Монголын сэтгүүл зүйн “Пулитцер” гэгддэг БАЛДОРЖ шагнал “эргэн ирж”, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынханд урагшлах урам, өдлөх жигүүр хайрлалаа. Салбарын хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц болсон энэхүү шагналыг 13 дахь жилдээ зарлаж, өрсөлдөх бүтээлүүдийг 2026 оны есдүгээр сарын 1-нээс хойш олон нийтэд хүрсэн байдлаар тооцон, 2027 оны энэ өдөр хүртэл хүлээн авч, шүүн хэлэлцэж, шилдгийн шилдгийг шалгаруулахаар тогтов. Улирал тутамд шилдэг 10, араас нь жагссан 10 бүтээлийг тус тус тодруулж, уламжлал ёсоор олон нийтэд мэдээлнэ.
“Балдорж” сангаас сэтгүүлчдийг дэмжин урамшуулах зорилгоор 2008 онд анх зохион байгуулсан уг шагналыг хамгийн сүүлд 2020 онд 12 дахийг нь редакцын шилдэг нэг төсөлд олгон, 30 сая төгрөгөөр санхүүжүүлсэн билээ. Гол зорилго нь “Ковид-19”-өөс үүдэн Монголын нийгэм, эдийн засаг, бизнес, гэр бүл, хувь хүний амьдралд гарсан өөрчлөлтүүд, тулгарч буй асуудлуудыг сурвалжлан баримтжуулж, гарц шийдэл хайсан, шинэлэг санаа бүхий төслийг хэрэгжүүлэх явдал байв. Эл зорилгоо ч 100 хувь биелүүлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Харин энэ жилээс үндсэн шалгуурын дагуу БАЛДОРЖ шагналтныг тодруулахаар боллоо. Ингэхдээ уламжлал ёсоор шилдэг 10 байрын бүтээлийг урамшуулж, тэр дундаас цорын ганц БАЛДОРЖ шагналт сэтгүүлчийг тодруулна. Шагналын сан хуучин хэвээр буюу тэргүүн шагналтанд 5000 ам.доллар хүртээж, шилдэг 10 бүтээлийг тус бүр хоёр сая төгрөгөөр урамшуулна. Тэргүүн байрын эзэн Ц.Балдорж агсны дүр бүхий энгэрийн алтан тэмдэг зүүх юм. 99 хувийн алтны орцтой тус тэмдгийг Ц.Балдорж агсны гэргий Н.Шүр 2007 онд санаачилж, дизайн, эхийг нь зураач Ч.Нармандах зохион бүтээж, БНСУ-д захиалгаар тусгайлан хийлгэжээ.
Жил бүрийн уралдаанд дунджаар 120 гаруй сэтгүүлч 200 орчим бүтээлээрээ өрсөлддөг. Тэгвэл 2015 оны БАЛДОРЖ шагналын шалгаруулалтад 135 сэтгүүлч 279 бүтээлээ “сойсон” нь хамгийн өрсөлдөөнтэй жил болж байв. Уралдааныг анх зөвхөн өдөр тутмын сонины сэтгүүлчдийн дунд зарладаг байсан бол жил ирэх тусам хүрээгээ тэлж, телевиз, радио, сэтгүүл, сайтынхан оролцдог, “Монголын Пулитцер” хэмээгдтэлээ өргөжсөн юм. 13 дахь удаагийн шалгаруулалтад ч сэтгүүл зүйн бүх төрөл, жанр, арга хэлбэрээр, олон эх үүсвэрээр үзэгч, уншигч, сонсогчдод бүтээлээ хүргэсэн байдлаар, салбарын өргөн уудам талбарт өөр өөрийн өнгө аяс, чиглэлээр бүтээн туурвиж буй сэтгүүлч, уран бүтээлчдийг хамруулна.
2026-2027 оны БАЛДОРЖ шагналын эхний шатны шалгаруулалтад оролцох бүтээлүүдийг тун удахгүй холбогдох и-мэйл хаягаар хүлээн авч, дүнг нийтэд зарлах юм. БАЛДОРЖ шагналтныг тодруулах эрхэм хүндтэй үүрэг хүлээж буй шүүгчдийн бүрэлдэхүүн өнөө жил мэргэжлийн залуу судлаачдаар “бүл нэмсэн”-ээрээ онцлогтой. Ингээд дөрвөн шатны шалгаруулалтын шүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.
Н.ШҮР: Нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсны гэргий, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч
-Э.СОНИНТОГОС: “Балдорж” сангийн гүйцэтгэх захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор
-Б.БАЯРМАГНАЙ: “Өнөөдөр” сонины Бизнес хөгжил, гадаад бодлого хариуцсан орлогч эрхлэгч, “Балдорж” сангийн Удирдах зөвлөлийн дарга
-Ж.БАЯНСАН: СУИС, КТМУС-ийн багш. “Хэлний соёл судлал” судалгааны багийн тэргүүлэх профессор, Гавьяат багш, доктор, профессор
-Г.ЗОЛЖАРГАЛ: “Zoljargal and Son film”ийн баримтат киноны продюсер, Соёлын гавьяат зүтгэлтэн
-Ц.АРИУНАА: “Гуру медиа” студийн продюсер, Монголын урлагийн зөвлөлийн үүсгэн байгуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн
-Ж.ТЭГШЖАРГАЛ: “Gereg Q Ub.life” компанийн гүйцэтгэх захирал, БАЛДОРЖ шагналт сэтгүүлч
-М.УЛАМБАДРАХ: “My Mongolia entermainment”-ын гүйцэтгэх захирал
-У.БЯМБАНЯМ: Утга зохиол судлаач, БАЛДОРЖ шагналын дэд байрын эзэн
- Ж.ХУЛАН: “Media show” платформын санаачлагч, судлаач Нарийн бичгийн дарга:
-Я.СУМЪЯА: Ц.Намсрайн нэрэмжит шилдэг редакторын шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч
М.Гэгээ