Засгийн газрын гишүүд, Эрчим хүчний реформын үндэсний хорооныхон “Эрчим хүчний салбарт нүүрлэсэн техникийн болон санхүүгийн хосолсон хямралыг даван туулахын тулд цахилгаан, дулааны тарифыг шинэчлэхээс аргагүй” хэмээн удтал ярьж, иргэд, олон нийтийг баахан талцуулсны эцэст өнгөрсөн оны аравдугаар сард эхний “реформ”-оо хийсэн. Тэр нь айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгааны тарифыг хэрэглээний түвшнээс нь хамааран кВт/ цаг тутамд 30-85 хувиар нэмсэн шийдвэр байсан юм. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын эхлүүлсэн энэ “реформ”-ыг Г.Занданшатарын танхимынхан буухиалан үргэлжлүүлж, 2025-2026 оны намар, өвөл ус, дулааны төлбөрийг цахилгааныхтай ижил хэмжээнд дахиад нэмж болзошгүй байна.
Сайд, дарга нар цахилгааны үнэ өсгөсөн шийдвэрийг танилцуулахдаа “Хэрэглээний усны тарифыг 2025 оны эхнээс 25, дулааныхыг тавдугаар сарын 1-нээс 85 хувиар нэмэхээр төлөвлөсөн”-өө мэдэгдсэн. Дараа нь Эрчим хүчний зохицуулах хорооноос энэ оны долоо, наймдугаар сараас эхлэн дулааны үнийг үе шаттай нэмэх шийдвэр гаргаснаа зарласан билээ. Харин энэ төлөвлөгөөт шийдвэрийг нь Төвбанкны мэдэгдэл, олон улсын зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүний ханшийн уналт, үүнээс үүдэлтэй Монголын эдийн засагт тусаж эхэл¬сэн сүүдэр, иргэд, олон нийтийн эсэргүүцэл, шүүмжлэл хязгаарласан. “Хэрэглээний суурь зардал болох цахилгааны тарифыг 30-85 хувиар нэмсэн нь бараа, үйлчилгээний үнэ өсөх, иргэдийн амьжиргаа, худалдан авах чадвар муудах эрсдэлийг дагуулж байна. Энэ байдлаар ус, дулааны төлбөрийг нэмбэл инфляцыг зорилтот түвшинд барихад сөргөөр нөлөөлнө” гэсэн мэдэгдлийг Монголбанкнаас удаа дараа гаргас¬ны дараа Засгийн газар эл шийдвэрийг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулсан. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнийн танхимынхан цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзээд хэрэглээний ус, дулааны үнэ нэмэх хугацааг 2025 оны намар болгож хойшлуулснаа өнгөрсөн гуравдугаар сард зарлаж байлаа. Тэгвэл энэ товлолт хугацаа юу юугүй хаяанд тулж ирлээ. Дахин хойшлуулах уу, төлөвлөсөн ёсоороо хэрэгжүүлэх үү гэдэг нь анхаарал татсаар.
Засгийн газар болон салбарын яамнаас ус, дулааны үнэ нэмэхтэй холбоотой албан ёсны ямар нэгэн мэдээллийг одоогоор өгөөгүй. Эрчим хүчний яам болон Эдийн засаг, хөгжлийн яамныхнаас энэ талаар тодруулахад шийдтэй хариу хэлсэнгүй. ЭХЯ-ныхан “Засгийн газрын түвшинд ид ярьж байгаа асуудал” гэв. Харин Эрчим хүчний зохицуулах хорооныхон “Цахилгаан, дулааны үнийг нэмэх шаардлагатай гэдэг судалгаа, тооцоололд үндэслэсэн шийдвэрээ бид дээд шатны зохих байгууллагад хүргүүл¬сэн. Хэзээнээс хэрэгжүүлэхийг мэдэхгүй” хэмээн зайлсхийлээ. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын эх сурвалж “Цэвэр, бохир усны үнийг энэ намраас, дулааныхыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэх тов дуулдаж байна. Шийдвэр хэрэгжүүлэх хугацааг нааш, цааш болгох, нэмэгдлийн хувь хэмжээг өөрчлөх асуудал яригдахаас биш, цуцална гэсэн ойлголт байхгүй” гэсэн юм.
Үүнтэй холбоотой хамгийн сүүлийн мэдээлэл гэвэл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн мэдэгдэл, байр суурь. Уржигдар болсон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах өргөтгөсөн хуралдааны үеэр тэрбээр дулааны цахилгаан станцууд, тэдгээрийг нүүр¬сээр хангагч уурхайнуудын санхүүгийн нөхцөл байдал туйлын хүнд байгааг дурдаад “Цаашид цахилгаан, дулааны үнэ тарифыг нэмэхгүй бол дахиад л их хэмжээний өр үүсэж, алдагдал хүлээнэ. Орон нутгийн дулааны цахилгаан станцуудаас болон төвийн эрчим хүчний системээс нийлүүлж буй цахилгаан, дулааны үнэ тарифын талаар бид Ерөнхий сайдад дахин танилцуулга хийж, хүнд хэцүү, шүүмжлэлтэй асуудлыг шийдэхгүй бол байнга ийм нөхцөл байдалтай тулна гэдгийг анхааруулъя” гэсэн юм.
Ус, дулааны үнэ нэмэх нь цаг хугацааны асуудал, магадгүй эрчим хүчний тарифыг ч дахин шинэчилж болзошгүй гэдэг нь түүний энэ байр сууриас тодорхой харагдаж буй. Харин чухам хэзээнээс вэ гэдэг нь бүрхэг. Өнгөрсөн оны сүүлчээр цахилгааны үнэ нэмэхэд сайд Б.Чойжилсүрэн яг ингэж зовлон тоочиж, уйлан дуугарч, учирлан гуйхын завсарт элдэв мэдэгдэл хийсээр санаснаа гүйцэлдүүлсэн. Хэдийгээр Эрчим хүчний зохицуулах хорооноос салбарынхаа бодит нөхцөл байдалд үнэлгээ хийсний үндсэнд ийм санал хүргүүлсэн гэх ч сайд нь энэ шийдвэрт гол үүрэг гүйцэтгэсэн юм.
Тэрбээр “Өмнөх Засгийн газрын гишүүд, салбарын сайд нар улс төр хийж явсаар цахилгаан, дулааны үнийг нэмж чадалгүй эрчим хүчний салбарыг хүнд нөхцөлд оруулсан” хэмээн бурууг бусдад нялзааж, “Тулгамдаад удсан, ужгирсан асуудлуудад тогтолцооны реформ хийж, алдагдлаа нөхөхийн тулд шүүмжлүүлээд ч хамаагүй цахилгааны үнийг нэмэх ёстой” гэж зүтгэсээр тарифыг нь шинэчилсэн. Үүнийхээ өмнөхөн санхүүгийн хүндрэлээс үүдэлтэй эрчим хүчний салбар дахь засвар, шинэчлэлийн ажлын удаашрал, түлш шатахуун, сэлбэг материалын хангамж, ажиллагсдын цалин, урамшуулалтай холбоотой баахан “зовлонг” зохион байгуулалттайгаар нийгэмд дэлгэн үзүүлсэн. Гэвч цахилгааны үнэ нэмснээс хойш эдгээр асуудал ор тас “мартагдсан” гэхэд болно. Эрчим хүчний реформын үндэсний хорооныхон нь төсөв санхүүгийн асуудлаас болоод дотроо толхилцож эхэлсэн, цахилгаан дамжуулах, түгээх компаниуд нь өвлийн ид оргил ачааллын үе дууссаны дараа ч засвар, шинэчлэл хийх нэрээр нийслэлчүүдийн хэрэглээг олон цагаар хязгаарлаж зутраасан. Үндсэндээ цахилгааны үнэ нэмснээс хойш эрчим хүчний салбарт сайнаар өөрчлөгдсөн зүйл үгүй. Харин одоо ус, дулааны төлбөрийг нэмбэл юу өөрчлөгдөх вэ.
Хамгийн тодорхой хийгээд бодитой үр дүн нь гэвэл ус, дулааны тарифын өсөлтийг дагаад хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нэмэгдэнэ. Инфляц өсөхийн хэрээр иргэдийн амьжиргаа, худалдан авах чадвар муудах нь ч тодорхой. Хоногийн хоолоо арайхийн залгуулдаг зорилтот бүлгийн иргэд, дээсэн дөрөөн дээр дэнжигнэж яваа дундаж давхаргынханд энэ шийдвэр хүндээр тусна. Улаанбаатар хотод орон сууцад амьдардаг айлууд нэг метр талбайн зардлыг 506 төгрөгөөр тооцон халаалтын төлбөр төлдөг. Хэрэв үүнийг 85 хувиар нэмбэл 55 ам метр байртай айл 27 830 төгрөг төлдөг байсан нь 51 485 төгрөг болж нэмэгдэнэ гэсэн үг. Үйлдвэр, аж ахуйн нэгжийн дулааны төлбөр орон сууцынхаас 100 төгрөгөөр илүү тул мөн тэр хэмжээгээр нэмэгдэх юм.
Үндсэндээ уг шийдвэр иргэдийн нуруунд ачаа нэмнэ л гэсэн үг. Харин сайд, дарга нарын яриад буй шиг өөрчлөлт шинэчлэл, хөгжил дэвшил авчрахгүй. Гагцхүү тэдэнд төсөв зардал, тансаглалаа тэлэх боломжийг олгож магадгүй юм.
Инфляц, татварын дарамт өндөр манайх шиг оронд суурь үнэтэй холбоотой аливаа асуудалд эрх баригчид хянуур хандаж, олон талаас нь бодож байж нухацтай, тулхтай шийдвэр гаргах ёстой. Гэтэл бодит байдалд эрчим хүч, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын хамаг зовлон, тулгамдсан бэрхшээлийн уг үндэс нь тарифын хязгаарлалт хэмээгээд, реформ хийх, эр зоригтойгоор асуудалтай нүүр тулах нэрийн дор иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ “халаасыг тэмтрэх”-ийг урьтал болгож болохгүй.
Эрчим хүчний салбарт реформын шинжтэй өөрчлөлт хийх болсон гэдэгтэй хэн ч маргахгүй. Төрийн оролцоог хязгаарлаж, зах зээлийн зарчмаар тариф тогтоох шаардлага ч бий. Гэхдээ яг өнөөгийнх шиг хөл, толгой нь алдагдчихсан, тогтолцоо нь тэр чигээрээ ганхчихсан нөхцөлд үнэ тарифыг дур зоргоороо толгой мэдэн нэмэхээс илүү салбарынхаа суурь асуудлыг “оношлох”, сайд, дарга нарынхаа үрэлгэн зардал, тансаглал, шамшигдуулалтыг хязгаарлахад анхаарах нь илүү үр дүнтэй, бодитой ажил болох юм. Үнэ нэмэх болохоороо алдагдал, өр төлбөрөө дийлэхээ байснаа “гайхуулдаг”, түүхэн ой, баяр ёслол тэмдэглэхээрээ тэрбум тэрбумыг гар татахгүй хандивладаг хүмүүс эрчим хүчний салбарт шинэчлэл хийхийн төлөө сэтгэл, зүтгэл гаргахгүй нь тодорхой шүү дээ. Иймд иргэн төвтэй төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг өөрчлөлтийн эхлэл хэмээн тодорхойлж, татвар, хураамж, төлбөрийн дарамтыг хязгаарлах бодлого баримталж буй гэх Г.Занданшатарын Засгийн газрыг хямралаар халхавчилсан энэ мэт хуумгай шийдвэрүүдэд хянамгай хандаасай гэж хүсэх байна.
Ойрын үед, ялангуяа “ТЭЦ-3”-т өнгөрсөн зургаадугаар сард гарсан ослоос хойш дулааны цахилгаан станцуудын үйл ажиллагаа, хүчин чадал доголдож, засвар, шинэчлэл удаашран, хөрөнгө санхүү гачигдсантай холбоотой элдэв бэрхшээл байнга яригдах боллоо. “Ирэх өвөл цахилгаан, дулаан хязгаарлахаас аргагүй нөхцөл үүсээд байна” гэсэн сүрдүүлгийн шинжтэй мэдээллүүдийг ч зориудаар нийгэмд түгээж байх шиг. Эрх баригчид, сайд, дарга нар аливаа “зовлон бэрхшээл”-ийг зохиолгүйгээр, зорилгогүйгээр тоочдоггүй гэдгийг бид энэ олон жилийн туршлагааараа эрхбиш гадарладаг болсон. Магадгүй тэд ус, дулааны үнэ нэмэх ээлжит “реформ”-оо саадгүй хийхийн тулд ийн “жүжиг тоглож” буйгаас зайлахгүй.
Н.Мишээл