Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтыг улсын хэмжээнд өчигдөр эхлүүллээ. Энэ сарын 23-ныг хүртэл үүнийг зохион байгуулах бөгөөд сурагчид цахимд суурилан шалгалт өгөх юм. Энэ жилээс эхлэн цаасан бус, онлайнаар шалгалт авах бөгөөд цахим тоног төхөөрөмж, дэд бүтцийн асуудлаас шалтгаалан хамгийн ихдээ 40 шалгуулагчийг шалгалтад оруулах гэнэ. Өөрөөр хэлбэл, хи¬ чээл ордог хүүхдүүдээс нь түүврийн аргаар сонгох аж. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн ахиц, сурлагын амжилт нь тухайн багшийн хичээлийн үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлт болох юм. Багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэхдээ сурагч, эцэг, эх, хамт олноос нь асуумж судалгаа авдаг. Харин энэ удаа эцэг, эхчүүдээс тухайн багшийг үнэлдэг асуумж судалгааг авахгүй гэнэ. Харин эцэг, эхчүүд тухайн сургуулийн үйл ажиллагаанд дүн тавих аж. 2022 оноос эхлэн багшийн гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтыг зохион байгуулж буй бөгөөд нийслэл, орон нутаг, сум, багийн сургууль гэсэн ангиллаар нийт 30 мянга орчим багш оролцож, үр дүнгээ тооцуулах юм байна. Эл үнэлгээнд өндөр дүн авсан багш нарт цалингийн 40 хувь хүртэлх урамшуулал олгодог юм.
Ч.Болор