-Цагдаагийн байгууллагын мэдээлснээр он гарснаас хойш 28 хүүхэд амиа егүүтгэжээ-
“Би хэн бэ” гэдэг асуултад хариулт хайж, хэн нэгэн “Чи хөөрхөн” гэвэл догдолж, “Царай муутай” гэчихвэл тэрэнд нь итгэчихдэг хамгийн тогтворгүй, өөрийгөө таньж мэдээгүй эмзэг сэтгэл зүйтэй үеийг өсвөр нас хэмээн тодорхойлж болохыг сэтгэл зүйчид хэлсэн. Өөрөөр хэлбэл, шилжилтийн үе буюу 12-18 насныханд сэтгэл зүй, бие махбодын өөрчлөлтөөс гадна нийгмийн олон хүчин зүйл тулгамдсан асуудал болдог байна. Өөрийн үнэт зүйл, итгэл үнэмшил, зорилгоо олж, бие хүн болон төлөвших замдаа өсвөр насныхан алдах, үүнээсээ болж сэтгэл зүйн гутралд орох, цаашлаад амиа хорлох тохиолдол буурахгүй байгаа нь сэтгэл эмзэглүүлсээр.
Дархан-Уул аймагт 16 настай хүү амиа хорлосон хэрэг нэг сарын өмнөхөн гарсан. Түүнийг хичээлийнхээ дүнг засаж байгаад багшдаа баригдсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан юм. Багшийн буруутгал, эцэг, эхээсээ эмээх айдас, үе тэнгийнхнээсээ ичих мэдрэмжийн улмаас хүүг ийм болчимгүй үйлдэл хийсэн байж болзошгүй гэж хардах хүн цөөнгүй байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллагынхан шалгаж буй. Мөн өнгөрсөн оны өдийд нэгэн сургуулийн 11 дүгээр ангийн сурагч амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан. Бас л шалгалтын дүн, хичээл номтой холбоотой. Өөрөөр хэлбэл, шалгалтаа тааруу өгсний улмаас амиа егүүтгэсэн гэх мэдээлэл зарим нэг хэвлэлээр цацагдаж, дүнгийн төлөөх өрсөлдөөн өсвөр үеийнхнийг сэтгэл зүйн дарамтад оруулж буйг олон нийт шүүмжилж байв. Гэтэл хэдхэн хоногийн өмнө Ховд аймагт 17 настай хүү мөн л амиа хорлосон хэрэг гарав. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гэрээсээ гараад сураггүй болсон сурагч хүүг ар гэр болон албаны хүмүүс 10-аад хоног эрэн хайсны эцэст амиа алдсан байхыг нь олсон юм. Ээжийнхээ данснаас багагүй хэмжээний мөнгө авсан, өмнө нь цахим мөрийтэй тоглоом тоглож байсан зэрэг мэдээлэл нь ил болсон. Хүүгийн амиа хорлосон шалтгааныг тогтоохоор хууль, хяналтын байгууллагынхан ажиллаж байна. Бидэнд мэдэгдэж буйгаар хоёрхон сарын хугацаанд хоёр ч хүүхэд ийн болчимгүй үйлдэл хийчихлээ. Нүднээс далд үйлдэгддэг ч сэргийлж болох уу. Сэтгэл зүйн тулгамдсан асуудал амиа хорлоход хүргэж байна уу.
АЙДАС, ТҮГШҮҮРИЙГ ЯЛГАЖ ЧАДДАГГҮЙ
Өсвөр насныхны сэтгэл зүйн тулгамдсан асуудлын талаар хүүхдийн сэтгэл зүйч Т.Пүрэвсүрэнгээс тодруулахад “Хүний сэтгэл зүйд түгшүүр үүсэж байдаг. Айдас, түгшүүр нь хоорондоо ялгаатай. Тухайлбал, замаар алхаж явтал хэн нэгэн таныг цохих гэж оролдсон үед бодит айдас үүсдэг. Харин ард яваа нэгэн цохих гэж байгаа мэт санагдах нь түгшүүрийг бий болгодог. Хүмүүсийн олонх нь үүнийг ялгаж, салгаж ойлгож чаддаггүйгээс бодит бус түгшүүрийг “тэжээсээр” сэтгэл гутралд орох, өөрийгөө болон өрөөлийг өвтгөх, цаашлаад амиа хорлоход хүрч байна. Ялангуяа, өөрийгөө таньж мэдэх насандаа яваа өсвөр үеийнхэнд сэтгэл түгших эмгэг ихээр илэрдэг. Ийм түгшүүр илэрсэн тохиолдолд найз нөхөд, ах, эгч, аав, ээждээ заавал хуваалцах хэрэгтэй. Дотор нь юу болоод байгааг бусадтай ярилцсанаар сэтгэлээ онгойлгож, өөрийгөө яагаад ийм мэдрэмжтэй буйгаа илэрхийлэхэд тус болдог. Бүр болохгүй бол хиймэл оюун буюу ChatGPT-д хандаж, зөвлөгөө авч болох юм. Хүүхдийн эмзэг энэ насанд эцэг, эх, асран хамгаалагчид маш чухал нөлөөтэй байдаг. Шалгалтын дүнд эцэг, эх нь ямар хариу үйлдэл үзүүлэх бол гэх айдас хүүхдүүдийг шаналгаж байна. Улсын шалгалт, мэргэжил сонгох зэрэг хариуцлагатай үедээ алдаа гаргахад эцэг, эх, багш нь дэмжих гэхээс илүү зэмлэх, буруутгах хандлага давамгайлдаг нь айдас, түгшүүрийг бий болгодог. Жишээ нь, шалгалтаа муу өгсөн байлаа гэхэд эцэг, эхчүүд хүүхдэдээ болон өөртөө тайвшрах цаг өгөх хэрэгтэй. Тухайн үедээ гаргах байсан сэтгэл хөд - лөл, хариу үйлдлээ ядаж 7-10 хоногийн дараа үзүүлэх гэх мэт. Ингэснээр аль аль нь тайвширч, асуудалд эергээр хандаж чадна” гэв.
Мөн түүнээс өсвөр насныхны сэтгэлийг түгшээдэг гол асуудлыг лавлахад “Хүн бүрийн төсөөлөл дэх айдас, түгшүүр өөр өөр учир нийтлэг шинж хэлэхэд амаргүй. Сэтгэл зүйн түгшүүр нь урт хугацаанд ч мэдэхгүй байж болно. Айдсаа даван туулж чадаагүйгээс хүүхдүүд амиа егүүтгэх буруу сонголт хийж байгаа нь харамсалтай. Эцэг, эхчүүд хүүхдээ цагдах биш, анхаарч сонсох, ойлгож ярилцах нь чухал” гэсэн юм.
НИЙГМИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ ГЭДЭГ Ч АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БАЙНА
Монгол Улс төдийгүй дэлхий нийтийн тулгамдсан асуудал нь сэтгэл зүйн эрүүл мэнд болсныг хэн хүнгүй л ярьж байна. Сэтгэл зүйн хямрал, түгшүүрийн эцсийн шат нь амиа егүүтгэснээр төгсөж буйг олон жишээ, баримтаас харж болохоор. Монгол Улсын хэмжээнд сэтгэцийн эмгэг тархалтын судалгааг хамгийн сүүлд 2013 онд хийсэн. Аль 12 жилийн өмнөх судалгаагаар одоогийн хүн амын сэтгэц ямар байгааг тодорхойлох боломжгүй. Тухайн үед хүн амын 25 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна гэж СЭМҮТ-өөс мэдээлж байв. Харин одоо хэрхэн өөрчлөгдсөнийг судалж, шинжлээгүй байна. Нийгмийн хөгжлийг дагаад өмнө нь маш цөөн тохиолддог байсан дэлгэцийн донтолт, зан үйлийн эмгэг, мансууруулах бодисын дон зэрэг сөрөг үзэгдэл өсөж буйг ДЭМБ сануулах болсон. Эдгээр “шинэ” үзэгдэл манай улсад газар авч, хүүхэд залуус ихээр өртөж буйг эрүүл мэндийн болон цагдаагийн байгууллагынхан хэлж байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн онд 524 хүн амиа хорлосны 62 нь 5-19 насныхан байгаа юм. Харин энэ оны эхний таван сарын байдлаар 239 хүн амиа егүүтгэжээ. Тэдний 17 нь хүүхдүүд болохыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистик мэдээнээс харж болно. Харин цаг¬ даагийн байгууллага энэ тоог 28 буюу өмнөх оноос нэмэгдсэн тухай мэдээлэв. Амиа хорлох үзэгдэл аюулын харанга дэлдсээр байхад холбогдох яам, тамгын газрынхан гар хумхин суусаар байх уу. Стресс, бухимдал ноёлсон хотод хүн тайван амьдрах, сэтгэл зүйгээ тогтвортой байлгах арга өчүүхэн ч алга. Үүний хор уршиг, нөлөөгөөр амиа хорлосон хүний тоогоор манай улс дээгүүрт бичигдэх болсон. Тухайлбал, 2019 онд ДЭМБ-аас 100 мянган хүнд ногдох амиа хорлолтын тоо баримтыг гаргасан байдаг. Энэ нь хамгийн сүүлийн баримтад тооцогдож буй бөгөөд дараагийнхаа судалгааг 2024-2025 оны хооронд хийхээр төлөвлөснөө танилцуулж байв. Эл судалгаанаас харахад Монгол Улс 100 мянган хүн амд ногдох амиа хорлолтын тоогоор дэл - хийд 19-т, Ази тивдээ хоёрдугаарт жагсаж байна. Өмнөд Солонгосын дараа гэсэн үг.
ХҮҮХДЭД ШУДАРГА ХАНДААГҮЙГЭЭС БУРУУ АЛХАМ ХИЙХЭД ХҮРГЭЖ БАЙНА
Энэ он гарснаас хойш хүүхэд амиа хорлосон 28 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Өнгөрсөн онд 18 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаанаас тодруулсан юм. Тэрбээр “Гэр бүлийн таарамжгүй уур амьсгал, үе тэнгийн дээрэлхэлт, цахим гадуурхалт, хүүхэд хоорондын сөрөг харилцаа, нийгмийн зүгээс үзүүлэх стресс зэрэг шалтгааны улмаас хүүхдүүд өөрт учирсан сэтгэл зүйн асуудлаа даван гарахгүйгээр амиа хорлохыг сонгож байна. Мөн өөр олон төрлийн гэмт хэргийн хохирогч болдог. Цахим орчинд охидын зураг, бичлэгийг нь хуурч авч, түүгээрээ дарамталж, хүчиндэх гэмт хэрэг үйлдэж байна. Энэ оны эхний таван сард хүүхдийг залилан мэхлэх гэмт хэрэг 55 бүртгэгдсэн. Үүний 22 нь цахимаар буюу технологи ашиглан үйлдсэн гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй хүүхэдтэй цахимаар танилцаж, хуурч мэхэлж авчраад гэмт хэргийн хохирогч болгож байна” гэв.
Түүнчлэн хүүхэд холбогдсон, хохирсон гэмт хэргийг бууруулахад цагдаагийн байгууллагынхан ямар арга хэмжээ авч, ажиллаж буйг түүнээс тодруулахад “Хар тамхи, амиа хорлох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад маш хүндрэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, амиа хорлолт өндөр байгаа гээд ярих нь энэ үйлдэл нь энгийн зүйл мэт, нүд ирмэхийн зуур болдог юм шиг ойлголтыг нийгэмд өгөх талтай. Тиймээс амиа хорлосон хүмүүсийн тойрон хүрээлэгчдийн дунд урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулдаг. Тодруулбал, эл арга хэмжээг олон нийтийг хамарч явуулдаггүй, яагаад гэхээр сэтгэл зүйн дарамт, стресстэй хүнд энэ замыг сонгох сэдэл өгөх, амиа хорлох явдал улам нэмэгдэх эрсдэлтэй. Мөн мансуурах эмгэгтэй хүний тойрон хүрээлэгч дунд ийм сэ дэлтэй хүн байж магадгүй гэж үзээд арга хэмжээ авдаг юм. Дэлхийн бусад улсын цагдаагийн байгууллагынхан ч энэ аргаар ажилладаг. Мөн төрийн албан тушаалтан ямар нэгэн сэжигтэй зүйл ажиглагдвал мэдээлэх үүргийг хуулиар хүлээдэг. Хэдэн жилийн өмнөх нэг тохиолдлыг жишээ татахад ижил жингийн хоёр тамирчныг ДАШТ-д оролцуулна гэж хоёр жилийн турш бэлтгэл хийлгэчхээд нэгийг нь явуулахаар болжээ. Гэтэл сонгогдож чадаагүй хүү нь амиа хорлохыг завдсан. Тэгэхээр хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн хүмүүс шударга хандах, багш сурган хүмүүжүүлэгчийн зүгээс тэгш оролцох боломж бүрдүүлэх нь чухал. Тэмцээнд илүү сайн байгааг нь явуулбал амжилт гаргах магадал өндөр байж болох ч анхнаасаа ойлгомжтой байх хэрэгтэй. Хоёр жилийн турш тасралтгүй бэлтгэл хийсэн хүүгийн мөрөөдлийг шууд хөсөрдүүлж болохгүй. Хүн бүрийн сэтгэл зүй өөр тул учрах бэрхшээлийг даван туулах чадвар харилцан адилгүй. Тиймээс улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 800 гаруй сургуулийг бүгдийг нь сэтгэл зүйчтэй болгох хэрэгтэй байна. Мөн Хүүхэд хамгааллын хамтарсан багийнхан сэтгэл зүйн дарамт, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг илрүүлэх, санаа тавих, хууль хяналтын байгууллагад мэдээлэх үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хороо, сумын Засаг дарга, Хүүхэд хамгааллын хамтарсан баг, эцэг, эх, асран хамгаалагч гээд бүх хүн хүүхдийн өмнө үүрэг, хариуцлага хүлээх ёстой. Ялангуяа боловсролын орчинд хүүхэд хамгааллын ажлыг сайжруулах хэрэгтэй” гэв.
Улсын хэмжээнд ерөнхий боловсролын бүх сургуулийн орчинд 10 гаруй мянган камер суурилуулсан гэх мэдээллийг цагдаагийнхан хэлсэн. Ингэснээр үе тэнгийн дээрэлхэлт, зодоон цохион, танхайрах, хулгайлах гэмт хэрэг буурсан гэнэ. Гэхдээ хамгийн чухалд тооцогдож буй сэтгэцийн эрүүл мэнд, ёс суртахууны асуудал орхигдсон хэвээр.