Бразилийн Рио-де-Жанейро хотноо 1992 онд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн удирдагчид Уур амьсгалын өөрчлөлтийн, Биологийн олон янз байдлын, Цөлжилттэй тэмцэх тухай зэрэг байгаль орчны суурь гурван конвенцыг батлан тунхагласныг өдгөө бид “Риогийн тунхаг” хэмээн нэрлэдэг. Энэхүү гурвалын нэг болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенц (UNCCD)-ын талуудын 17 дугаар бага хурал (COP17) жил хүрэхгүй хугацааны дараа Монгол Улсад анх удаа болох гэж байна. Улс орнуудын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, байгаль орчны болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн албан тушаалтнууд гээд төр засгийн өндөр дээд хэмжээний төлөөлөгчид, олон улсын байгууллагын удирдлагууд, сайн дурынхан, шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачид нийлсэн 7-10 мянган зочин зөвхөн тус арга хэмжээнд оролцохоор манай улсын нийслэлд хөл тавих нь нэгэнт тодорхой болсон.
Энэ үүднээсээ Монгол COP17-г зохион байгуулагч, цөлжилт, хуурайшилт, газрын доройтолтой тэмцэх чиглэлээрх дараагийн хоёр жилийн гол бодлогыг тодорхойлогч, даргалагч орон гэдэг статустайгаар олон улсын анхаарлын төвд ороод буй. Гэтэл манай улсын сайд, дарга нар сүх далайтал үхэр амар гэгчээр дэндүү налгар назгай, хурал хуй хийж сүр бадруулахаас цаашгүй, хэдэн биенийхээ ам, аалийг харзнасан байдалтай өдөр хоногийг хий дэмий өнгөрүүлсээр байна.
Монгол Улс COP17-г зохион байгуулах нь аль 2022 оны хавар буюу Африкийн Коте Д’Ивуарын Абижан хотод болсон Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 15 дугаар бага хурлын үеэр тодорхой болсон. 16 дугаар бага хурлыг Саудын Арабын Хаант Улс, 17 дугаархыг нь Монгол Улс зохион байгуулах эрх авсныг энэ үеэр олон улсад зарласан билээ. Арабчууд яг энэ мөчөөс эхлэн хурлынхаа бэлтгэлийг цаг алдалгүй базаасны үр дүнд уг конвенцын түүхэн дэх хамгийн томоохон, өргөн бүрэлдэхүүнтэй хурлыг 2024 оны сүүлчээр ЭрРияд хотод зохион байгуулсан. Харин тэдэнтэй нэг гараанаас зэрэг шахам хөдөлсөн ч бэлтгэл хангах цаг хугацааны хувьд хоёр дахин урт замыг туулж барианд хүрэх давуу боломжийг “өвөртөлсөн” манай улс хурал зохион байгуулах барилга, байгууламж, тоног төхөөрөмжөө ч өдий хүртэл шийдээгүй сууна. Ийм онцгой эрх аваад гурван жил өнгөрчхөөд байхад шүү дээ. Арай л хайнга, хариуцлагагүй үйлдэл биш гэж үү.
ТӨСВӨӨ “ГАМНАСААР” ТӨРДӨӨ ХУРААЛГАВ
Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах байршлыг өнгөрсөн зун л шийдэж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 29.9 га талбайг ийм зориулалтаар ашиглахаар тогтсон. Үүний 5.6 га талбайд нь хурлын зориулалттай түр барилга, байгууламж барьж, автомашины зогсоол, инженерийн шугам сүлжээний ажил хийхээр төлөвлөөд буй. Эдгээр ажлыг 2025 онд багтаан эхлүүлнэ хэмээн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас өнгөрсөн зун мэдээлсэн ч цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн хувьд одоо энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломж нэгэнт үгүй болоод байна. Барилга, бүтээн байгуулалтын ажлын улирал ч дууслаа, шаардлагатай санхүүжилт нь ч алга.
Уг нь 17 дугаар бага хурлын барилга, байгууламжид зориулж 2025 оны улсын төсөвт 50 тэрбум төгрөг суулгасан юм билээ. Гэтэл салбарын яам нь хуулийн хугацаанд тендер зарлаж, барилгын гүйцэтгэлийн ажлыг эхлүүлж чадаагүйгээс болоод Засгийн газар Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу санхүүжилтийг нь буцаагаад татчихжээ. Ингээд энэ онд төлөвлөсөн ажлууд нь замхарч. Харин ирэх оны төсөвт COP17-гийн барилга, байгууламжид зориулж 150, тоног төхөөрөмжид 67, нийт 217 тэрбум төгрөг тусгаад байна. Тэгэхээр суурь бэлтгэл ажил 2026 оны төсвийн жил эхэлж байж л хөдөлнө гэсэн үг. Тэрчлэн уг хурлын бэлтгэлийг хариуцсан ажлын албаныхан ч энэ онд хуваарилуулсан санхүүжилт (20 тэрбум төгрөг)-ийнхээ тэн хагасыг ч зарцуулж амжилгүй татуулчихсан гэнэ лээ. Энэ бол тус арга хэмжээний зохион байгуулалтыг хариуцсан шат шатны албан тушаалтнууд ямар хариуцлагагүй, санаачилгагүй, идэвх зүтгэлгүйг илтгэх жишээ юм. Манай улс 17 дугаар бага хурлын бэлтгэлд хэр хэмжээнд ач холбогдол өгч, анхаарч байгаагийн илрэл гэхэд ч болно.
БОДЛОГОГҮЙ, “БЭЛЭГЛЭЛИЙН” САЛБАРТ БҮХНИЙГ ДААТГАХ УУ
Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурлыг амжилттай зохион байгуулахад Тө¬рийн болон Засгийн газрын тэргүүнээс эхлээд холбогдох салбарын сайд, дарга нар, хөгжлийн түнш, донор байгууллагын удирдлагууд гээд шат шатныхны үүрэг, оролцоо чухал нөлөөтэй. Тэр дундаа цөлжилт, газрын доройтлын асуудалтай шууд холбоотой гэдэг үүднээсээ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд үүнд манлайллын үүрэгтэй оролцох учиртай. Бусад орны жиш¬гээс харахад ч тийм л байдаг. Гэтэл Монгол Улс уг арга хэмжээг зохион байгуулах нь тодорхой болсноос хойших хугацаанд эл албан тушаалд томилогдсон сайд нар пиар сурталчилгаанаас өөр дорвитой зүйл хийсэнгүй.
Б.Бат-Эрдэнэ “Манай улс байгаль орчны салбарт анх удаа өндөр дээд хэмжээний хурал зохион байгуулахаар боллоо” гэж пиардсаар суудлаасаа буусан. С.Одонтуяа уг хурлыг зохион байгуулах албан ёсны баримт бичигт НҮБ-ын төв байранд гарын үсэг зурснаа гайхуулсаар мөн л олигтой ажил хийлгүй “явсан”. Харин одоо Б.Батбаатар орон нутггийн удирдлагуудтай үзэлцэж, албан бичиг өөд уруу илгээн, хийцгүйрч сууна. Уг нь өдийд юун хэрүүл тэмцэл мантай завгүй байх ёстой хүн нь тэр шүү дээ.
Манай улс COP17-г зохион байгуулагч орноор тодорсноос хойших гурван жилд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд гурвантаа солигдсон нь, Засгийн газар тэр болгонд мэргэжлийн гэхээс илүү намын, ашиг сонирхлын томилгоо хийж ирсэн нь энэ салбарыг гэх хандлага, үнэлэмжийн асуудалтай холбоотой. Энэ нь эцсийн дүндээ уг арга хэмжээний бэлтгэлийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар тогтвортой хангах, ажлын уялдаа холбоог сайжруулах, хариуцлага нэхэх боломжийг хязгаарласаар буйг ч дурдахгүй өнгөрч боломгүй.
БЭРХШЭЭЛИЙН ЦААДАХ БЭЛЭГ
2024 оны сүүлчээр Саудын Арабад болсон 16 дугаар бага хурлаар хоёр чухал баримт бичгийг баталсан. Эхнийх нь цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах чиглэлээр улс орнуудын гаргасан 100 гаруй санаачилгыг нэгтгэсэн “Ryadh action agenda” хэмээх үйл ажиллагааны хөтөлбөр юм. Хурлын үеэр үүнд зориулж 12 тэрбум ам.долларын санхүүжилт босгосон бөгөөд Саудын Араб даргалагч, санаачлагч орны хувиар 150 сая “ногоон”-ыг уг санаачилгад зарцуулахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн “Global drought resilience partnership” буюу “Даян дэлхийн гантай тэмцэх, тэсвэрлэх чадварыг бий болгох түншлэл”-ийг байгуулж, цөлжилтөд илүү өртөж буй 80 орон руу чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулах хоёр тэрбум ам.долларын санхүүжилтийг босгосон байдаг. Өдгөө дэлхийн улс орнууд энэ бодлогын баримт бичиг, хөтөлбөрийн хүрээнд цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах ажлуудыг нэгдмэл зорилготойгоор хэрэгжүүлж байгаа. Эндээс Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурал ямар чухал арга хэмжээ болох, үүнийг зохион байгуулах эрх авсан улсад хэр их үүрэг хариуцлага, боломж ногддог нь төсөөлөгдөнө.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Шинжлэх ухаан, бодлогын хорооны гишүүн У.Тунгалаг энэ арга хэмжээг зохион байгуулах нь улс орнуудын хувьд сорилт болдог ч амжилттайгаар ард нь гарсан тохиолдолд олон боломжийн үүд хаалгыг нээдгийг дурдсан. Өөрөөр хэлбэл, СOP бол сорилт, боломжийн индэр аж. Монгол Улс энэ индрийг ашиглаж чадах уу.
СТРАТЕГИЙН ХИЙГЭЭД САНХҮҮЖИЛТИЙН ДАВУУ ТАЛ
Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурлыг үлгэр жишээ зохион байгуулах замаар олон улсад нэр хүнд, нөлөөллөө тэлж, стратегийн болон санхүүжилтийн давуу байдал олж авахын тулд дэлхийн орнууд өрсөлддөг. Монгол Улс энэ өрсөлдөөнд тэргүүлэхэд “frontline country” буюу цөлжилтөд нэн хүчтэй өр¬төж буй тэргүүн фронтын орон гэдэг эмзэг статус нь нөлөөлсөн. COP-ын сэдэв болон зорилго манайхтай шууд холбогддог гэсэн үг. Тэрчлэн манай улсын санаачилгаар НҮБ 2026 оныг “Олон улсын бэлчээр, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил” болгож зарласан, цөлжилттэй тэмцэх зорилгоор дотооддоо “Тэрбум мод”, “Цагаан алт”, “Бэлчээрийн тогтвортой менежмент” зэрэг хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн зэрэг нь ч нөлөөлсөн юм. Тэгэхээр бид энэ арга хэмжээг амжилттай удирдан зохион байгуулж чадвал жинхэнэ утгаараа дэмжлэг, давуу талыг өөртөө бий болгож чадна. Цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлд санхүүжилтийн хийгээд бодлогын томоохон дэмжлэгийг олон улсаас авна. Харин чадахгүй аваас уриалгын шинжтэй нэрэмжит жил зарласан болоод, “Монголын эдийн засгийн форум”-ын үеэрх шиг усан яриатай салбар хуралдаанууд хийсэн нэр зүүгээд л өнгөрнө.
COP16-гаас туршлага судлах нэрээр манай улсын холбогдох яамд, газраас 70-80 хүний бүрэлдэхүүнтэй баг өнгөрсөн онд Саудын Арабыг зорьсон гэнэ билээ. Тус улсад очсон зочид төлөөлөгчид хурлын зохион байгуулалтаас эхлээд хоол унд, тээврийн үйлчилгээ гээд жижиг гэлтгүй бүх зүйлд маш соргог, шүүмжлэлтэй хандаж байсныг нэгэн судлаач хэлсэн. “Санхүүгийн болон технологийн өндөр боломжид хүрсэн Саудын Арабын зохион байгуулсан үйл ажиллагааны үеэр хүртэл багагүй шүүмжлэл, тулгамдсан асуудал үүссэн гэхээр бид илүү хариуцлагатай, хянамгай байхаас аргагүй” гэсэн түүний зөвлөгөөг уг хурлын зохион байгуулалт, бэлтгэл ажил хариуцсан хүмүүс, туршлага судлах нэрээр өнгөрсөн хугацаанд хилийн чанадад олонтоо “зугаалсан” албан тушаалтнуудад онцгойлон дайя. COP17 бол Монгол Улсын нэр хүндийг олон улсад шинээр нээх индэр мөнөөс мөн билээ.
Н.Мишээл