Сургалтын чанар, судалгаа хөгжүүлэлтээрээ дэлхийн шилдэг их сургуульд тооцогддог АНУ-ын Массачусетсийн технологийн хүрээлэн (MIT) академик боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор санхүүгийн дэмжлэгийн хөтөлбөр хэрэгжүүлэх болсон тухайгаа энэ оны эхээр зарлав. Гэр бүлийнх нь жилийн дундаж орлого 200 мянган ам.доллароос бага оюутнуудыг 2025-2026 оны хичээлийн жилээс эхлээд сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлж, 100 мянган ам.доллароос доош тохиолдолд байр, хоолны төлбөр, номын хураамж зэрэг бусад зардлыг нь ч тус сургууль бүрэн хариуцахаар болсон билээ. Онцлог нь энэ шийдвэр зөвхөн бакалаврын түвшний америк оюутнуудад, тэр дундаа бага орлоготой өрхөөс элсэн суралцагчдад хамаатай.
MIT гэлтгүй АНУ-ын ихэнх их, дээд сургуулийн санхүүгийн дэмжлэгийн бодлого нь яг ийм байдлаар дотоодын оюутнуудаа дэмжихэд чиглэдэг аж. Гол зорилго нь хямд, чанартай боловсролыг эрх тэгш эзэмших боломжийг залууст олгох, улсынхаа хүний нөөцийг хүчирхэгжүүлэх, өрсөлдөх чадамжийг нь сайжруулахад оршдог гэнэ. Тодруулбал, үндэсний шилдэг их сургуулиуддаа улсынхаа толгой хүний нөөц, капиталаа бэлддэг гэсэн үг. Харин манай улс хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт хэрэгцээг хангах, эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх нэрийдлээр сор болсон залуучуудаа жилд зуу зуугаар нь гадаад руу илгээж, хөрөнгө, хүчээ тарамдсаар байгаа нь харамсалтай.
Монгол Улс 1997 оноос гадаад, дотоодын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдэд оюутан залуусыг Боловсролын зээлийн сангийн зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжаар сургаж эхэлсэн. Оюутнуудыг дотооддоо тэтгэлэг, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр сургахдаа зорилтот бүлгийг дэмжих бодлого баримталж ирсэн юм. Тухайлбал, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, цаатан өрхийн болон гурваас дээш оюутантай айлын нэг суралцагчийг тэтгэлгээр суралцуулдаг байв. Сүүлд багш, сувилагч, хөдөлмөр болон хөдөлгөөн засалч зэрэг эрэлттэй мэргэжлээр суралцах хүсэлтэй залууст ийм боломж олгож эхэлсэн. Харин гадаад зээл, тэтгэлгийг ЭЕШ болон олон улсын олимпиад, тэмцээн, уралдаанд амжилт гаргасан, дэлхийн нэр хүндтэй сургуулиудын босго шалгуурыг хангасан, урилга авсан буюу улсынхаа хамгийн шилдэг залууст олгосоор өнөөдрийг хүрсэн билээ. 1997-2023 онд давхардсан тоогоор 6000 гаруй суралцагчид зээл, тэтгэлэг олгож, гадаадад сургажээ. Үүний 60 гаруй хувь нь бакалаврын түвшний оюутнууд. Боловсролын зээлийн сан гадаадад суралцагсдад дунджаар 110 саяас нэг тэрбум орчим төгрөгийн зээл олгосон бол дотоодын их, дээд сургуульд элсэгчдэд 750 мянгаас 18 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Эндээс манай улс гадаад зээл, тэтгэлэгт дотоодынхтой харьцуулшгүй их хэмжээний мөнгө “хаяж” ирснийг харж болно. Тэр дундаа магистр, докторын хөтөлбөрт суралцагсадтай харьцуулахад хоёр дахин их цаг хугацаа зарцуулдаг бакалаврын түвшний оюутнуудыг сургахад чамгүй их хөрөнгө зориулжээ. Харин үүнийхээ хэрээр үр өгөөж хүртэж, ахиц дэвшил гаргасан уу гэвэл дэндүү чамлалттай. Гадаадад зээл, тэтгэлгээр суралцагсдын зээлийн эргэн төлөлт ердөө дөрөв, гэрээний үүргийн биелэлт 50 хувьд ч хүрэхгүй байгаа нь үүний нотолгоо. Энэ нь биднийг шилдэг боловсон хүчин бэлдэх нэрийдлээр чадварлаг залуусаа “экспортолдог” бодлогоо эргэж харах, ялангуяа бакалаврын түвшний оюутнуудад олгодог зээл, тэтгэлгийн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэйг баталсаар буй юм.
Яагаад заавал бакалаврын түвшний оюутнуудыг онцолж байна вэ. Манайх шиг боловсролын тогтворгүй системтэй, эдийн засгийн потенциал сул, хөгжиж буй орон бакалаврын зэрэгтэй боловсон хүчин бэлтгэхэд их хэмжээний хөрөнгө, хүч зарцуулах нь алдагдал, гарз ихтэй. Ерөөс хөгжингүй, хөрөнгө чинээтэй улс орнууд бакалаврын түвшний оюутнуудыг харж үзэхээс илүү магистр, докторын хөтөлбөрт хамрагдагчдад тэтгэлэг олгож, гадаадад сургахыг гол бодлогоо болгодог. Харин бакалаврын оюутнуудыг эх орондоо сургаж, “бойжуулахыг” зорьдог аж. Үүнтэй холбоотой судалгааны үр дүн ч цөөнгүй. Тухайлбал, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Боловсролын тойм судалгаа”-нд “Хүмүүсийн олонх нь бакалаврын түвшинд суралцдаг тул энэ чиглэлийн тэтгэлгийн үндсэн зорилго нь боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад оршдог”, Дэлхийн банкны тайланд “Ихэнх хөгжингүй орны төрийн алба, судалгааны байгууллага магистрын боловсролыг дэмжих хандлагатай. Судалгаагаар магистрын зэрэгтэй ажилчдын бүтээмж, инновацын хувь нэмэр бакалаврын түвшнийхнээс илүү нь тогтоогдсон байдаг”, ЮНЕСКО-гийн “Дэлхий дахины боловсролын хяналтын тайлан”-д “Шинжлэх ухааны хөгжил, улс орны инновац, судалгааны чадамж, бүтээмжийг нэмэгдүүлэх хамгийн чухал хөрөнгө оруулалт нь докторын тэтгэлэг гэж үздэг. Өндөр хөгжилтэй орнуудад энэ төрлийн тэтгэлгийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаардаг” гэжээ.
Бакалаврын хөтөлбөрт хамрагдагчдад тэтгэлэг олгохыг яагаад үнэ цэн багатай гэж үздэг вэ. Энэ нь бүрэн дунд боловсролын дараагийн, дээд боловсролын зэрэг олгох анхан шатны сургалт учир нийгэм, эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх шууд ач холбогдол багатайд тооцогддог юм билээ. Хоёрдугаарт, суралцагчдын сурах арга барил, нийгмийн байр суурь, мэргэжлийн чиг баримжаа бүрэн тогтоогүй байдаг тул хамгийн тогтворгүй, эргэлзээтэй үе нь гэж үздэг. Харин магистр, докторын зэрэг горилогчдын нийгэм дэх байр суурь, зорилго чиглэл нь илүү тогтворжсон байдаг учир тэтгэлэг олгох нь илүү үнэ цэнтэйд тооцогддог ажээ.
Үүнтэй холбоотой нэгэн жишээ дурдъя. Манай улс монгол хүн бүрийг шилдэг, чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор хангах, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, эх оронч сэтгэлгээ, зөв хандлагатай, олон улсад өрсөлдөх мэдлэг чадвартай, бүтээлч, манлайлагч иргэнийг бэлдэх зорилгоор 2022 оноос эхлэн Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгож, жилд 500 хүртэлх тооны суралцагчийг гадаадын сургуулиудын бакалаврын хөтөлбөрт сургаж буй. Гэтэл өнөөдүүл нь эхний 1-2 жилдээ л учраа олох гэж будилсаар баахан цаг хугацаа алддаг, ахуй амьжиргаагаа залгуулах гэж хичээлдээ бүрэн төвлөрөх ч сөхөөгүй ажил хийдэг юм билээ. Зарим нь хэлний бэрхшээлээс болоод эхний жилүүдэд хичээлийнхээ агуулгыг ч бүрэн гүйцэд ойлгодоггүй, хүнтэй сайн ойлголцож чаддаггүйгээ хэлдэг. Эндээс л бакалаврын түвшний оюутнуудын онцлог харагдаж буй юм. Магадгүй тэдний оронд ийм тооны магистр, докторыг гадаадад тэтгэлгээр сургасан бол цаг хугацаа, санхүүд аль алинд нь хэмнэлттэй, үр өгөөжийн хувьд ч хавь илүү байх нь дамжиггүй.
Бакалаврын түвшний оюутнуудыг үндэсний сургуулиуддаа сургах нь наанадаж эх оронч сэтгэлгээтэй, зөв хандлагатай иргэдийг өөрсдийн үзэл номлолоор бэлдэх, цаашлаад хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах, өндөр ур чадвартай, оюунлаг залуусаа “тогтоон” барихад чухал нөлөөтэй шүү дээ. “Brain drain” буюу оюуны дайжилт, боловсон хүчний шилжилтийн индексээр манай улс сүүлийн жилүүдэд хэрхэн сүүл мушгиж, өндөр эрсдэлтэй ангилалд багтаж ирснийг мартаж болохгүй. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар “Зөгийн үүр” төсөл хэрэгжүүлж, гадаадад нарийн мэргэжлээр ажиллаж буй, өндөр боловсролтой залуусыг эх оронд нь авчрахаар төлөвлөж байгаа гэх сураг чимээ гарсан. Хэрэв бид энэ янзаараа залуусаа гадагш нь бөөн бөөнөөр нь явуулсаар байвал шилжилт хөдөлгөөний урсгал зогсохгүй, “Эх орондоо ирж ажиллаач”, “Монголдоо үлдээч” гэж гуйж гувшсаар л байх болно.
Эх орондоо ур чадвартай, өндөр мэдлэг боловсролтой боловсон хүчин бэлдэх бодлогын цаана үндэсний их сургуулиудаа чадавхжуулах асуудал бий. Дэлхийн улс орнууд аль гайгүй, нэр хүндтэй сургуулиуддаа түшиглэн хүний нөөцөө бэлдэж, шинжлэх ухааны судалгаа, инновацын бүтээгдэхүүнийг тасралтгүй хөгжүүлдэг. Ингэхдээ төр засгаас нь санхүүгийн дэмжлэг (төсвийн, татварын, хөнгөлөлттэй зээл, тэтгэлгийн) үзүүлэх, чадварлаг хүний нөөц бүрдүүлэх (олон улсын тэргүүлэх судлаач, эрдэмтдийг урьж ажиллуулах), бие даасан байдал, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх, дижитал шилжилт, өгөгдөлд суурилсан үнэлгээний тогтолцоо (сургалтын түвшин, сурлагын амжилтын) нэвтрүүлэх зэрэг бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлдэг аж. Харин манайд бол төр нь үндэсний томоохон гэгдэх их сургуулиудаа дорвитой дэмждэггүй, төгсөгчдийг нь гадагшаа “урвуулах” бодлого баримталдаг гэлтэй л байдаг. Сургуулиуд нь бүгд хүний нөөцийн дутагдалтай, хангалттай хэмжээний элсэлт ч авч чаддаггүй. Нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг ангиуд нь элсэгчгүй болж, хаагдахдаа тулсан жишээ цөөнгүй. Судалгааны их сургууль гэж хүлээн зөвшөөрөгддөг ганц сургуулийнх нь толгой салбар болсон Шинжлэх ухааны сургууль нь гэхэд төсөв санхүүгийн бэрхшээлийн улмаас багш нарынхаа цалинг тавьж чадахгүйд хүрсэн. Бодит байдал ийм л байна. Манай улс үнэхээр л монгол хүн бүрийг чанартай боловсрол эзэмших тэгш эрхээр хангаж, олон улсад өрсөлдөхүйц мэргэжилтэн бэлдэхийг зорьж байгаа бол нэн түрүүнд үндэсний сургуулиудаа чадавхжуулах, хоёрдугаарт, бакалаврын түвшинд суралцагсдыг сорчилж, гадаад руу явуулдгаа болих хэрэгтэй. Тэднийг гадаадад биш, дотооддоо тэтгэе, бэлдье.
Н.Мишээл