түүнчлэн өвөл маш их хэмжээний химийн бодис агаарт дэгддэг. Химийн бодисууд нь хур тунадастай холилдож хөрсөнд буудаг. Хавар цас, мөс хайлж, хуурайшихаар тоос тоосонцортой хүнд металлууд, химийн бодистой холилдож амьсгалын эрхтнүүдэд “хүрдэг”. Мөн шилэн фасадтай барилгууд нарны гэрлийг шууд ойлгодог. Ингэснээрээ озоны ялгаралтад ихээр нөлөөлдөг. Озон нь байгальд байх ёстой ч хүлцэх хэмжээнээсээ хэтэрч болохгүй. Салхины нөлөөгөөр агаар байнга сэлгэлт хийж байдаг. Гэтэл хур тунадас орох үед агаарын урсгал багасаж, бараг л “тэг зогсолт” болно. Энэ үед хөрсөн дээр буух бохирдлын хэмжээ хоёр дахин нэмэгддэг.
-“Хур тунадас орж байгаа үед заавал малгай өмсөх хэрэгтэй. Агаарт агуулагдаж байсан химийн бодис цастай холилдож, үсэн дээр бууснаар халцрахад хүргэдэг” гэж мэргэжилтнүүд анхааруулдаг нь ийм учиртай байх нь ээ.
-Арьснаас гадна агаарын бохирдолд хамгийн ихээр өртөх магадлалтай нь үс л дээ. Үсэн дээр бохирдуулагчид бууснаар хуурайшуулна, гэмтээнэ. Мөн халзрахад ч хүргэнэ. Агаар дахь химийн хортой бодис хуйхаар дамжиж нэвчсэнээр тархины цусан хангамж муудаж, ой санамжаа алдахад ч нөлөөлнө. Үүний дүнд ажлын бүтээмж буурч, стресстэж эхэлдэг. Хүнийг оюуны хомсдолд хүргэх эрсдэлтэй хүнд металл бол хар тугалга юм. Хар тугалга нь бага тунгаар хэрэглэхэд ямар ч нөлөөгүй боловч сөрөг үр дагавар нь урт хугацаанд илэрдэг. Их тунгаар хэрэглэвэл цочмог хордлогоор өвдөнө. Ойрын жишээ гэвэл сургууль, цэцэрлэгүүд урсгал засвараа хийсний дараа будаг нь ханхалсан ангид хүүхдүүд суралцдаг. Энэ нь маш буруу. Будагнаас хар тугалга ялгарч, хүүхдийн оюун ухаанд нөлөөлдөг гэж үздэг. Дан ганц хар тугалга бус, олон төрлийн химийн бодис тэнд бий. Мөн будаг шингэлэгч, үсний бэхжүүлэгч лак, үнэртэй ус, хумсны будгийг бага хэмжээгээр үнэртэхэд таашаал болдог. Их хэмжээгээр үнэрлэхэд толгой эргэж, дотор муухайрч, хордлогын шинж илэрдэг. Гэтэл энэ үнэрийг үүсгэж байгаа бодис нь бидний хамраар байнга орж байдаг. Хотжилтын тулгамддаг асуудлын нэг нь л энэ. Өндөр хөгжилтэй орнууд ч ийм замыг туулсан.
Тэдний туршлагаас харахад “бөмбөг тэсрэх” гэж бий. Энэ үзэгдэл манай улсад үүсэхэд ч ойртсон гэж үздэг. Хамгийн том жишээг Лондоны сүйрэл гэж үздэг. 1952 оны арванхоёрдугаар сарын 5-9-нд Англид огцом хүйтэрчээ. Хэт хүйтэрсэн болохоор хүмүүс энгийн үеийнхээсээ хэд дахин их нүүрс түлсэн. Тавхан хоногийн дотор хорт бодис агуулсан өтгөн манан Лондоныг бүрхжээ. Үүний уршгаар хоногт 4-5 мянган хүн угаартаж нас барсан. Тэр үед нь л хариу арга хэмжээ авахгүй бол “цөмийн хядлага” болж хувирахыг тус улсынхан ойлгожээ. БНСУ-д ийм асуудал тулгарч байлаа. Тэдний давж гарсан арга нь цахилгааны станцуудаа суурин бүсүүдээс гаргаж, нүүрс хэрэглэхийг хориглосон явдал юм. Монголд ядаж л түүхий нүүрс хэрэглэхээ больж, сайжруулсан түлш хэрэглэж байна. Уг түлшийг цаашид яаж илүү сайжруулахаа л бид ярих хэрэгтэй. Түүхий нүүрсний гаднах “хир”-ийг угаасан хувилбар нь л сайжруулсан түлш. Тэрхүү “хир” нь тоосонцор болж бидний нүдэнд харагддаг байв. Түүхий нүүрсний утаанд угаартсан үед хоолой хорсох шинж тэмдэг илэрдэг байсан. Тэгвэл “хир”-ийг нь угааснаар эдгээр шинж тэмдэг илрэхээ больсон. Гэхдээ угаарын хий нь агуулагдсан хэвээрээ. Энэ хий нь үнэр, амтгүй учраас угаартаж байгаагаа хүн өөрөө ч мэдэхгүй. “Тавантолгой түлш” компанийнхан ийм эрсдэл байгааг судлаад, айл бүрд угаарын хий мэдрэгч төхөөрөмж үнэгүй олгосон. Угаарын хийн хордлого 2023 онд өнгөрсөн таван жилийнхээ нийлбэр үзүүлэлттэй дүйцэхүйц болж дээд хэмжээндээ хүрлээ.
-Орчны бохирдол хөгшрөлтөд хэр нөлөөлдөг бол?
-Тухайн хүн сэтгэл зүйгээ тайван байлгаж, эрүүл зөв хооллоод байвал хөгшрөлтийг удаашруулна. Улаанбаатарчуудын ихэнх нь нойрны асуудалтай. Үүнд агаар, ус, дуу чимээний бохирдол нөлөөлдөг. Шуугианы бохирдол нь хотжилтыг дагаж үүсдэг зүйлсийн нэг. Эргэн тойрон дахь шуугианыг хүмүүс төдийлөн анзаардаггүй ч мэдрэлийн ядаргаанд орж л байдаг. Үүнээс улбаалан нойргүйдэлтэй болж, ажлын бүтээмж буурдаг.
-Дээр дурдсан асуудлуудаас сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авч болох вэ?
-Хувь хүн дадал зуршлаа өөрчлөх хэрэгтэй. Мөн биднээс шалтгаалахгүй зүйл гэж бий. Үүнийг төр засгаас бодлогоор шийдвэрлэх нь зүйтэй. Үйлдвэрүүдийг хотоос гаргаж, автомашины татварыг нэмж, тоог цөөлөх нь чухал болжээ. Иргэн, төр засаг адилхан хичээж байж үр дүнд хүрнэ. Наад зах нь төрийн зүгээс хоёрдогч түүхий эд хүлээн авдаг цэгүүдийг байршуулах хэрэгтэй болж байна. Иргэд нь хогоо ангилж хаядаг болно. Ингээд улс орон хөгжих боломж бүрдэж эхэлнэ. Гэтэл өнөөгийн бодит байдал нь ихэнх газарт гурван төрлийн хогийн сав бий. Түүнийг ачдаг тээврийн хэрэгсэл нь нэг учраас ачихдаа бүх хогийг нь нийлүүлчихдэг. Монголчуудын хамгийн том алдаа юу ч харагдсан шатаачихдаг нь юм. Хогоо шатаасны улмаас агаарт микро түвшинд хорт бодис хуримтлагдсаар байгаа.
-Бохирдуулагч бодис нь биеийн ил хэсэгт буудаг гэсэн шүү дээ. Үүнийг дотор эрхтэнд нэвчихээс нь өмнө арилгаж болох уу. Усаар угаагаад арилах уу?
-Нарны хэт ягаан туяа болон агаарын бохирдол нь арьсны гэмтлийг ихээхэн нэмэгдүүлдэг. Нарны хэт ягаан туяа, дизель түлшний утаанаас үүссэн бохируулагч нь арьсанд нөсөө үүсгэж, хөгшрөлтийг хурдасгагч хүчин зүйл болдог. Үүнийг Дюссельдорф хотын судалгааны багийхан тодорхойлжээ. Иймд арьсаа сайн цэвэрлэж, нарны тос түрхэж орчны бохирдлоос хамгаалах хэрэгтэй. Арьснаас гадна үс, хумсаа ч цэвэрлэх хэрэгтэй. Мөн хувцас хиргүй харагдаж байгаа ч тодорхой хэмжээнд тоосонцор агуулж байдаг. Тиймээс гэртээ орж ирэхийн өмнө гадуур хувцсаа гөвөөд, уутанд хийж битүүмжлэх нь зүйтэй.
А.Тэмүүлэн