Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Олон ястны өлгий Ховд нутгийнхны итгэлийн тавантаа хүлээн, УИХ-д дархлагдсан хүн бол өнөөгийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Бямбацогт. Цэргийн сургуульд сурч байсан гэдгээрээ тэрбээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд Батлан хамгаалахын сайдаар ажиллав. Сайн, саар ажилласныг нь батлан хамгаалах салбарынхан дүгнэх биз. Эрүүгийн хэрэгт ял шийтгүүлж байсан зөвлөхөө нууцад хамаарах асуудал хэлэлцэх хуралд оруулан суулгаж, хууль зөрчиж байсан нь ил болж, Тагнуулын ерөнхий газраас түүнд албан тоот хүргүүлсэн удаатай. 1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль төгсөн эдийн засагч мэргэжил эзэмшсэн тэрбээр төрийн түшээ болсон хойноо хуулийн сургууль дүүргэсэн. Тодруулбал, МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн эрх зүйч, 2008 оноос хойш тасралтгүй хууль тогтоолцож байгаа нэгэн. Ийм хүн уг нь Төрийн болон албаны нууцын тухай хуулиа зайлшгүй л мэдэж байх ёстой. С.Бямбацогтын хувьд 2016 оноос хойших Засгийн газар болгонд сайд, эсвэл УИХ-ын байнгын хорооны даргын суудалд морилж байсан юм даг. Тодруулбал, 2008-2012 онд “сул” гишүүн, 2012-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, 20162020 оны парламентад нэг жилд нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, дараагийн мөн хугацаанд Ёс зүйн дэд хорооны, түүний дараа онд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын алба хашиж байв.
2020-2024 оны УИХ-д эхний хоёр жилийн хугацаанд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаад, удаахад нь Зам, тээврийн хөгжлийн сайд хийсэн. 1992 онд дунд сургуулиа дүүргэснээс хойш 1998 он хүртэл юу хийж байсан нь намтарт нь тодорхойгүй. Цэргийн сургуульд тухайн жилүүдэд сурч байсан гэдэг ч тэр үе нь тийм их ичгэвтэр байдаг юм болов уу, огт дурсдаггүй аж. 1998 онд “Ховдын өргөө”, 2000-2006 онд “Ньюпрогресс” ХХК-ийн захирал, 2006-2008 онд “Ньюпрогресс” группийн ТУЗ-ийн дарга, 2008 оноос тус группийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад төрийн түшээ болсон талаар намтарт нь бичжээ. С.Бямбацогтын талаар хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг нутгийнх нь зарим сэтгүүлч, сурвалжлагч нар “Ховдын лай, ховдгийн гай” гэсэн гарчигтай нийтлэлдээ “Шуудхан хэлэхэд С.Бямбацогт УИХ-ын гишүүний суудлыг ч, сайдын сэнтийг ч мөнгөөр “үнэ цохин” худалдаж авахдаа гаршсан Монгол төрийн олигархи, даварсан түшээдийн нэг.
Улс төрийг бизнес болгож, бизнесийг улстөржүүлж, дундаас нь ашиг хонжоо унагаж, төрийн албыг төрөл садан, найз нөхөд, ойр тойрныхноороо дүүргэж, яам, агентлаг, салаа салбараар нь самарч, албан тушаалын наймаа үсэргэхдээ гаргуун гаршсан эр” хэмээн бичсэн нь хэвлэлийн хуудаснаа одоо ч хадгалаастай бий. С.Бямбацогт сайдын хувьд нэг бус хэрэгт холбогдож байсан ч тэднээсээ эвтэйхэн бултчихсан юм даг. Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа 2023 оны арваннэгдүгээр сард “Улаанбаатар” төмөр замын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга Н.Энхцогтод халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан байдаг. Үүнийг нь Мөрдөн байцаах албанаас шалгаж байсан ч тэгсхийгээд дарагдсан билээ.
Түүнчлэн Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газарт нөхөн сэргээлт хийх нэрээр ашигт малтмал олборлож, хилээр гаргахын тулд албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, мөнгө угаасан хэрэгт “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү, УЕПГ-ын Тамгын газрын, Хууль зүйн яамны ТЗУГ-ын дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-т шалган, гэм буруутайг нь шүүх тогтоосон. Үүнээс УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг холбогдуулан 2019 оны долоодугаар сарын 29-нд нээсэн 190200632 дугаартай хэргийг прокурорын шийдвэрээр тусгаарласан юм.
Өдгөө түүнд холбогдох хэрэг хэн нэгний шүүгээнд дарагдчихаад байна. Хөгжлийн банкны чанаргүй зээл дуулиан тарьж байх жилүүдэд С.Бямбацогтын хамаарал бүхий “Вестерн холд” ХХК 61 тэрбум төгрөгийн зээл аваад хугацаа хэтрүүлсэн хэмээн зарлаж байсан ч шалгуулаагүй, цементийн үйлдвэр нь өдгөө ашиглалтад ороод байгаа билээ. Тэрбээр тус компанийнхан зээл авахад огт нөлөөлөөгүй хэмээн мэдэгдсэн байдаг. Хуулийн салбар хариуцсан сайд, байнгын хорооны дарга байсны хувиар энэ салбарынханд “ивээгдэж” элдэв хэл амнаас С.Бямбацогт эвтэйхэн бултчихсан гэхэд хислдэхгүй нь.