Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэдэх Хүүхдийн хөгжил, хамгааллын стандартчиллын техникийн хорооны энэ оны дөрөвдүгээр улирлын хурал ГБХНХЯ-нд болж, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг хамгаалах байрны стандартыг баталсныг мэлээллээ. Тус хурлаар өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийг даган гарах гурав, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хүрээнд мөрдөх нэг, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу батлах нэг стандартыг тус тус хэлэлцжээ. Үүнээс Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах түр хамгаалах байрны стандартыг баталсан байна.
Харин Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг аюулгүй газарт түр байрлуулах хамгаалалтын арга хэмжээнд хамруулах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага, Дацан хийдийн дэргэдэх хүүхдэд зориулсан дотуур байрны орчин, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага, Гамшгаас хамгаалах үйл ажиллагаан дахь хүүхэд хамгааллын үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага, Жагсаал, цуглааны үеийн хүүхэд хамгааллын нийтлэг шаардлагын төслийг ирэх оны нэгдүгээр улиралд дахин хэлэлцэхээр боллоо.
О.ОРГИЛОХ