Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд 885 сургуулийн 340 гаруй мянган суралцагчийг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулахаар болсныг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. Хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон, тэнцвэртэй, шим тэжээллэг хоол, хүнсийг тогтмол, зөв хэрэглүүлснээр оюуны болон бие махбодын хөгжлийг нь дэмжээд зогсохгүй аминдэмийн дутагдлаас үүдэлтэй аливаа өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх ач тустай.
2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 242 сургууль, 87 цэцэрлэгт хоол зүйч ажиллах нь. Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд төрийн өмчийн бүх сургууль, цэцэрлэг хоол зүйчтэй байх ёстой атал зөвхөн ерөнхий боловсролын түвшинд 463 сул орон тоо үүсээд байна. Үүний олонх нь буюу орон нутагт 357 хоол зүйч шаардлагатай байгаа аж. Холбогдох хуулийн дагуу хоол зүйч нь боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээг удирдан зохион байгуулахаас гадна суралцагчдад хооллох соёл, шимт бодисын харьцаа, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, уламжлалт зоогийн талаарх мэдлэг олгох үүрэгтэй ажилладгийг албаныхан хэлсэн. Ямартай ч боловсролын байгууллагуудыг энэ хичээлийн жилд дотоод нөөц бололцоондоо тулгуурлан хүүхдийн эрхтэн тогтолцооны хэвийн өсөлт, хөгжлийг хангахуйц илчлэг, шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэхийг зөвлөв. Өсвөр насанд хүүхдийн өндөр 1/5, биеийн жин 1/2 дахин нэмэгддэг тул уураг, эрдэс бодис, ялангуяа Д аминдэм, кальциар баялаг хоол, хүнсийг өдөр бүр тогтмол хэрэглэх шаардлагатай гэв.
О.Оргилох