УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос аравдугаар сарын 7-нд АНУ-ын тэрбумтан агсан Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхийхяналтын сонсгол явуулах гэж байна. Ийм санаачилгыг гишүүн Б.Баярбаатар, Х.Булгантуяа нар анх гаргаж, улмаар дээрх байнгын хороо хариуцан зохион байгуулахаар болсон. Энэ тухай сонссонхэнд ч хэдэн жилийн өмнө нас барсан, гадаадыниргэний асуудал манай улстай яг ямар холбоотой вэ, УИХ-д өөр хэлэлцэх, анхаарах чухал ажил байхгүй юу гэсэн асуулт, эргэлзээ төрнө.
АНУ-ын Хууль зүйн яамнаас 2025 оны төгсгөлөөс эхлэн Ж.Эпштейн хэмээх хүнд холбогдох хавтаст хэргийг нийтэд дэлгэсэн юм. Хүн худалдах, насанд хүрээгүй хүүхдүүдэд бэлгийн мөлжлөг явуулсан гэмт хэрэгт түүнийг холбоотой тухай баримтууд үүнд багтсан. Мөн дэлхийн олон улс орны төрийн өндөр албан тушаалтан, улс төрчид түүний зохион байгуулдаг “но”-той үдэшлэгт оролцож, улмаар “хамсаатан” болдог тухай шуугьсан. Тэнд нь манай улсын Ерөнхийлөгч асан хоёр ч хүн, төрийн сайд, цөөнгүй улс төрчийн нэр дурдагдсан аж.
Уг нь УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн зорилго нь Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг хянах, хэрэгжүүлэхтэй л холбоотой. Гэвч дээрх хэрэг явдал нь үндэсний аюулгүй байдал, хүний эрхтэй холбоотой хэмээн үзэж, Монгол Улсад “хамаарах хэсгийг” шүүн хэлэлцэхийг зорьсон бололтой. Сонгууль, стратегийн ордуудын асуудлыг ч дээрх тэрбумтан “чиглүүлдэг” байсан гэж хардаж буй юм. Ийнхүү өнгөрснөөс үнэнийг шүүхээр оролдох гэнэ.
Гэхдээ нэр дурдагдсан улс төрчдийг гэрчээр дуудахгүй. Учир нь энэ бол хянан шалгах биш, ерөнхий хяналтын сонсгол. Тиймээс бусдыг “байцаах” эрхгүй. Гагцхүү олон улсын хэвлэлд гарсан нээлттэй мэдээллүүдийг цуглуулж, манай улсад хамаарах хэсгийг нь нягтлан, иргэдэд танилцуулах л зорилготой байх нь. Хувь хүн, байгууллага, улсын нууцын тухай ярихгүй аж.
2015 онд Нийтийн сонсголын тухай хуулийг анх баталснаас хойш агаарын бохирдол, Малчны тухай хуулийн хэрэгжилт зэрэг нийгмийн сэдвээр УИХ сонсгол хийж байв. Харин 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, 28.2т “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавивал парламент цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна” хэмээн тусгаснаар нийгмийн анхаарлыг татсан ноцтой гэмт хэргүүдээр УИХ хяналт шалгалтын сонсгол явуулдаг “моод” эрчимжсэн юм. Ийм төрлийн сонсголд холбогдох албан тушаалтнуудыг гэрчээр дуудаж, “байцаадаг”. Нүүрсний хэргийн, Хөгжлийн банкны, Оюутолгойн зэрэг дуулиантай асуудлаар парламент хэдэнтээ хяналт шалгалтын сонсгол хийлээ. Тэр бүрд баахан нотлох баримт цуглуулж, олон улс төрч, холбогдох хүмүүсийг гэрчээр дуудсан, асуусан. Сонсголын үр дүнд тогтоол, зөвлөмж гаргадаг. Мөн түр хороо хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан этгээдэд хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд саналаа хүргүүлэх бүрэн эрхтэй. Гэвч үүний дагуу арга хэмжээ авч, хариуцлага тооцсон тохиолдол одоогоор алга. Харин ч улс төрчдийн дунд түр хороо байгуулж, “мөрдөн байцаах” хүсэл ихсэж, үүгээрээ өрсөлдөгчөө “айлгах” нэг арга барил л болж хувирлаа. Мартагдсан улс төрчдийн попрох индэр болгон ашиглах нь ч нэмэгдэв.
Ж.Эпштейний хэргийн тухай мэдээлэл дэлхий даяар тарчихсан, хүссэн хэн ч интернэтээс хайж олоод үзэж, унших боломжтой. Нэгэнт нээлттэй байгаа мэдээллийг ажил болгон, төсөв зарцуулан байж дахин УИХ дээр “бөөгнүүлж” сонсохын ач холбогдол яг юу вэ. Анхаарал сарниулах ажиллагаа, төсвийн мөнгийг үргүй зарсан явдал л болоод дуусах юм биш үү. УИХ-д Ж.Эпштейний хэргээс өөр анхаарах асуудал алга гэж үү. Эдийн засаг хүнд, өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадсан, шатахууны хомсдол үргэлжилсэн хэвээр байна. Удахгүй өвөл болж, цахилгаан, дулааны хангамжаа дийлэхгүй хот хөлдөх эрсдэл хүлээж буй. Харанхуй, хөлдүү хотод, зам дээрээ түгжирч хамаг үнэтэй цагаа үрэх гунигт ирээдүй биднийг хүлээж байна. Гэтэл энэ бүхэнд анхаарч, иргэдэд хамгийн их хүртээлтэй тулгамдсан асуудлуудыг шийдэхийн оронд УИХ одоо ч шалгаж дуусаагүй, эцэслэгдээгүй “хов жив”-ийг өлгөн авч, сонсгол хийх нь зөв үү. Төсвөө ч баталж чадахгүй, чуулганыхаа ирцийг ч бүрдүүлж барахгүй, МАН-ынхан доторх эрх мэдэл, албан тушаал булаацалдсан талцлаа ч шийдэж хүчрэхгүй. Тэгсэн атлаа тив алгасан асуудал шүүх яасан ч дуртай юм. Үүний оронд шатахуун, цахилгаан, дулааны хомсдолоо хэрхэн шийдэх, өвлийн бэлтгэлээ яаж хангахдаа анхаарвал дээргүй юү, УИХ-ын гишүүд ээ.