Саудын Арабын Хаант Улсын Дахран хотод энэ сарын 4-12-ны хооронд зохион байгуулсан Азийн физикийн XXV олимпиадад Азийн 30 орны 240 сурагч, 100 орчим багш, дасгалжуулагч оролцсон байна. Манай улсаас найман сурагч оролцсоноос нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртэхийн зэрэгцээ шагналт байрт нэг хүүхэд шалгарчээ. Тодруулбал, нийслэлийн ерөнхий боловсролын I сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Мөнх-Оргил мөнгөн медаль хүртсэн аж. Энэ нь эл олимпиадаас Монгол Улс анх удаа мөнгөн медаль хүртсэн түүхэн амжилт болжээ. Мөн МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Батбаяр, 11 дүгээр ангийн сурагч Э.Ичинбат, А.Орхонтуул, “Сант” сургуулийн 12 дугаар ангийг сурагч Г.Азжаргал, “АбсолютЭлит” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Д.Энхтөгс, I сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Амар нар хүрэл медаль, “Шинэ-Монгол” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Ирмүүн шагналт байр эзэлсэн байна. Шагнал гардуулах үйл ажиллагаа Монголын цагаар өнөөдөр 09.00 цагт болох гэнэ. Багийн ахлагчаар МУИС-ийн багш, доктор, дэд профессор Г.Мөнхбаяр, ШУТИС-ийн багш, доктор, дэд профессор Г.Зоригт, дасгалжуулагч багшаар Улсын физикийн олимпиадын хорооны дарга М.Ганбат, МУИСийн багш М.Отгонбаатар нар оролцжээ. Ташрамд дуулгахад, манай улс өнгөрсөн онд эл олимпиадаас хоёр хүрэл медаль хүртэж, шагналт байрт хоёр сурагч шалгарч байжээ. Ирэх жилийн олимпиад БНСУ-ын Бусан хотод болох аж.
Ч.Болор