Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбоотойгоор Багануураас бусад дүүргийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн хичээлийг энэ сарын 5-ны өдрийг дуустал цахим хэлбэрт шилжүүлсэн. Энэ хугацаанд хүүхдүүд хичээлээ цахимаар үзэх бөгөөд сурах бичгүүдийг ч онлайнаар унших боломжтой болгожээ. Тодруулбал, “E-SUR” платформд I-V ангийн нийт 33 сурах бичгийг цахимжуулсан байна. Өнгөрсөн тавдугаар сард www.e-sur.edu.mn системийг хөгжүүлж, 33 сурах бичгийг бүрэн дижитал, интерактив хэлбэрт шилжүүлсэн гэнэ. Ингэснээр нийт 15 мянга орчим интерактив дасгал, даалгаврын сан бүрдүүлжээ. Ийм сурах бичиг ашиглахдаа дээрх вэб хуудсаар дамжуулан ангиа сонгоход судлах хичээлүүдийн цахим сурах бичиг харагдах аж. Мөн боловсролын байгууллагын хүний нөөц, ерөнхий боловсролын сургуулийн багш нар цахим арга хэрэгсэл, модул ашиглан интерактив дасгал, даалгавар боловсруулах чадавхтай болсон байна. Түүнчлэн хэвлэлийн газрынхан, сурах бичиг зохиогчид программ ашиглан өөрсдийн сурах бичгийг хөрвүүлэх, сайжруулах нөхцөл бүрдүүлжээ.