Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт тарваган тахал өвчний сэжигтэй гурван тохиол¬дол батлагдсантай холбогдуулан Цагаан-Уул болон Мөрөн сум уржигдраас энэ сарын 15-ныг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй юм. Улмаар дээрх хоёр сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сургалт, хичээлээс гадуурх дугуйлан, РС тоглоомын газар болон соёл урлагийн арга хэмжээ, уралдаан тэмцээн, хурал, зөвлөгөөн зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоох юм байна. Тарваган тахлын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өчигдөр мэдээлэл өглөө.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Хөвсгөл аймагт тарваган тахлын гурван тохиолдол одоогоор батлагдаад байна. Тэдгээрээс нэг нь нас барж, нэг нь эдгэрсэн. Дээрх батлагдсан гурван тохиолдлоос гадна нийт 96 хүнийг нэгдүгээр хавьтлаар тодорхойлж, тусгаарласан. Үүний дотор эрүүл мэндийн байгууллагын 41 ажилтан байгаа бөгөөд тэдний гэр бүлийн 55 хүнийг хяналтад авлаа. Мөн нэгдүгээр хавьтлуудаас 35-д нь PCR шинжилгээ хийхэд 22 иргэний хариу эерэг гарч, хоёрт нь эл өвчний шинж тэмдэг илрэн, нян судлалын шинжилгээгээр тарваган тахалтай болох нь батлагдсан. Түүнчлэн 20 хүнийг сэжигтэй тохиолдлоор бүртгээд байна. Гэхдээ PCR шинжилгээ маш мэдрэг. Тарваган тахлын олон сая вирусээс нэг нь илрэхэд л эерэг гардаг. Тиймээс хяналтад байгаа хүмүүсээс молекул биологийн болон эмнэл зүйн шинжилгээ авснаар оношийг нь бүрэн тогтоох боломжтой” гэсэн юм.
Улсын хэмжээнд 17 аймгийн 137 сумын нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувьд буюу 444 мянган ам метр талбайд тарваган тахлын голомт бий. 2005-2025 онд эл өвчний нийт 31 тохиолдол бүртгэгдсэнээс 2020 онд хамгийн олон буюу зургаан хүн тарваган тахлаар өвчилсөн байдаг.
Тарваган тахал нь хавар дөрөвдүгээр сараас эхлэн идэвхжиж, наймдугаар сард оргил үедээ хүрч, аравдугаар сарын дунд үеэс намждаг нийгмийн эрүүл мэндийг хамарсан гоц халдварт өвчин юм. Эл өвчнийг үүсгэгч нян маш аюултай, хурдан тархацтай, хоруу чанар ихтэй аж. 60 хэм хүртэлх халуунд тэсвэртэй гэнэ. Тарваган тахлаар өвчилсөн үед гэнэт өндөр халуурах, ханиалгах, цустай цэр гарах, амьсгаадах, толгой хүчтэй өвдөх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйдэх, хоол боловсруулах замаар халдвар авсан үед суулгах, заримдаа цусаар суулгах шинж тэмдэг илэрдэг аж.
У.Сүрэн