АН-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны хуралдаан өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд болж, Улс төрийн намын тухай шинэчлэн найруулсан хуульд нийцүүлэн үндсэн дүрмийнхээ өөрчлөлтийг баталсан юм. Ийм нэг л асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байжээ. Тус намынхан өмнө нь Их хурлаараа дүрмийн өөрчлөлтөө хэлэлцэн батлаад, Дээд шүүхэд хүргүүлсэн ч 12 заалтыг хуульд нийцүүлэх хэрэгтэй хэмээн буцаасан аж. Тиймээс эл “засвар”-ыг дүрэмдээ хийж, дахин Дээд шүүхэд хүргүүлэхээр болсон байна.
ҮБХ-ны гишүүн З.Нарантуяа “2028 оны сонгуульд намаас нэр дэвшигчдийн нэг хүйсийн жендерийн харьцааг 40 хүртэл хувь болгож нэмсэн заалтыг хэвээрээ хадгалсан. Залуус болон нийгмийн бусад төлөөллийг оролцуулах боломж намын дүрэмд нээлттэй үлдэж байгаа. АН бүх шатандаа улсынхаа ирээдүйг харж, гишүүдийн оролцоог ханган, олон ургалч үзлийн талбар байх улс төрийн нам бүхий зорилтоо дүрэмдээ шингээсэн. Үүний дагуу 2027, 2028 оны сонгуульд амжилттай оролцохын төлөө одооноос нэгдэн ажиллаж байна” гэжээ. Мөн М.Тулгат “Нам үл харгалзаад УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын холбогдсон нүүрс, Харбины гэрээний асуудалд нэг дуугаар хатуу байр суурьтай байгаасай гэж хүссэн. Харамсалтай нь, АН-ын зарим гишүүн тэгж чадсангүй. Бид ҮБХ-гоо шинэчилж, дахин сонгууль явуулахаар төлөвлөж байна” гэжээ.
Энэ үеэр ҮБХ-ны гишүүн, “лайвчин” Д.Мөнх-Эрдэнэ Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга Т.Хаянхярваа нар хоорондоо муудалцаж, зодоон хийсэн юм. Тэднийг УИХ-ын гишүүн О.Алтангэрэл салгана лээ.