Боловсрол, Эрүүлмэнд, нийгмийнхамгаалал хариуцсан сайдын хамтарсан тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний боловсрол эзэмшихэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий дэмжих төвийн дүрмийг баталсан. Үүний хүрээнд танхимын сургалтад тогтмол хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсрол эзэмшихэд нь шаардлагатай эрүүл мэнд, нийг¬мийн халамжийн үйлчилгээг цогцоор үзүүлэхээр салбарын мэргэжилтнүүд ажиллаж байна. Энэ асуудлаар боловсрол, эрүүл мэнд, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтнүүд өчигдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын албан тушаалтнуудтай уулзаж, цаашид төрийн үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэх, үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн олон улсын ангилал (ICF)-ыг нэвтрүүлэх шийдвэр гаргах, холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, үнэлгээ, мэдээллийн нэгдсэн сан бий болгох зэрэг ажлыг төлөвлөн, хэрэгжүүлэхээр ярилцжээ.
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй, 0-18 насны 14 609 хүүхэд байна. Тэдний 3252 нь хөдөлгөөн, 2395 нь аутизм, 1395 нь оюун сэтгэц, 1231 нь дотор, 1140 нь уналт таталт, 894 нь сонсгол, хэл яриа, 713 нь харааны бэрхшээлтэй бол 663 нь дауны хам шинжэй, 496 нь хавсарсан, 390 нь мэс заслын дараах, үлдсэн нь бусад гэсэн ангилалд хамаардаг гэнэ. Мөн протезтэй 88, контакт линз зүүдэг 139 хүүхэд бий аж. Эдгээр хүүхдийг амьдарч буй газартаа, хамт олон дундаа боловсролын үйлчилгээ авах, онцлог, хэрэгцээнд нь нийцсэн дэмжих үйлчилгээг төрөөс санхүүжүүлэх, ялгаатай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлсэн. Тухайлбал, тэд БНТУ, БНСУ, Норвег болон Малайз, Тайландад очиж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хэрхэн суралцаж буй туршлагаас судалсан байна. Тухайлбал, Солонгост хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд амьдарч буй газартаа цагаар, төвөөр, гэрт нь хүрч очих, цэцэрлэг, сургууль гэсэн хэлбэрээр боловсролын үйлчилгээнд хамрагддаг аж. Эдгээр дэмжих үйлчилгээг төрөөс нь санхүүжүүлдэг гэнэ. Дэмжих төв нь хүүхдийн зан байдал, тоглож буй арга хэлбэр, өөрийгөө илэрхийлэх, бие даах, бусадтай харилцах, дасан зохицох зэрэг чадвар, хөгжилд нь гарч буй ахицыг үнэлэх асуумж аргачлалыг заавал ашиглах юм байна.
Ч.Туяа