Украин дахь зөрчил тэмцлийг зогсоох талаар Оросын удирдагч Владимир Путинтэй хийх яриа хөөрөөг Саудын Арабт зохион байгуулж болох тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Тэрбээр яагаад энэ улсыг сонгож буй нь олны сонирхол татсан билээ. Путин болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьсаныхаа дараахан Трамп ийн мэдэгдсэн юм. Трамп уулзалтын нарийн товыг тодруулаагүй ч ойрын үед болж магадгүй бөгөөд уулзалтад Саудын Арабын үе залгамжлах хунтайж Мухаммед бин Салман оролцохыг үгүйсгээгүй. Трамп, Путин хоёрыг утсаар ярьсаны дараа Киевийн оролцоогүйгээр Москва, Вашингтоны хооронд болох аливаа хэлэлцээрт Украин оролцохгүй гэж Зеленский мэдэгдсэн.
Трамп, Путин хоёрын уулзалтыг өөрийн оронд хийлгэхийг Хятад, Арабын нэгдсэн Эмират улс санал болгож байв. Тэгвэл Вашингтон дахь Ойрхи Дорнодын хүрээлэнгийн дэд ерөнхийлөгч Пол Салем “Төвийг сахисан талбар учраас Саудын Арабыг сонгох нь зохимжтой. Украины асуудлаар хатуу байр суурьтай байгаа болохоор Европт энэ арга хэмжээг зохион байгуулах боломжгүй” гэж үзэж байлаа.
Оросын удирдагчийг цэргийн гэмт хэрэгт буруутган баривчлах шийдвэр 2023 онд гаргасан Гаага дахь Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг Саудын Араб хүлээн зөвшөөрөөгүй тул Путин баривчлагдахаас сэрэмжлэлгүйгээр тус улсад чөлөөтэй зорчих боломжтой юм. Саудын Араб бас Орос, Украин улсууд олзлогдогсдоо солилцоход зуучийн үүрэг гүйцэтгэж, хоёр талын итгэлийг хүлээгээд байгаа юм. Хоригдлуудыг солилцох ажлын хүрээнд Эр-Риядийн зуучлалаар америк багш Марк Фогелийг Орос суллалаа. Гурван жил хоригдсон энэ хүнийг чөлөөлөхөд Саудын Арабын хунтайж Мухаммед бин Салман гол үүрэг гүйцэтгэжээ. Путинийг 2023 онд Эр-Риядад айлчлахад Мухаммед бин Салман “Саудын Арабын онцгой, хүндтэй зочин” хэмээн үзсэн байдаг.
Трамп, Путин хоёрыг өөрийндөө уулзуулах нь АНУ-ын стратегийн ашиг сонирхолд Саудын Арабыг татагдан ороход нь нөлөөлөхүйц дипломат алхам болж болох юм гэж Персийн булангийн орнуудын шинжээч Абдулла Баабур үзэж байгаа бол АНУ, Саудын Арабын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалт, стратегийн хэлхээ холбоог бэхжүүлэх эрмэлзэл Трампад бий гэсэн байр суурийг мөнөөх Пол Салем илэрхийлсэн байна. Доктор Нидаль Шукайрын үзэж буйгаар Трампын Ойрхи Дорнодын талаар явуулах бодлогод, ялангуяа Палестин-Израилын зөрчлийн асуудлаар Саудын Араб гол үүрэг гүйцэтгэж байгаа аж. Украин руу Орос довтолсноор дэлхийн эрчим хүчний зах зээлд нөлөөлсөн, тэгвэл нефтийн үнийг тогтворжуулахад Саудын Араб тодорхой үүрэг гүйцэтгэнэ гэж шинжээчид тооцож байгаа юм. Нефть олборлогч томоохон орны хувьд Саудын Араб, Орос хоёрын ашиг сонирхол адил. Трамп, Путин хоёр уулзахдаа Украин дахь дайныг зогсоох тухай төдийгүй үнэ ханш, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцана гэж шинжээчид таамаглаж байгаа аж.
Трамп Ерөнхийлөгчийн хувиар анхны албан ёсны айлчлалаа 2017 онд Саудын Арабт хийж, тус хаант улсын дипломат статусыг дэлхийн тавцанд өргөсөн байдаг. Энэ удаад ч хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааны эхний гадаад айлчлалыг мөн Саудын Арабт хийхийг Трамп үгүйсгээгүй. Зууван танхимд сэтгүүлчидтэй уулзахдаа “Хэрэв Саудын Араб манай бүтээгдэхүүнийг 450 юм уу, 500 тэрбум ам.доллароор худалдаж авна гэвэл би тийшээ явна” гэж хэлж байсан удаа бий юм. Үе залгамжилсан хунтайж Мухаммед бин Салман ирэх дөрвөн жилд АНУ-д 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж буйгаа үүнээс хэдхэн өдрийн дараа хэлсэн юм. Түүнчлэн Хятадтай хийж буй стратегийн өрсөлдөөний хүрээнд Саудын Арабт АНУ-ын нөлөөг бэхжүүлэхийг Трамп хичээж байгаа нь эргэлзээгүй.
Орос, Америкийн төлөөлөгчдийн хэлэлцээр энэ сарын 18-нд Эр-Риядад болов. Хэлэлцээр 4.5 цаг үргэлжилжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээс үзвэл тэд хоёр улсын удирдагчийн уулзалтын тухай асуудлыг ярилцсан байна. Яриа хөөрөө “муугүй” болжээ. “Бид биенийхээ эрх ашгийг харгалзаж, хоёр талын харилцааг урагшлуулахыг хичээсэн. Москва, Вашингтон ч үүнийг сонирхож байгаа юм” гэж Ушаков мэдэгдэв.
Орос, Америк хоёр ойртох нь үү гэсэн асуултад одоогоор “хэлэхэд төвөгтэй ч энэ талаар ярилцсан” гэсэн хариулт өгчээ. Хоёр талын харилцаанд саад болж буй хүчин зүйлийг зайлуулах боломж олгох “зөвлөлдөөний механизм бий болгохоор” Москва, Вашингтон хоёр тохиролцсон гэж АНУ-ын Төрийн Департаментийн албан ёсны төлөөлөгч Тэмми Брюс мэдэгдсэн байна. Мөн Орос, Украины дайныг “аль болох түргэн” шийдвэрлэх ажлыг эхлүүлэх багийг томилохоор талууд тохирчээ.
“Бэт бэх энх амгаланг тогтооход нэг удаа утсаар ярьж, араас нь ганц уулзалт зохион байгуулах нь хангалтгүй. Бид ажиллах ёстой, өнөөдөр бид урагшаа чухал алхам хийлээ” гэж Төрийн Департаментийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Уг хэлэлцээрт Оросын талаас Ушаковоос гадна Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев, АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Үндэсний аюулгүй байдлын асуудлаарх Ерөнхийлөгчийн зөвлөх Маик Уолц, Ойрхи Дорнод дахь АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф нар оролцсон байна.
Эр-Риядад болсон Орос, Америкийн хэлэлцээрийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдлээ. Тэгвэл Орос, Америкийн Ерөнхийлөгчийн уулзалт ердөө ирэх долоо хоногт ч болж болзошгүй, уг уулзалтыг хийх нөхцөлийг бий болгохын төлөө ажиллана гэж Юрий Ушаков мэдэгдэв. Тэгэхдээ “Уулзалт болох тодорхой товыг хэлэхэд эрт байна” гэж тэрбээр нэмж хэлжээ. CNN, “Reuters”-ийн сурвалжлагчид болохоор хоёрдугаар сар дуусахаас өмнө Оросын Ерөнхийлөгчтэй уулзахыг Трамп үгүйсгээгүй хэмээн мэдээлэв.
Хоёр орны Төрийн тэргүүнүүд утсаар ярихдаа харилцан айлчлал хийх урилга солилцсон гэх мэдээлэл байна. Эр-Риядад хоёр талын төлөөлөгчдийн хэлэлцээр болж байхад Путин, Трамп нар улс орноороо явахаар төлөвлөсөн байв. Путин умард тийш Санкт-Петербургийг зорьсон бол Трамп зүүн өмнө зүг рүү Флорида муж руу хөдөлжээ.
Эр-Риядад болсон Орос, Америкийн төлөөлөгчдийн хэлэлцээр нь 2022 оны гуравдугаар сараас хойш анх удаа болж буй нь энэ. Энэ хэлэлцээрт Украины талаас төлөөлөгч оролцуулсангүй. Харин Саудын Арабын Гадаад хэргийн сайд, хунтайж Файсал бин Фархан байлцсан юм.
Марко Рубиог дагалдан уг хэлэлцээрт ирсэн Төрийн Департаментийн хэвлэлийн төлөөлөгч Тэмми Брюс сэтгүүлчдэд мэдээлснээр бол Эр-Риядад болсон уулзалт нь Украин дахь дайныг зогсоох бодол оросуудад байгаа эсэх, тэд түүнд бэлэн байна уу, үгүй юү гэдгийг тандах зорилготой байжээ. Ушаков ч Украин дахь зөрчил тэмцлийг зохицуулах асуудлаар хоёр Ерөнхийлөгч хэлэлцээр хийхэд бэлтгэхэд уг уулзалт зориулагдсаныг тэмдэглэсэн байна. Оросын зах зээлийг орхисноор Амеркийн компаниуд 300 тэрбум ам.доллар алдсан гэж Оросын сангийн тэргүүн Кирилл Дмитриев мэдээлсэн байх юм. Орост АНУ-ын элчин сайд байсан Майк Макфол Оросын төлөөлөгчид Америк, Оросын харилцааг сайжруулах зорилгоор Эр-Риядад ирсэн бол Америкийн төлөөлөгчид Украин дахь зэвсэгт мөргөлдөөнийг зогсоохыг зорьж буй. Энэ бол огт ялгаатай хоёр зорилго юм гэж хэлсэн байна. Украины оролцоогүйгээр Оростой хамтарч ажиллахаас татгалзаж байсан Жо Байдены бодлогыг Трамп шүүмжилж, Украины алдагдсан газар нутгийг буцаан олгож, түүнийг НАТО-д элсэхийг дэмжиж байсан АНУ-ын байр суурийг өөрчилж буй аж.
Энэ үеэр Европын холбоотнууд саяны даваа гаригт Парист уулзаж, Украины асуудлаар ярилцаж, батлан хамгаалахад зарцуулах зардлыг нэмэгдүүлэх талаар Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Трамп, Зеленский нартай санал солилцсон байна. “Украинд бат бэх, удаан хугацааны энх амгалан байдал тогтоохыг бид эрмэлзэж байгаа, үүний тулд Орос түрэмгийллээ зогсоож, укрианчуудын аюулгүй байдлын найдвартай баталгааг бий болгох ёстой” гэж Макрон нийгмийн сүлжээгээр мэдэгдэв. Парист болсон Европын удирдагчдын ээлжит бус дээд хэмжээний уулзалт Европт хагарал бий болгов. Британийн Ерөнхий сайд Кир Стармер бусад улстай хамтран энхийг сахиулах хүчнийг Украин руу илгээхэд бэлэн хэмээн мэдэгдсэн бол Польшийн Ерөнхий сайд Дональд Туск үүнийг зөвшөөрсөнгүй. Польш улс Украинд үзүүлэх цэргийн дэмжлэгээ үргэлжлүүлэх ч холбоотнууд Оросын хувьд эмзэг Европын зүүн жигүүрт батлан хамгаалах чадварыг бэхжүүлэхэд туслахыг хүлээзнэж байгаа аж. “Европ өөрийгөө хамгаалж чадахгүй бол бусдад хэрхэн баталгаа өгөх билээ” гэж Туск сэтгүүлчдэд хэлсэн байна.
Р.Жаргалант