Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн өргөтгөлийн барилгын хэсэгт иж бүрэн засвар хийж буйтай холбоотойгоор хими, хөнгөвчлөх эмчилгээний тасгуудыг энэ сарын 6-наас эхлэн “Сэлбэ” эмнэлэгт шилжүүлжээ. Тодруулбал, хими болон хөнгөвчлөх эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийг Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг болох “Сэлбэ”-д нүүлгэн шилжүүлж, тусламж, үйлчилгээ үзүүлж буй аж. Энэ байдал хэр хугацаанд үргэлжлэхийг тус төвийнхнөөс тодруулахад “Засвар, үйлчилгээ хэзээ дуусах нь тодорхойгүй. Гэхдээ долоодугаар сардаа багтаад үйл ажиллагаагаа хэвийн явуулахын төлөө ажиллаж байна” гэв. Харин хими, хөнгөвчлөх эмчилгээний тасгуудын амбулаторийн үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа аж. Илүү тохилог орчинд үйлчилгээ үзүүлэхийн тулд хүмүүсийг өөр эмнэлэгт шилжүүлсэн гэх тайлбарыг ХСҮТ-ийнхөн хэлж буй ч өвчтөнүүдийг нааш цааш нь явууллаа хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй байна. Эл эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус төвийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын алба, Амбулаторийн тасгийнхан хүлээн авч байгаа аж. Ташрамд дуулгахад, IV эмнэлгийг ХСҮТ-ийн харьяанд өгөх асуудлыг ойрын хугацаанд ший¬дэх гэнэ. Ингэснээр хими болон хөнгөвчлөх эмчилгээний тусламж, үйлчилгээг тэнд үзүүлэх гэнэ.
Ч.Болор