Дэлхийн багш нарын өдөр энэ сарын 5-нд тохионо. ЮНЕСКО-гоос 1994 онд жил бүрийн аравдугаар сарын 5-ныг Дэлхийн багш нарын өдөр болгон зарласан түүхтэй. Эл өдрийг 100 гаруй орон тэмдэглэдэг. Манай улс мөн адил энэ өдрийг тэмдэглэн, багш нартаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Улс орон бүр сурган хүмүүжүүлэгчдийнхээ асуудалд анхаарал хандуулж, шийдвэрлэх боломжийг олгох зорилгоор энэ өдрийг тэмдэглэдэг болсон. Иймд жил бүр тусгайлсан сэдэв, уриан дор нэгддэг юм. Тухайлбал, 2022 онд “Боловсролын өөрчлөлт багшаас эхтэй”, 2023 онд “Дэлхий дахинаа багшийн хомсдолыг арилгах нь” уриа дэвшүүлжээ. Харин өнгөрсөн онд “Багшаа сонсох, тулгамдсан асуудалд мэргэжлийн санал, шийдэл тусган хэрэгжүүлэх нь” уриатай өнгөрүүлсэн бол энэ удаа “Багшлахуйг хамтын ажиллагаанд суурилан дахин загварчлах” сэдвийн хүрээнд тэмдэглэх гэнэ.
Манай улсын бүх шатны боловсролын байгууллагад нийт 111 мянган хүн ажиллаж байна. Тэдний 55 мянга нь үндсэн багш. Үүнээс хамгийн олон буюу 37.8 мянга нь ерөнхий боловсролын сургуульд багшилж буй. Тухайлбал, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нэг багшид дунджаар 27, ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 21 хүүхэд ногддог аж. Нийт багш нарын 46 мянга орчим нь төрийн өмчийн сургууль, цэцэрлэгт харьяалагдаж байна. Ерөнхий боловсролын сургууль 6609, цэцэрлэг 449 эрэгтэй багштай.
Ташрамд, багш нарын төлөөлөл өнгөрсөн сарын сүүлчээр Төв талбайд жагсаж, цалингаа нэмүүлэх шаардлага Засгийн газарт хүргүүлсэн. Үүний хариуд Боловсролын сайд “Хамтарсан ажлын хэсэг байгуулж, багш нарын цалин хөлсийг судалж дүгнэлт гарган Засгийн газарт хүргүүлсэн. Гурван жилийн хугацаанд шат дараатай нэмнэ” гэсэн хариу өгсөн юм.
Ч.Болор