Төсөв хөрөнгө, болгоё, бүтээе гэсэн чинхүү эрмэлзэл, нарийн төлөвлөлт, хяналт, удирдлага, нөлөө бүхий байгууллага, албан тушаалтны дэмжлэг байхад томоохон бүтээн байгуулалтын ажлыг Монголд богино хугацаанд саадгүй дуусгаж болдгийн тод жишээ нь “Чингис хаан” үндэсний музейн барилга юм. Тус музейг Их хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулж байгуулах шийдвэрийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн байхдаа гаргаж, ажлыг нь хоёр жилд багтаан дуусгах үүрэг даалгаврыг холбогдох хүмүүст өгч, төсөв хөрөнгөөс эхлээд газрын асуудлыг нь хүртэл шийдэн, ашиглалтын өмнөх захиргаа, эрдэмтдийн зөвлөл томилж, ёстой л байдаг чадлаараа зүтгүүлсэн. Ингэсний хүчинд “Чингис хаан” музейг хоёр хүрэхгүй жилийн дотор 60 гаруй тэрбум төгрөгөөр барьж, Их хааны мэндэлсний түүхэн тэгш ойгоор буюу 2022 оны намар ашиглалтад оруулсан билээ. Харин энэ музейд газраа булаалгаж, Үлэг гүрвэлийн төв музейн (хуучнаар Лениний) эзэмшил рүү “нутаг заагдсан” Байгалийн түүхийн музейнхэн одоо болтол өөрийн гэсэн байр савтай болоогүй, “айлын хаяа” бараадсан, ховор нандин үзмэрүүдээ зориулалтын бүс орчинд дэлгэсэн хэвээрээ. Хийх хүнд арга, хийхгүйд нь шалтаг олддог гэхчлэн хэн нэгэн албан тушаалтны дэмжлэг татаас, шахалт шаардлага, анхаарал, хяналт үгүй л бол Монголд ямар ч ажил урагшилдаггүйн жишээ нь Байгалийн түүхийн музейн барилга болж байна.
Хөшигний цаадах бодит үнэн
Энэ музейн газрыг төр булаан авч, өөр газарт шилжүүлэн барихаар шийдвэрлээд зургаан жилийн нүүр үзлээ. Барилгыг нь 2020-2024 онд барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч энэ хугацаа дуусах алдад арайхийн ажлыг нь эхлүүлсэн. Үндсэндээ гүйцэтгэгч компанийнхан ажлаа эхлүүлээд 11 сар л болж байна. Өдгөө тус музейнхэн болон ССАЖЗЯ-ныхан “Шинэ барилгын ажил төлөвлөгөөний дагуу шуурхай үргэлжилж байна” хэмээн пиар хийж буй ч ажил нь эхнээсээ хэрхэн завхарч, хугацаа алдсаныг энд дурдсан он цагийн дараалал бүхий баримтуудаас харж болно.
Музейн барилгыг барих ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2020 оноос хойш хоёр яам, нэг агентлаг ээлжлэн нийт есөн удаа зарлажээ. Үүний баримт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системд бий. Газар нь бэлэн, барилгын суурийг нь цутгачихсан, төсөв санхүүг нь ч шийдчихсэн гэх зовлонгүй ажилд компаниуд яагаад оролцохоос дөлж ирсэн бэ. Тендерийн захилагчид бол “Ийм хэмжээний нүсэр бүтээн байгуулалт хийх туршлагатай, чадамжтай, хүн хүчний нөөцтэй компани Монголд алга” гэх утга агуулгатай тайлбарыг удаа дараа өгч байсан. Харин ССАЖЗЯ-ны Соёлын өвийн бодлогын хэрэгжилт хариуцсан шинжээч үүнийг төсөв хөрөнгийн хүрэлцээгүй, төлөвлөлтгүй байдалтай холбож тайлбарласан. Өөрөөр хэлбэл, тус барилгыг барихад шаардлагатай санхүүжилтийг бүрэн шийдсэн гэх мэдээллийг холбогдох яам, байгууллагынхан олон нийтэд өгч ирсэн ч эхний жилүүдэд санхүүжүүлэх төсөв нь хэт бага, хэмжээгээрээ Ази тивд долоодугаарт эрэмбэлэгдэх цогцолбор гэхэд нийт өртөг нь зах зээлийн ханшаас эрс доогуур байсныг тэрбээр хэлсэн юм.
Tender.gov.mn сайт дахь баримтуудаас харахад ч энэ нь тодорхой харагдаж байна. Музейн барилгын төсөвт өртгийг анх 120 тэрбум төгрөг хэмээн тооцсон ч батлахдаа 94.4 тэрбум болгож бууруулжээ. Тендер зарлахдаа эхний жилүүдэд санхүүжүүлэх төсвийг нь 12-18 тэрбумаар хязгаарлаж байж. Ингээд гүйцэтгэгч олдохгүй, шалгаруулалт зарлаад ч нэмэргүй болоод ирэхээр аргагүйн эрхэд төсвийг нь 138.3 тэрбумд хүргэн нэмэгдүүлж, эхний жилийн санхүүжилтийг нь ч хоёр дахин өсгөжээ. Ингээд 2023 онд зарласан хоёр дахь шалгаруулалтаараа гүйцэтгэгч компаниа “олж” авчээ.

Харамч хүн хоёр дахин төлдгийн үлгэр
БСШУЯ (хуучнар)-ныхан музейн барилгын зураг төслийг мэргэжлийн компанийнханд 300 гаруй сая төгрөг өгч, хийлгэжээ. Үүнд үндэслэн төслийн нийт төсвийг анх 120 тэрбум төгрөг хэмээн тогтоож. Энэ төсвийнхөө 25 тэрбумыг Байгалийн түүхийн музейн барилга барих газарт зочид буудал, аялал жуулчлалын зориулалтаар суурь цутгаж, “араг яс” босгосон “Шинэхэн групп” хэмээх компанид нөхөн төлбөр байдлаар өгсөн гэх мэдээлэл бий. Тус компани 2016 онд болсон АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтад зориулж Их тэнгэрт томоохон бүтээн байгуулалтын ажил эхлүүлээд орхисон юм билээ. Үүнийг нь манай Засгийн газар хууль ёсны дагуу худалдан авч, соёлын барилга, байгууламжийн зориулалтаар ашиглахаар шийдвэрлэсэн хэрэг. Тэгэхээр эл музейн барилгын суурийг 25 тэрбумаар худалдан аваад, энэ зардлаа нийт санхүүжилтээсээ хасчихсан гэсэн үг. Улмаар санхүүжилт нь хүрэлцэхгүй болонгуут халааснаасаа дахин 43.9 тэрбумыг гаргахаар шийдэж. Харамч хүн хоёр дахин төлдгийн үлгэрээр эхнээсээ хуумгай, тооцоогүй хөдөлснийхөө шанг ийн хүртжээ.
Энэ бол манай улсад төсөл, хөтөлбөр сунжирч бүтэлгүйтдэг гол шалтгаан, сүүлийн жилүүдэд элбэг тохиолдох болсон үзэгдэл. Төр “өмнөө овоолсон” их ажлаа эрэмбэ дараатай, нарийн төлөвлөлт, зохион байгуулалттай хэрэгжүүлж хүчрэхгүй, хөрөнгө хүчээ хий дэмий зүйлсэд баахан тарамдсаар хамгийн чухал, үнэ цэнтэй төслүүдээ хойш тавьж, хүрэлцээгүй төсөв мөнгө хуваарилан аргацаасаар ирсний бодитой жишээ нь Байгалийн түүхийн музейн барилга юм. Сангийн яамныхан ч судалгаа, үнэлгээ хийгээд хоёроос олон удаа тендер зарлаж буйн гол шалтгаан нь төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг бодитой тооцоогүйгээс үүдэлтэй гэж дүгнэсэн байдаг. Гэхдээ энэ нь ихэнх тохиолдолд дээрээсээ ямар нэгэн “крандагч”-гүй буюу дэмжлэггүй төслүүдэд хамаатай гэдгийг дурдах нь зүйтэй.
2019.10.19 Засгийн газраас Байгалийн түүхийн музейн барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй гэдэг үндэслэлээр нурааж, Богдхан уулын Их тэнгэрийн аманд шилжүүлэн барих, суурин дээр нь “Чингис хаан” үндэсний музей байгуулах шийдвэр гаргав.
2020.02.19 Байгалийн түүхийн музейн барилгыг 94.4 тэрбум төгрөгөөр барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг БСШУЯ-наас зарлаж, ажлыг нь тухайн оны дөрөвдүгээр сард эхлүүлэн, 2024 оны эхний улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөснөө танилцууллаа.
2021.03.10 Соёлын яам музейн барилгыг барих гүйцэтгэгчийг тодруулах тендерийг хоёр дахь удаагаа зарлалаа. Барилгын зураг төсөл, төсөв санхүүжилт бэлэн ч томоохон цогцолбор барих хүчин чадалтай компани олдохгүй байна гэж албаныхан мэдэгдэв.
2022.08.24 Боловсролын болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас музейн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тендерийг тус бүр хоёр, Төрийн худалдан авах ажиллагааны газраас гурав, нийт долоон удаа зарлаад ч “эзнийг” нь тодруулж чадаагүйг Соёлын яамнаас мэдээллээ.
2023.03.15 Байгалийн түүхийн музейн барилгыг 138.3 тэрбум төгрөгөөр бариулах тендерийг Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарлажээ. Тус ажлыг эхний жилд нь 29.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төсөвт тусгав.
2023.08.01 Тухайн онд хоёр дахиа зарласан тендерт “Содон номин констракшн” хэмээх компани шалгарч, гэрээ байгуулах эрх авсныг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд бүртгэв.
2024.09.05 Байгалийн түүхийн музейн барилгын ажлыг Их тэнгэрийн аманд эхлүүлэх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, товлосон хугацаанд, чанартай барьж ашиглалтад оруулахыг гүйцэтгэгч компанийнхнаас хүслээ.
2025.05.28 Музейн барилгын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байгааг ССАЖЗЯ-наас олон нийтэд танилцуулж, хүүхэд, залуучуудын боловсролыг дэмжих төв болгож хөгжүүлэхээр төлөвлөснөө зарлалаа.
Төслийн явцыг хянуулахад 1.9 тэрбумыг зарцуулах уу
Барилгын суурь цутгасан компанид олгосон нөхөн төлбөр, улсын төсвөөс гүйцэтгэгчид олгох зардлыг тооцвол Байгалийн түүхийн музейн барилгын нийт төсөв нь өдгөө 163.3 тэрбум төгрөг болж байна. Тэгвэл үүн дээр дахин 1.9 тэрбум төгрөгийн зардал нэмэгдэж болзошгүй нь. Учир нь төслийн захиалагч буюу ССАЖЗЯ-ныхан төслийн ажлын явцад хөндлөнгийн хяналт, үнэлгээ хийлгэхээр өнгөрсөн онд 1.9 тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Тодруулбал, гүйцэтгэгч компанийнхан баталсан зураг төсөл, төлөвлөгөөний дагуу ажлаа хугацаандаа, чанартай хийж байна уу гэдгийг хянуулахаар тусгай баг томилж, тэднийг ийм мөнгөөр цалинжуулахаар болж. Хачирхалтай нь, энэ тендерийн зарлал нь цахим системд бий ч үр дүнгийнх нь талаар тодорхой мэдээлэл алга. Тэгэхээр үүнийг нэмэгдэж болзошгүй зардал хэмээн үзэж буй юм. Магадгүй ийм зориулалтаар төсвөөс хэдийн их хэмжээний мөнгө зарцуулчихсан байхыг ч үгүйсгэхгүй.
Байгалийн түүхийн музейн барилгыг олон улсын стандартад нийцүүлэн барьж байгаа гэх. Зай талбай, гадаад, дотоод орчны тохижилт, төлөвлөлттэй холбоотой “гоё” мэдээллүүд нь одоохондоо амлалт төдий учир энэ талаар дурдахаа хойш тавья. Харин эл цогцолборыг
соёл, шинжлэх ухааны төв, хүүхэд, залуучуудын боловсролыг дэмжих газар болгож өргөжүүлэхтэй холбоотой мэдээллүүд саяхнаас дуулдаж эхэллээ. Үүний хүрээнд ССАЖЗЯ-ныхан АНУ-ын зөвлөх үйлчилгээний нэр бүхий компанитай хамтран ажиллахаар болж. Музейн үзэл баримтлалын зөвлөмж, байгууллагын стратегийн тойм, орон зайн үнэлгээ, дэглэлт, дизайны төлөвлөгөө зэргийг гадаадын мэргэжилтнүүдээр хийлгэх юм байх. Энэ бүхнийг үнэ төлбөргүй хийхгүй нь тодорхой. Тэр тусмаа олон улсын нэр хүндтэй, зөвлөх үйлчилгээний компанийнхан тийм ч амар “хөдлөхгүй”. Тэгэхээр Байгалийн түүхийн музейг олон улсын стандартад нийцүүлэх тухай пиарын шинжтэй яриа хэлэлцээний цаана ч их хэмжээний төсөв мөнгө дахин яригдаж байж болзошгүй байна.
“Содон номин констракшн” 11 тендерт шалгарчээ
Аливаа төсөл, хөтөлбөрийн ажил удаашрах, тендер нь амжилтгүй болох, гүйцэтгэгч тодрохгүй байх зэрэг нь нэг хэсгийнх нь хувьд аз, харин нөгөөхөд нь эз болох тохиолдол бий. “Сонгон шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгж олдохгүй байна” гэж байгаад дарга нар өөрсдийнхөө “халаасны” компанид давуу эрх олгодог, эсвэл дээр дурдсанчлан ажлыг нь эрчимжүүлэх, хянах нэрийдлээр хөндлөнгийн баг томилж төсвөөс “тэтгэдэг” явдал элбэг. Энэ үүднээсээ “Содон номин констракшн” компанийг ч ийм хардлага ч дагаж байна.
]Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн өгөгдлийн сангаас тус компанитай холбоотой мэдээлэл хайхад 2012 онд байгуулагдсан, барилга угсралт, засал чимэглэл, гадаад худалдаа, хүнд машин механизмын түрээс, газар тариалан, нанотехнологи, биотехнологийн судалгаа гээд 10 орчим чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байв. Хувь эзэмшигчээр нь Б.Баттулга хэмээх хүнийг бүртгэжээ. Эднийх нийслэлд зарласан сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, соёлын байгууллагын барилга барих, өргөтгөн шинэчлэх, засах 35 тендерийн сонгон шалгаруулалтад оролцож, 11-т нь шалгарчээ. Үүний хамгийн сүүлийнх нь Байгалийн түүхийн музейн барилгынх аж. Хувь эзэмшил, эцсийн өмчлөгч нь харьцангуй тогтвортой буюу компани байгуулагдсан цагаас хойш өөрчлөгдөөгүй харагдаж буй ч нүднээс далд ямар холбоо хамаарал, нөлөөлөл байхыг таамаглах аргагүй.
Зургаан он, есөн тендер дамжсан барилгын гүйцэтгэгчээр шалгарсан “Содон номин констракшн” компани музейн цогцолборыг 2026 оны дөрөвдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тэдний ажил хэр урагштай, шуурхай байхаас Байгалийн түүхийн музейнхэн шинэ байрандаа хэр эрт төвхнөх, эсэх нь шалтгаална. Уг нь Засгийн газар эл музейн барилгыг нураахаар шийдвэрлэхдээ ч, Их тэнгэрийн аманд шинийг барихаар төлөвлөхдөө ч стандарт, орчин нөхцөл зэргийг нь зайлшгүй сайжруулах шаардлагатай хэмээж байв. Гэтэл тус музейн сан хөмрөгт хадгалагдаж асан 12 мянга гаруй үзмэр, дурсгал стандартын бус орчинд зургаа дахь жилийнхээ нүүр үзэж, сүйдэх үү, элэгдэж, муудах уу гэдэгтээ тулаад байхад энэ асуудалд ер анхаарахгүй байгаа нь хачирхалтай. Байгалийн түүхийн музейнхэн ч асуудал бэрхшээлийнхээ талаар ам нээхээс болгоомжилж, ойр зуураа “шивнэлдсээр” өдий хүрлээ.