ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр ирэх сарын 1-нд тохионо. Үүнтэй холбоотойгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн өчигдөр мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд энэ он гарснаас хойш бэлгийн замаар дамжих халдварт өвчний 9208 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 570-аар нэмэгдсэн үзүүлэлт аж. Энэ төрлийн халдварт өвчний 47.7 хувийг тэмбүү, 32.5 хувийг заг хүйтэн, 19.6 хувийг трихомониаз, 0.2 хувийг ХДХВ/ДОХ эзэлж байна.
Манай улсад 1992 оноос одоо хүртэл ХДХВ-ний нийт 388 тохиолдол бүртгэгдэж, уг халдварын улмаас 66 хүн нас баржээ. ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдлын 99.7 хувь нь бэлгийн замаар дамжин халдварласан байна. Эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол манайд бүртгэгдээгүй. Өнгөрсөн хугацаанд ХДХВ/ДОХ-той 20 эмэгтэй амаржиж, эрүүл саруул хүүхэд төрүүлсэн аж. Өвчилсөн хүмүүсийн 84.5 хувь нь эрэгтэй, бусад нь эмэгтэй гэнэ. ХДХВ-ний тархалтын барагцааллын тооцооллыг ХӨСҮТ-ийнхөн гаргадаг. Уг тооцооллоор бол манай улсад энэ оны байдлаар ХДХВ-ний халдвартай нийт 667 хүн байх магадлалтай гэнэ.
Дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд тэмдэглэх санаачилгыг ДЭМБ-аас 1988 онд гаргажээ. Энэ өдрийн бэлгэдэл болох улаан тууз нь ДОХ-ын улмаас нас барсан олон сая хүний дурсгал, ХДХВ-ний халдварыг бүрэн анагаах эм, түүнээс урьдчилан сэргийлэх вакцин удахгүй гараасай гэсэн итгэл найдварыг илэрхийлдэг аж. Мөн ХДХВ/ДОХ-той хүмүүсийг нийгмээс тусгаарлах, ялгаварлан гадуурхах, хүнлэг бус хандахыг эсэргүүцэж буйн илэрхийлэл болдог. Ташрамд дурдахад, 2023 оны эцэст дэлхий дахинд 39.9 сая хүн ХДХВ-ний халдвартай амьдарч байсны 53 хувь нь охид, эмэгтэйчүүд гэнэ.
М.ОЧ