Монгол ардын намын дотоод талцал нийтэд ил гарчээ. 100 гаруй жилийн түүхтэй эл намд олон жигүүр, бүлэглэл байсаар ирсэн. Гэвч тэдгээрийн эрх ашгийн зөрчлийг гадагш харуулдаггүй, эцсийн шийдвэрээ гаргахаас өмнө саналаа нэгтгэж, зангидаж чаддаг байж. Тиймээс ч тус намын аливаа шийдвэрийг гишүүд нь 100 хувийн саналаар, ярсхийтэл гар өргөн баталдаг байсан юм. Харин одоо намын дарга нь хүчгүй байна уу, бүлэглэлүүдийнх нь зөрчил илүү эрчимжсэн үү, эсвэл ардчиллын салхи үлээж эхлэв үү. Ямартай ч Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотолж чадахгүйгээс огцрох нь тодорхой болсноос эхлэн МАН-ынхны нууж байсан эрх мэдлийн зөрчил сад тавиад байна. Өмнө нь хотын фракц, зүүний хүчний холбоо гэх мэтээр хуваагддаг байсан бүлэглэл одоо 1970, 1980-аад оныхон хэмээх үндсэн хоёр хэсэг болжээ.
Л.ОЮУН-ЭРДЭНЭД ӨГСӨН ГУРВАН САРЫН ХУГАЦАА
МАН-ын үндсэн дүрмийн 24.3-т “УИХ-ын сонгуульд нам олонх болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” хэмээн заажээ. Өөрөөр хэлбэл, намын дарга нь Ерөнхий сайд байх учиртай. Харин яг одоогоор МАН дотор ойлгомжгүй нөхцөл үүсээд буй. Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүний албан тушаалаас огцорсон ч МАН-ын дарга хэвээр байгаа. Г.Занданшатар бол “сул” Ерөнхий сайд. Тэрбээр УИХын гишүүн ч биш, намынхаа дарга ч бус. Дээрх дүрэм ёсоор Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын албан тушаалаа одоо Г.Занданшатарт шилжүүлэх учиртай. Тэрбээр таван жил орчим Ерөнхий сайдаар ажиллахдаа ардчилал, авлигын гол индексүүдийг олон улсад улам унагаж, өөрийг нь шүүмжилсэн болгоныг харлуулах пиар хийн, иргэдээ талцуулснаасаа үүдэн огцорсон билээ. Орлогоо нотолж чадаагүй нь өнгөрсөн жилүүдэд хийсэн ажилд нь тооцох хариуцлагыг илүү эрчимжүүлсэн юм. Өөрөөсөө болсон атлаа бусдыг буруутгаж, намын даргын албаа өгөхгүй хэмээн зөрүүдэлсэн тухай мэдээлэл бий. Тэгэхээр АН-д тохиолдсон шиг талцал, хоёр дарга, хоёр тамганы “адал явдал” энэ намд ч бас өрнөх юм биш биз гэсэн болгоомжлол байна.
Нөгөө талаар зөвхөн Их хурлаар намын даргыг сольж, өөрчлөх учиртай. Мөн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга “саад” болж буй аж. Тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу намууд энэ онд багтаан үндсэн дүрэм, дотоод хөтөлбөр сэлтээ өөрчилж, Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Үндсэн дүрмээ өөрчилж байж намын даргын асуудлыг ярих нөхцөл үүснэ. Тэгвэл МАН-ынхан ирэх есдүгээр сард Их хурлаа хийхээр төлөвлөж байна. Үүгээр дүрмээ болон даргаа өөрчлөх, эсэхээ ярих гэнэ. Тэр болтол Л.Оюун-Эрдэнэ намын даргын эрх мэдлээ эдэлнэ гэсэн үг. Хэчнээн “эрхэллээ” ч тэрбээр том институцийн өөдөөс сөрж арай чадахгүй. Тиймээс түүнд намын дарга хийх гурван сар хүрэхгүй хугацаа л үлдэж байна.
2:1
Намын даргын бүрэн эрхээ дуусахаас өмнө хэд хэдэн ажил амжуулахаар тэрбээр яарч буй бололтой. Өөрөө огцорсон ч 1980-аад оны “найз” нараа эрх мэдэлд хүргэх зорилготой цуврал арга хэмжээ авч байгаа юм. Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх, эсэхийг хэлэлцсэн УИХ-ын нэгдсэн чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэнэт оролцон, хатуухан үг хэлснийг уншигчид санаж байгаа биз ээ. Тиймээс МАН-д өрнөж байгаа үе хоорондын зөрчилдөөнд 1970-аад оныхныг Төрийн тэргүүн, 1980-аад оныхныг Л.Оюун-Эрдэнэ “удирдаж” байгаа гэхэд болно. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 1980-аад оныхны нэг төлөөлөл юм.
Л.Оюун-Эрдэнэ 1980-аад оныхны нэр хүндийг хөлдөө чирээд буусан тул дараагийн Ерөнхий сайдыг тодруулахын өмнө “1980-аад оныхон хариуцлагатай албан тушаал хашиж чадахгүй. Илүү туршлагатай, тулхтай 1970-аад оныхноос дараагийн Ерөнхий сайдыг томилох нь зөв” гэсэн пиарыг ах нар нь түлхүү явуулсан билээ. Тэр ёсоор Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилсон. Гэхдээ МАН-ын Бага хурлын гишүүд өмнөх шигээ 100 хувийн саналаар ярсхийтэл гар өргөсөнгүй. Заалнаас 1980-аад оны төлөөлөл болох УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн нэрийг дэвшүүлэхэд гишүүдийнх нь 34 хувь түүнд саналаа өгсөн юм. Үүнийг гэгээтэй талаас нь “МАН-д ардчиллын салхи сэвэлзлээ” гэж харж болно. Нөгөө талаас энэ бол 1980-аад оныхны эсэргүүцлийн эхний алхам байв.
Шинэ Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх гэж байхад Э.Болормаа, О.Батнайрамдал, Ч.Номин тэргүүтэй 30 гишүүн хуучин сайд нарыг улираахыг эсэргүүцсэн шаардлагыг Г.Занданшатарт хүргүүлсэн. Үүнээс болж Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг тэрбээр төлөвлөсөн хугацаандаа, шуурхай өргөн барьж чадаагүй. Уг арга хэмжээг Л.Оюун-Эрдэнийн талынхан буюу “улаан хамгаалагчид” нь манлайлсан гэсэн үг. Ийнхүү хоёр удаа оролдлого хийсэн ч тэд 1970-аад оныхондоо дийлдсэн юм. Өмнөх Засгийн газарт ажиллаж байсан найман сайдыг Ерөнхий сайд улираасан билээ. Гэвч томилгоо үүгээр дуусаагүй. УИХ дахь МАНын бүлгийн дарга Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болгосон тул түүний орны хүнийг өнгөрсөн даваа гарагт тодрууллаа. 1970-аад оныхноос гишүүн Л.Энх-Амгаланг нэр дэвшүүлсэн бол 1980-аад оныхны фракцаас Ж.Бат-Эрдэнийг зүтгүүлжээ. Ингээд нууц санал хураалтаар Ж.Бат-Эрдэнэ МАН-ын бүлгийн даргаар тодров. Багагүй эрх мэдэлтэй, чухал албан тушаалд томилогдсон эрхэм энэ жил 60 настай, 1960-аад оны төлөөлөл хэдий ч дүү нартайгаа нэг баг гэнэ. Ийнхүү одоогоор эл хоёр бүлэглэлийн эрх мэдлийн хуваарилалт шинээр томилогдож буй албан тушаалын хувьд 2:1 харьцаатай явна. 1980-аад оныхонд УИХ-ын даргын албан тушаал бийг бас мартаж болохгүй.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт МАН, АН, Үндэсний эвслийн гишүүд хамтран УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан. Тэднийг Л.Оюун-Эрдэнийн “хамгаалагч” А.Ариунзаяа ахалжээ. УИХ-ын 11 байнгын хороог найм болгон цөөлж, парламентын зохион байгуулалтыг цомхон, үйл ажиллагааг нь боловсронгуй болгохоор төсөлд тусгасан юм байна. Байнгын хороод 25 хүртэлх гишүүнтэй байхаар хуульд заасан ч зарим нь 11- 12 хүнтэй аж. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороонд Ёс зүйн, Бүсчилсэн хөгжлийн, Эдийн засгийн байнгын хороонд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн, Инновац, цахим бодлогын хөгжлийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Агаар, орчны бохирдлын, Хүнс хөдөө аж ахуйн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд Шинжлэх ухааны, Соёл, спорт, залуучуудын дэд хороог тус тус байгуулахаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, нэр дурдсан байнгын хороодыг татан буулгаж, бусдад нь нэгтгэнэ гэсэн үг.
Байнгын хороодын даргыг жил тутам өөрчилдөг. Энэ бол тусгай унаа унаж, эрх ямба эдэлдэг албан тушаал. Тиймээс ээлжлэн “бялуу” болгон хуваарилдаг. Гэтэл эл албан тушаалыг нь гурваар цөөлж, горилогчдыг гонсойлгох нь. УИХ-аар уг хуулийн төслийг хэлэлцэж эхлээд буй юм.
Есдүгээр сард Их хурал нь болтол МАНын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ мэт хүмүүсээрээ эсэргүүцлийн шинжтэй алхам хийлгэсээр байж мэдэх нь. Харин “уламжлал ёсоор” тэр өөрөө ил гарахгүй. Огцорсноосоо хойш тэрбээр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд ч огт оролцохгүй байгаа юм билээ. Нөгөө талд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаа өөрийн талд авсан. Танхимыг нь ч санаснаараа бүрдүүлчихлээ. Удахгүй намын даргаа ч бас авна. Дүрэм нь тийм юм хойно.
Нэг талд байдаг намын дарга, Ерөнхий сайдын суудал салсан, нөгөө талаар хурдхан “холио солио” хийе гэхээр хуулийн тохироо бүрдэхгүй байгаа нь энэ намынхны зөрчлийг ийнхүү гааруулж, илчлэхэд хүргэжээ. Цаашид МАН-ынхан АН-ын гунигт түүхийг давтахгүйн тулд үеэрээ талцах биш, ойлголцоод, харилцан буулт хийж ажиллах нь зөв сонголт биз ээ.