Энэ хичээлийн жилийн элсэлтийн шалгалтыг ирэх зургаадугаар сарын 18-21-нд улсын хэмжээнд зохион байгуулна. Нийт 10 хичээлээр элсэлтийн шалгалтыг явуулах бөгөөд анх удаа математикийн нээлттэй даалгавруудыг Боловсролын үнэлгээний төвийн eec.mn цахим хуудсанд байршуулжээ. Өөрөөр хэлбэл, тус хуудсанд байршуулсан 1000 даалгавраас элсэлтийн шалгалтыг сонгон авах аж. Нээлттэй даалгавраас блюпринтийн дагуу шууд сонгож буй нь анхны тохиолдол бөгөөд эдгээр бодлогыг бодсон байхад сурагчид шаардлагатай мэдлэг, чадвараа олж авах боломж бүрдэнэ хэмээн Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа онцолсон юм. Одоогоор зөвхөн математикийн бодлогуудыг нээлттэй болгосон бөгөөд цаашид бусад хичээлийн даалгаврыг байршуулах юм байна. Ташрамд дуулгахад, нээлттэй даалгаврын системийн шинэ хувилбарыг боловсруулжээ. Өмнө нь элсэлтийн шалгалтын даалгаврыг боловсруулахдаа цөөн тооны багш нарыг сонгон ажиллуулдаг байсныг ийн өөрчилсөн гэнэ. Ингэснээр шаардлага хангасан даалгавруудыг мэдээлэл дамжуулах технологийн шинэ шийдлийн дагуу сургалтын байгууллага болон сургуулийн удирдлагын системд нийлүүлэх боломжтой болжээ.
Ч.Болор