ХӨСҮТ-өөс улаан бурхан өвчний нөхцөл байдлын талаар өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийв. Энэ сарын 5-нд уг өвчний найм дахь тохиолдол бүртгэгдсэнийг зарласан. Өнгөрсөн хугацаанд халдвар нэмж бүртгэгдээгүй ч эрсдэл өндөр хэвээр байгааг эмч нар сэрэмжлүүллээ. Учир нь улаан бурхнаар өвчилсөн найман хүний гурав нь вакцины товлолт нас буюу есөн сар хүрээгүй нялхас байгаа юм. Бусад нь гадаадад аялсны улмаас халдвар авчээ. Тодруулбал, өвчилсөн иргэд өнгөрсөн сарын 8-ны Вьетнам Хо Ши Мин-Улаанбаатар, 18-ны Фукуок-Улаанбаатар чиглэлийн нислэгээр тус тус эх орондоо ирсэн аж. Тэгвэл эдгээр нислэгтэй холбоогүй, гурван тохиолдол нь ийнхүү дотоодод бүртгэгдээд буй юм.
Өмнөд хөршид халдвар авсан таван хүн улаан бурхны вакцинд хамрагдаагүй 5-14 насны хүүхдүүд болон нэг насанд хүрэгч байгааг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам хэлсэн. Тэрбээр “Улсын хэмжээнд 21 аймаг, есөн дүүрэгт дархлаажуулалтын 600 гаруй нэгж бий. Вакцинд хамрагдах нас нь болоогүй хүүхдүүд өвдөж буй нь бидэнд анхааруулга өгч байна гэсэн үг. Тиймээс эцэг, эхчүүд бага насны хүүхдүүдээ олон нийтийн газраар аль болох дагуулж явахгүй байхыг хүсье. Мөн товлолын дагуу улаан бурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад есөн сартай, хоёр настай хүүхдүүдийг яаралтай хамруулаарай. Цагаан сарын нөлөөлөл энэ сарын 10-наас гарна гэж тооцсон. Тэгэхээр эрсдэл улам нэмэгдэх төлөвтэй. Иймд нүд нуухтах, халуурах, амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 8901-6199, 75, 103, 100 дугаарын утсаар яаралтай холбогдоорой” гэв.
О.Ундрах