Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй 1.3 сая хүний эрүүл мэнд, амь нас дээсэн дөрөөнд дэнжгэнэжбайна гэхэд буруудахгүй. Ажлын байран дахь аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоо бүрдээгүйгээс олон хүн хөдөлмөр эрхэлж байхдаа гэмтэж бэртэн, амиа алдсан харамсалтай тохиолдол жилээс жилд нэмэгдсээр. Тухайлбал, 2024 онд улсын хэмжээнд үйлдвэрлэлийн 809 осол гарчээ. Энэ нь өмнөх оныхоос хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Осолд өртсөн хүмүүсийн 77 хувь нь эрэгтэйчүүд.
Мэргэжлээс шалтгаалах өвчлөл, ослын тоо ийн анхаарал татах хэмжээнд хүрснийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан хэлсэн. Ажлын байран дахь осол, гэмтлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулахгүй бол эрсдэлтэй салбарт ажиллагсдын цуваа улам тэлэхийг тус яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийнхөн тооцож гаргажээ. Өөрөөр хэлбэл, улсын бүтээн байгуулалт идэвхжиж, уурхай, барилга, боловсруулах үйлдвэр зэрэг эрсдэлтэй салбарт ажиллах хүмүүсийн тоо 2035 он хүртэл тасралтгүй нэмэгдэх гэнэ. Иймд ажлын байрны эрсдэлээс хамгаалах арга хэмжээг эдийн засгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулах зайлшгүй шаардлага үүсээд буй. Үүний хүрээнд холбогдох хууль, эрх зүйн орчныг шинэчилж эхэлсэн юм.
Манай улс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг анх 2008 онд баталж, өдгөө хүчин төгөлдөр мөрдөж байгаа. Хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал, осол, өвчлөлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс өөрчлөгдөж буй тул 17 жилийн өмнөх уг хуульд “гар хүрч”, цаг үетэй нь нийцүүлэхээр шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Өөрөөр хэлбэл, тус хуулийг баталснаас хойш 2015 онд лнэмэлт, өөрчлөлт оруулж. Харин энэ удаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан, 20 гаруй удаа хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

НЭРИЙГ НЬ ӨӨРЧИЛЖ, ЦАР ХҮРЭЭГ ТЭЛЭВ
Хүчин төгөлдөр үйлчилж буй, есөн бүлэг 37 зүйл бүхий Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг долоон бүлэг 60 зүйлтэй болгон хамрах цар хүрээг нь өргөжүүлсэн байна. Хуулийн нэрийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хууль болгон өөрчилсөнаж. Ингэснээр олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь зарчимтай уялдуулжээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар баталбал үүнийг дагаж 20 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай бөгөөд дүрэм, журмыг нэмэх тооцооллыг ажлын хэсгийнхэн гаргаснаа онцоллоо.
Хөдөлмөрийн аюулгүй байдал гэхээр уул уурхай, барилгын салбарт л ажиллаж буй хүмүүст хамаатай мэт өрөөсгөл ойлголт олны дунд бий. Хэдийгээр оффист ажилладаг хүмүүс үйлдвэрийн ажилтнууд шиг дуу шуугиан, тоос, хорт бодисын нөлөөнд өртдөггүй ч удаан хугацаанд суусны улмаас нуруу өвдөх, жин нэмэх зэрэг эрүүл мэндийн асуудалтай нүүр тулдаг. Илүү цагаар ажиллах, хэт ачаалал үүрэх зэргээс болж стресс бухимдалд өртөж, сэтгэл зүйн хямралд орох тохиолдол цөөнгүй. Өөрөөр хэлбэл, ажлын байрны эрсдэлгүй орчин хүн бүрд хамаатай билээ.
Манай улсад ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 25 хувь нь хөдөө аж ахуй, 14 хувь нь худалдаа, засвар, үйлчилгээ 7.9 хувь нь боловсруулах үйлдвэр, 7.3 хувь нь барилга, 5.6 хувь нь уул уурхай, 40.2 хувь нь бусад салбарт ажиллаж байна. Хэдийгээр барилга, уул уурхайн салбарт ажиллаж буй ажилчдын тоо харьцангуй цөөн мэт харагдаж байгаа ч үйлдвэрлэлийн осол энд хамгийн их гарч, хүмүүс залуугаараа мэргэжлээс шалтгаалах өвчтэй болж буй. Тухайлбал, сүүлийн дөрвөн жилд үйлдвэрлэлийн осолд 2125 хүн өртөж, 275 нь нас баржээ. Өнгөрсөн онд улсын хэмжээнд мэргэжлээс шалтгаалах өвчтэй 10 359 хүн бүртгэгдсэн аж.
Үйлдвэрлэлийн ослоор нас барсан хүний тоо бусад улсынхтай харьцуулахад гамшгийн хэмжээнд хүрчээ. Тухайлбал, ХБНГУ, Австрали, Малайз, Тайландад ослын тохиолдол 1000 ажилчин тутамд 0.3 бүртгэгдсэн байна. Тэгвэл нас барсан тохиолдол эдгээр улсаас 15 дахин өндөр гарчээ. Үүний шалтгааныг мэргэжлийн байгууллагууд бүртгэл дутуу хийдэгтэй холбоотой гэж үзэж буй юм. Бүртгэл хангалтгүй учраас хэн нэгэн ажлын байрандаа осолдсон ч чимээгүй өнгөрөөх хариуцлагагүйн зуд манайдхэдийн нүүрлэжээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн судлаачид өнгөрсөн онд Монгол Улсад гарч буй ослыг ХБНГУ-ынхтай харьцуулан судалжээ. Хүн ам олонтой, өндөр хөгжилтэй орны хувьд ослын тохиолдлыг нарийн бүртгэж, хамгийн бага хэмжээнд байлгахад анхаардаг аж. Судалгааны үр дүнд тохиолдол нь бүртгэгдсэн осолтой харьцуулахад 56-98 дахин өндөр гарсан байхмагадлалтай. Өөрөө хэлбэл, Германд ослын тохиолдол 1000 ажилтанд 14.9 ч нас баралт 100 хүнд 0.7 ногдож. Энэ нь аюулгүй ажиллагааг чанад сахиж, хүний амь эрсдэхээс хамгаалж чадаж буй юм. Харин манай улсад харамсалтай нь, эндсэн хойно нь, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй болсны дараа л арга хэмжээ авдгаас урьдчилан сэргийлэх гэх ойлголт хаа хаанаа алга.

ЗАРДАЛ БУС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудалд зарцуулж буй хөрөнгийг зардал бус, хөрөнгө оруулалт гэж үздэг. Өрөөр хэлбэл, ажилтны аюулгүй байдал, эдийн засгийн үр нөлөө, хөрөнгө оруулалтын өгөөж зэргийг харгалзан үздэг байна. Хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулсан нэг евро ажил олгогчид хоёр еврогийн өгөөж өгдөг гэдгийг мэргэжилтнүүд онцолдог юм билээ. Харин манай улсад осол, мэргэжлээс шалтгаалах өвчний эдийн засгийн хохирлын хэмжээг тооцсон судалгаа ховор. 2019 онд салбарын яамнаас нь осол, мэргэжлээс шалтгаалах өвчний эдийн засгийн хохирлын хэмжээг 127.8 тэрбум төгрөг хэмээн таамаг байдлаар тооцжээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэлийг 2025-2028 онд гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхийг албаныхан хэлсэн. Үүний хүрээнд мэргэжлээс шалтгаалах өвчний бүртгэл, мэдээлэл сайжирч, эрт оношилж, хөдөлмөрийн чадвар алдахаас сэргийлэхэд түлхүү анхаарах юм байна. Мөн аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дарамт үүсгэхгүйгээр төсвийг илүү үр ашигтай зарцуулах талаар тусгажээ. Тухайлбал, ажилтан осолд ороход тухайн ажил олгогч бүх зардлыг гаргадаг. Үүнийг даатгалаар нөхөн олгох байдлаар зохицуулах аж. Энэ мэт олон онцлох заалтуудыг удахгүй “мэндлэх” хуульд тусгажээ. Монгол хүний эрүүл мэнд, амь настай холбоотой эл хуулийг хөрсөнд буулгасны дараа хэрэгжүүлэх, эсэхийг харах л үлдэж.
