Тайландын гүнж Маха Чакригийн 60 насны ойг тохиолдуулан 2015 оноос хойш хоёр жил тутам Зүүн өмнөд Азийн орнууд болон Тимор-Лестед түүний нэрэмжит шагналыг олгож иржээ. Эл шагнал нь боловсролын салбарт тууштай зүтгэсэн, хүүхдүүдийн амьдралд бодит нөлөө үзүүлсэн багш нарыг хүндэтгэн алдаршуулах, тэдний мэргэжлийн хөгжил, олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилготой аж. Харин энэ оноос тус шагналын хамрах хүрээг өргөжүүлж, анх удаа Бангладеш, Бутан, Монгол Улсыг оруулсанбайна. Манай улсаас “Энэрэл” мэргэжлийн боловсролын сургуулийн сургалтын менежер А.Уянгыг нэр дэвшүүлсэн бөгөөд тус улсаас шагнал олгохоор шийдвэрлэснээ өнгөрсөн дөрөвдүгээр сард албан ёсоор мэдэгджээ. Шагналыг аравдугаар сарын 15-нд гардуулах гэнэ.
Ташрамд дуулгахад, “Энэрэл” сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд мэргэжлийн боловсрол олгодог юм байна. Одоогоор тус сургуульд тогооч, мужаан, гар урлал, оёдол гэсэн мэргэжлээр 70 гаруй хүүхэд сурч буй аж. Оюуны болон тулгуур эрхтний бэрхшээлтэй, саажилттай 15-аас дээш насны хүүхдүүд хоёр жил суралцаж, мэргэжил эзэмшин, ажлын байртай золгодог гэнэ.
Тайландын гүнжийн нэрэмжит шагналын эзнээр тодорсон А.Уянга нь тус сургуулийг анх байгуулсан цагаас буюу 2016 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхдийн сурах хүсэл мөрөөдлийг биелүүлж, амьдрал ахуйтай нь золгуулсныг “Энэрэл” сургуулийн удирдлага онцолсон юм. Энэ нэр хүндтэй шагналыг одоогийн байдлаар 11 улсын 66 багш хүртжээ.
Ч.Болор