Японы Засгийн газраас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс-хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд Баянгол дүүргийн 87 дугаар цэцэрлэгийг бүрэн засварлаж, шинэчлэхээр болсныг тус улсын Элчин сайдын яамнаас өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 87 дугаар цэцэрлэгийн барилгыг засварлах төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нар гарын үсэг зурав.
Цэцэрлэгийн анги танхим өвөл маш хүйтэн бөгөөд сургалтын орчин хүнд нөхцөлд буй өнөө үед дээрх төсөл чухал дэмжлэг болохыг албаныхан хэлсэн. 126 836 ам.долларын буцалтгүй тусламжийн энэхүү төсөл нь 87 дугаар цэцэрлэгийн хүүхэд багачууд, багш, ажиллагсдын сургалтын орчин, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулна гэдгийг ч М.Игавахара онцолсон.
Төслийн хүрээнд цэцэрлэгийн барилгыг бүрэн засварлаж, үүнд гадна фасад, цонх болон хаалгануудыг солих аж. Ингэснээр хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөл бүрдэх нь.
“Өвсний үндэс-хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг Япон Улсаас манайд 35 жилийн турш хэрэгжүүлж байгаа аж. Тус цэцэрлэгийг засварлах ажил нь “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн 617 дахь, Баянгол дүүрэгт хэрэгжүүлэх 19 дэх төсөл болж буйг мэдээлэв.
О.Бат