Хүйтний улирал наашилж, хөхүүрийн ам цаашилсан энэ цагт нийслэл болон орон нутагт цас орж, цаг агаар эрс сэрүүсэв. Үүний улмаас өчигдөр зам, тээврийн осол ихээр бүртгэгдэж, түгжрэл үүсгэн, автобус, такси ч олдохгүй иргэд олноороо алхсан юм. Энэ тухайд Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Цас орсны улмаас өгсүүр, уруу замд халтиргаа гулгаа үүсэж, 06.00-11.30 буюу таван цагийн дотор зам, тээврийн 240 осол бүртгэгдлээ. Авто замын зорчих хэсгийн гадаргууд халтиргаа үүссэнээс түгжрэлд орлоо. Цас орсны дараа л жолооч нар зуны улирлын дугуйгаа өвлийнхөөр солих гэж яардаг. Есдүгээр сар бол жолооч нарын автомашиныхаа дугуй, тос, масло зэргийг солих, өвөлдөө бэлдэх хугацаа. Эрс тэс уур амьсгалтай манай улсад дөрвөн улирлын дугуй зохимжгүй. Мөн хээний гүн нь 1.6 мм-ээс нимгэн бол хориглодог бөгөөд барьцалдах чадвар муу гэж үздэг. Өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашин зогсох чадварыг 30-40 хувиар нэмдэг. Түүнчлэн ихэнх аймагт цас орж, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүссэн байна. Иймд зуны улирлын дугуйтай хол замд битгий гараарай, аюулгүй байдлаа хангаарай” хэмээн зөвлөсөн юм.
Ташрамд дуулгахад, зуны улиралд өдөрт зам, тээврийн 200 орчим дуудлага бүртгэгддэг бол өвөл 600-700-д хүрдэг байна.
Ч.Цэлмэг