“Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрсөн лхагва гарагт зохион байгуулсан. Үүний хүрээнд холбогдох албаныхан агаарын бохирдол бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй, цаашид ямар арга хэмжээ авбал зохистой талаар санал солилцсон юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Уянга “РМ2.5 нарийн ширхэгтэй тоосонцрын улмаас 0-19 насны хүүхдүүдийн дунд багтраа, астма зэрэг өвчлөл 2027 он гэхэд 2.5 дахин нэмэгдэнэ гэх судалгааг эрүүл мэндийн салбарын төлөөлөл танилцуулсан. Тиймээс агаарын бохирдлыг шийдэх хүртлээ цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг өвөл биш, зун хичээллүүлэх шаардлагатай байна” гэж хэлж байв. Үүний хүрээнд тэрбээр Боловсролын яаманд албан бичиг хүргүүлжээ. Энэ талаараа гишүүн Б.Уянга “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлж, зургаадугаар сарын 15-нд тараах хуулийн заалт байдаг юм билээ. Тэгэхээр УИХ-ын гишүүд Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Боловсролын яамныхан энэ хуулийн дагуу ажиллаж байгаа. Тиймээс хуульд өөрчлөлт оруулаагүй тохиолдолд хичээлийн хуваарийг шинэчлэх боломжгүй гэх хариулт өгсөн” гэсэн юм.
Тэгвэл Боловсролын яамныхнаас үүнийг лавлахад “Хичээлийн шинэ жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг хуульд заасан байдаг. Тодруулбал, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд хичээлийн жил нь есдүгээр сарын 1-нээс дараа оны зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ гэж заасан. Томуу, томуу төст өвчний оргил үе нь арванхоёрдугаар сарын сүүлч, нэгдүгээр сартай давхацдаг гэж үзэн сурагчдын амралтыг тогтоосон юм. Тиймээс хэн нэгэн гишүүний хэлснээр хуулийн заалтыг өөрчлөх боломжгүй” гэх хариулт өглөө.
УИХ-ын гишүүн Б.Уянга Боловсролын яаманд хүргүүлсэн албан бичигтээ “Улаанбаатар хотын агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тул ид хүйтэн буюу ханиад, томууны дэгдэлт ихтэй 12-1 дүгээр сард цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийн хичээлийг амрааж, наймдугаар сарын 1-нээс хичээлийн шинэ жилийг эхлүүлэн зургаадугаар сарын 30 хүртэл үргэлжлүүлдэг болгох нь зүйтэй” гэж үзэж буйгаа дурджээ.
У.Цэцэг