-Энэ оны эхний хагаст 663 хүн хоолны хордлогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ-
Хүүхдийн зуслан, амралт, сувиллын газруудад сүүлийн үед хоолны хордлого шил дараалан гарч, олон хүүхэд, залуус эмнэлэгт хэвтэн эмчлүүлэв. Үүний улмаас эцэг, эхчүүд хүүхдээ зусланд, настай аав, ээжийгээ амралт, сувиллын газарт явуулахаас халшрах болжээ. Амраах гэж явуулсан биш, идсэн хоолондоо хордоод, эм, тариа болоод ирэхээр ямар хэрэг байх билээ.
Баримт-1
“Эрдэнэт үйлдвэр”-ийн харьяа “Найрамдлын эрдэнэс” зусланд амарч байсан хүүхдүүд энэ сарын 15-нд хоолны хордлогод өртсөн юм. Тус зусланд 322 хүүхэд амарч байсан бөгөөд өдрийн хоолоо идэж, тараг уусны дараа заримынх нь гэдэс өвдөж, дотор ньмуухайрахшинж тэмдэг илэрсэн байна. Орон нутгийн эмнэлэгт болон ХӨСҮТ-д нийт 170 гаруй хүүхэд, багш, ажилчин тусламж, үйлчилгээавсан бөгөөд эрүүл мэндийн байгууллагын хийсэн анхан шатны шинжилгээгээр зуслангийн туслах тогооч, нэг багшаас цусан суулга өвчний халдвар илэрсэн юм. Халуурах, гэдэс базлах, шингэн алдах зэрэг шинж тэмдгээрилэрдэгцусан суулга нь хүнээс хүнд бохир гараар, эсвэл бохирдсон хоол, ус хэрэглэснээр дамждаг халдварт өвчин юм. Мөн бактериологийн шинжилгээгээр зуслангийн хоол, хүнснээс нян илэрсэн нь энэ халдварын гол эх үүсвэр байж болзошгүйг мэргэжилтнүүд тухайн үедээ анхааруулж байв.
Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр тус зусланг бүрэн халдваргүйтгэж, үйл ажиллагааг нь түр зогсоосон. Уг нь хүүхдүүдийг хүлээж авахаасаа өмнө орчин, гал тогоогоо бүрэн ариутгаж, хоол, хүнснийхээ тээвэрлэлт, хадгалалтад онцгой анхаарч, тогооч, ажилтнууддаа ахуйн замаар дамжих халдвар гаргахгүй байхад бүрэн анхаарах байв.
Баримт-2
Өмнөговь аймгийн хоёр ч уурхайд өнгөрсөн дөрөвдүгээр сард хоолны хордлого бүртгэгдсэн. Тодруулбал, тус аймгийн Цогтцэций, Гурвантэс сумд байрладаг уурхайн 119 ажилчин хоолондоо хордож, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн билээ. Халдварын голомтод тус төвийн эмч нар ажилласан бөгөөд 700 гаруй хүнээс асуумж судалгаа авсан байна. Энэ тухайд ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга Н.Сувдмаа “Хордлогод орсон хүмүүс 19-60 насныхан бөгөөд усархаг шингэнээр суулгах, толгой өвдөх, гэдэс базлах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн байсан. Нян судлалын шинжилгээ авахад эхний байдлаар сальмонелла хэмээх нянгаар үүсгэгддэг гэдэсний халдвар илэрсэн. Энэ төрлийн нян бактери нь сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, цөцгийн тосонд үрждэг. Ахуйн замаар дамждаг” хэмээсэн.
Баримт-3
Амралт, сувиллын газруудын гол үйлчлүүлэгч нь тэтгэврийн насныхан. Тэд эрүүл мэндийн даатгалаар буюу хөнгөлөлттэй үнээр жилд 1-2 удаа амарч сувилуулах эрхтэй байдаг. Гэвч амралт, сувиллын газруудын ихэнх нь үйлчилгээ маш муу, ажилтнуудынх нь зан харилцаа, орчин нөхцөл тааруу, дээрээс нь амт, чанаргүй хоол өгдөг болохыг ахмадууд ам уралдан ярьдаг юм билээ. Тухайлбал, “Тархи”, “Энхсаран”, “Газарчин”, “Хужирт”, “Элма хужирт”, “Амарсанаа гүнж”, “Оргил”, “Мойлтын тохой”, “Ургамал” зэрэг бараг л бүх амралтын газрын үйлчилгээ “тэг” байгааг тэд хэлж байна. Настай хүмүүсийн бие, махбодын онцлогт тохирсон хоол, хүнс, ариун цэврийн байгууламж бол хамгийн чухал бөгөөд наад захын хэрэгцээ. Гэтэл амт, чанар муутай усан шөл өгдөг, тэр бүү хэл түүхий хоол өгөөд “Идвэл ид, та нарын өгсөн 70 мянган төгрөгт тохируулж үйлчилж байна” гэх нь холгүй ааш авир гаргадаг талаар Баянзүрх дүүргийн иргэн Г ярьсан юм. Ирэх онынэгдүгээрсарын1-нээс сэргээн засах төв болон сувиллын орхоногийнтөлбөрийг нэмж буй. Нэмсэн шигээ үйлчилгээгээ сайжруулж чадах уу.

“ТОГООЧ НЯН ТАРААГЧ БАЙЖ БОЛОХГҮЙ”
“Урин дулааны цагт хоолны хордлого, гэдэсний халдварт өвчин угаасаа л нэмэгддэг. Хүүхдийн зуслан болон хүмүүс олноороо нэг дор ажилладаг уул уурхайн газруудад эрсдэл өндөр. Гараа сайн угаа. Тогооч гэдэсний халдварын нян тараагч байж болохгүй” гэх ойлгомжтой зүйлийг хэд хоногийн өмнө Эрүүл мэндийн сайд ярина лээ. Түүнийхээр бол идсэн хоолондоо улсаараа хордоод, эмнэлгийн ачааллыг нэмж, эрүүл мэндээрээ хохирох нь хэвийн үзэгдэл үү.
Ийм байж болохгүй хэмээгээд“Найрамдлын эрдэнэс” зусланд хүүхдүүд олноороо хордсон нь хариуцлагагүй байдалтай холбоотой. Учир шалтгааныг ньяаралтай олж, хариуцлага алдсан хүмүүст арга хэмжээ авахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндонд Ерөнхий сайд даалгасан. Гэвч одоогоор хэнд ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй байна. Тус зуслангийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд зургаа, долоодугаар ээлжийн хүүхдүүдийг хүлээн авах боломжгүй байгаа юм. Ажлын хэсэг ажиллаж буйгэх жижүүрийн үгийг тус зуслангийнхан хэлсэн. Дээрх зуслан хоол, хүнсээ орон нутгаасаа болон нийслэлээс зөөвөрлөдөг бөгөөд тендер зарлаж, шалгарсан компани нийлүүлдэг гэх тайлбар өгсөн юм.
Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, найз нөхөдтэй болж, амарч, тоглож, шинэ зүйл сурна гэсэн өөдрөг тэмүүллээр зусланд ирсэн хүүхдүүд амрах нь бүү хэл эрүүл мэндээрээ хохирчихлоо. Хоолны хордлогын дараа бие, махбод сульдаж ядрахаас гадна, сэтгэл зүйд ч сөргөөр нөлөөлдөг гэдэг. Тухайн газар дахин очихоос айх, хоол идэхээс эмээхгэх мэт сэтгэл зүйн хувьд ч стресс, айдас үүсдэгийг эмч нар хэлсэн. Гэтэл хүүхдүүдийн очихыг мөрөөддөг, улсдаа ганц, олон улсын “Найрамдал” зусланд хүртэл байсхийгээд л хоолны хордлого гардаг. Олон улсын гэх тодотголтой зусланднь ийм байхад бусдынх нь орчин нөхцөл, хоол, хүнс эрүүл ахуйн шаардлага хангадаг, эсэх нь эргэлзээтэй. Зусланд зуны гурван сар ажиллах эмч, тогооч ажилд авна гэх зар цахимд бишгүй. Зарим ньбүр мэргэжлийн бус ч хамаагүй хүн авдаг юм билээ. Хүүхдүүдийг зусланд очиход нь эмчийн үзлэгт оруулж, цагаан хорхойн болон бусад шинжилгээний бичиг шаарддаг ч энэ ньзүгээр лнэр төдий байх нь бий. Мэргэжлийн бус хүний хийсэн хоол ямар байх нь ойлгомжтой. Амралт, сувиллын газрууд ч ялгаагүй хэн дуртай ньхоол, эмчилгээ хийдэг гэхэд хилсдэхгүй.
Сүүлийн үед зуслангууд хүүхдүүдийг гар утастайамрахыг хориглох болсон. Хүүхдүүдээ дэлгэцээс хэд хоног ч болов холдуулж, нүдийг нь амраая гэсэн эцэг, эхчүүд энэ саналыг нь сайшаан дэмждэг. Гэвч харамсалтай нь, ямар орчинд ямар хоол, хүнс өгч буйньтодорхойгүй, хүүхдийнх нь эрүүл мэндээр “тоглож” чмэдэхгазруудад холбоо барих утасгүй явуулна гэдэг аз сорьсон хэрэг болоод байна. Хоолноосоо хордож, дотор нь муухайрч, толгой нь өвдсөн хүү эрийн сайндаа хүний гар утсаар аав, ээжтэйгээ холбоо барьж, эмнэлгийн тусламж яаралтай авсан жишээ хүртэлбий. Ингэж холбогдож, эцэг, эхээ дуудаж чадаагүй бол юу болох байсныг таашгүй.
ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭГСЭД ГУРАВ ДАХИН НЭМЭГДЖЭЭ
Улсын хэмжээнд энэ оны эхний зургаан сарын байдлаар хоолны хордлогын улмаас 663 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Тэдний 468 нь Улаанбаатар хотод харьяалалтай аж. Энэ нь зүгээр нэг давс, элсэн чихрийн уусмал уугаад намжчих бус, заавал эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай буюу хүндэрсэн тохиолдол гэсэн үг. Өнгөрсөн оны хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хоолны хордлогын улмаас 202 хүн хэвтэн эмчлүүлснийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн хэлж байна. Гэтэл энэ оны эхний хагаст 663 хүн эмчлүүлсэн нь өмнөх жилийнмөн үеийнхээс 461-ээр олон буюу гуравдахиннэмэгдсэнүзүүлэлт юм. Тухайлбал, Баян-Өлгий аймагт энэ оны эхний хагас жилд 65, Хэнтийд 59, Өмнөговьд 39 хүн хоолны хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авчээ.
2025 оны эхний хагас жилд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн байгууллагад хоолны хордлогын зургаан удаагийн дэгдэлт бүртгэгдэж, 451 хүн өвчилснийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн УИХ-ын чуулганыээлжит хуралдаанаар танилцуулсан. Арга ч үгүй биз. Цэцэрлэг, сургууль, зуслан зэрэг хүүхдүүд олноороо цуглардаг газрын хэдэд нь ядаж аяга, таваг угаах, ариутгах автомат төхөөрөмж бий билээ. Ихэнхэд нь тогооч, туслах нар халтар хултар угаасан болоод л хоолоо аягалж байгаа. Жишээ нь, Шадар сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн энэ оны эхний хагас жилд долоон аймгийн нийт 15 сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлыг тандаж судалсан юм. Гэтэл ихэнх сургуулийн гал тогооны хэрэгслээс гэдэсний савханцар үүсгэгч нян илэрсэн байна. Энэ мэтээр хоол үйлдвэрлэл, тэр дундаа хүүхдийн байгууллагын гал тогооны нөхцөл байдал ямар байгааг хангалттай харж, шалгалаа. Одоо ажил хэрэг болгож, боловсролын байгууллага төдийгүй нийтийн хоолны салбарт эрүүл ахуйн стандарт мөрдүүлэх, мэргэжлийн хүн ажиллуулах, хоол, хүнсний бүтээгдэхүүнийг аюулгүй тээвэрлэх, нийлүүлж буй компанид тавих шаардлагыг өндөрсгөх гэх мэтээр гарт баригдаж, нүдэнд харагдах ажил хийвэл яасан юм бэ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар хэд хоногийн өмнө зуслангийн үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг байгуулсан. Саяхан тэдхуралдаж зуслангуудад хэрхэн “санаа тавих” талаар хэлэлцсэн юм. Хэлэлцэж дууссан бол хэрэгжүүлэх цаг болжээ. УИХ-ын ээлжит чуулганаарсургалтын байгууллага, хүүхдийн зуслан, уул, уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага зэрэг олон хүн цугласан орчинд гэдэсний өвчин, хоолны хордлогот халдвар гарахаас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх үүргийгхолбогдоххүмүүстньдаалгасан. Мөнхүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, аймгуудын Стандарт хэмжил зүйн хэлтсийн сорилтын лабораториудын хүчин чадлыг сайжруулж, хордлого, халдвар гарсан үед шуурхай, хамтарч ажиллах, харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, хүүхдийн байгууллагын үйл ажиллагаа, хүнсний худалдаа үйлчилгээнд тогтмол хяналт тавьж, эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг сайжруулах арга хэмжээ авнагэснийгсануулахад илүүдэхгүй биз.