“Багш бусдаас онцлогтой, хүнийг хөгжүүлдэг мэргэжил. Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр хүний хөг жил тасралтгүй үргэлжилж буй энэ цаг үед багшийн заах арга барил, мэдлэг чадвар дагаад л шинэчлэгдэх ёстой. Мөн зүрх сэтгэл шаардсан ажил. Багшийн нэг буруу үг, үйлдэл олон хүүхдийн ирээдүйг өөрчилж мэдэх тул хариуцлагатай байх хэрэгтэй. Манайх төвийн бүсэд байрладаг төдийгүй зургаан орны хэл гүнзгийрүүлэн заадаг улсын ганц сургууль. Энэ хэрээр багш нар ачаалалтай ажилладаг. Би сургуулийнхаа түүх, нийгмийн мэргэжлийн бүлгийн ахлагч. Өөрөөр хэлбэл, нийслэлийн мэргэжлийн хөгжлийн бүлэгт сургуулиа төлөөлөн оролцож, ур чадвараа ахиулж, сурсан, мэдсэнээ бусдадаа түгээдэг юм. Нэг үеэ бодвол багшийн мэргэжил дээшлүүлэх цахим сургалт, вебинар ихээр зохион байгуулж байна. Гэвч эдгээр нь багшийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эсэх, үр дүн нь ямар байх, үүнийгээ ажил мэргэжилдээ ашиглаж байна уу гэдэг өөр асуудал. Боловсролын энэ мэт сургалт эргэх холбоо сул” хэмээн нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн нийгмийн ухааны багш Г.Бат-Учрал ярьсан юм. Тэрбээр боловсролын салбарт 10 гаруй жил ажиллаж буй бөгөөд сурагчдын судлах хичээл олон, үүнийгээ давтах, хөгжүүлэх цаг бага болохыг учирласан юм. Судлагдахуун их байх тусам багшийн заах цаг ч нэмэгдэж, чухлыг нь биш, олныг заах гэсэн зарчим боловсролын салбарт үйлчилж буй нь багш, сурагчдыг туйлдуулж байгааг нуугаагүй.
ТАНХИМ, ЦАХИМ ХОСОЛСОН ХЭЛБЭРЭЭР ХИЧЭЭЛЛЭНЭ
Анги дүүргэлт хэзээнээс л их байж ирсэн нь хүний эрхийн зөрчил гэдгийг А хэмээх нэгэн багш тодотгосон. Нэг ангид нэг багшид ногдох хүүхдийн тоо стандартаас өндөр. Монгол Улс гадаадын олон жишиг хөтөлбөрийг дуурайдаг хэрнээ багш, сурагчийн тоонд байнга алдаа гаргаж ирснийг шүүмжилсэн. Тэрбээр “Олон улсад цэцэрлэгийн нэг багшид дунджаар таван хүүхэд ногдож байна. Үүнийг шийдчихвэл дараа дараагийнх нь цэгцэрчихнэ. Тухайлбал, хи чээлийн бэлтгэл, хүүхэд нэг бүрийн онцлогт тохируулан ажиллах, өөрийгөө хөгжүүлэх гэх мэт асуудлыг шийдэх юм” хэмээсэн. Түүнчлэн бага ангийн багш Н “Багшийн ажил тасралтгүй 24 цаг үргэлжилдэг гэхэд хилсдэхгүй. Хүүхдийнхээ дэвтэр засах, гэрийн даалгаврыг шалгах гээд хичээл тарсан ч гэртээ үргэлж лүүлж хийдэг. Нас, сэтгэхүйд нь тохирсон тараах материал олшруулах, дэвтрийн хавтсыг нь хүртэл ижил стандартай болгох гэж өөрсдөө л зурж, хэвлээд сууж байдаг шүү дээ. Ийм байхад аль цагаараа сургалтад хамрагдах билээ” хэмээн учирласан. Тэгвэл нийслэлийн ерөнхий боловсролын нэгэн сургуулийн сургалтын менежер өдгөө багш нарыг судлагдахуун тус бүрээр нь нэг бүлэг болгож, ур чадварыг нь ахиулахад анхаарч буйгаа хэлэв. Нийслэлийн харьяа газрууд мэргэжлийн хөгжлийн бүлэг үүсгэн, заах арга зүй, ялангуяа залуу багш нарыг бусдадаа зөвлөн туслахад сургадаг байна. Тодруулбал, мэргэжлийн хөгжлийн бүлгийг боловсролын байгууллагын мэргэжилтнүүд чиглүүлж, тухайн сургуулийн судлагдахууны ахлагч нар баг болж ажиллаж, долоо хоногт нэг удаа номын дуу сонсдог гэнэ. Тухайлбал, сурагч төвтэй сургалтыг хэрхэн зохион байгуулах, цахим, шинэ платформ дээр яаж ажиллах зэрэг мэргэжил, арга зүйн мэдээлэл, туршлагаа бусдадаа хуваалцдаг аж. Багш нар хичээлээ заахгүй, элдэв сургалтад хамрагдах боломжгүй тул ажлын байранд нь хөгжүүлэх хамгийн зөв алхам гэдгийг ч тэрбээр онцолсон. Гэхдээ Боловсролын яамны бүтэц өөрчлөгдөхөд сургалтын хөтөлбөрт “гар дүрдэг” нь багш нарт ачаалал нэмдгийг хэлсэн. Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн сурагчид шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэж буй. Шатар тоглуулж сургахаас эхлээд багшийн ажил нэгээр нэмэгджээ. Дээрээс тушаасан шийдвэрийг биелүүлэх гээд ухантаж байтал дараагийнх нь гарч ирээд холион бантан хутгаж орхидгийг ч хэлнэ лээ.
Өнгөрсөн хичээлийн жилд нийслэлийн 53 сургууль цахим, танхим хосолсон сургалтыг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн байна. Иймд энэ хичээлийн жилээс нийслэлийн бүх сургууль сургалтаа танхим, цахим хосолсон хэлбэрээр явуулах юм байна. Долоо хоногт заавал судлах хичээлийн агуулга их учраас хүүхдүүд өдөрт найман цагаар хичээллэж буй. Иймд долоо хоногт хоёр цаг ордог хичээлийн нэг цагийг нь цахимаар явуулах гэнэ. Энэ нь сурагчид бие дааж өөрсдийгөө хөгжүүлэх, нөгөө талаас багш нар зайнаас сургах арга барил эзэмшихэд тустай аж. Гэхдээ цахим сургалтыг зохион байгуулах нь тухайн багшийн ур чадвар, хандлага, хариуцлагаас шалтгаалах тул зарим тохиолдолд хийдүүлэх явдал гардаг байна. Энэ бүхнээс үзэхэд багш нар цахим ур чадвар эзэмших, хиймэл оюуныг хичээл, сургалтдаа тогтмол ашиглах хэрэгцээ шаардлага үүсжээ. Хуулж бичүүлснээ асуугаад дүн гаргадаг үе өнгөрсөн.
ШИНЖЛЭХ УХААНД СОНИРХОЛТОЙ БАГШ СУРАГЧИЙН СУРЛАГЫГ АХИУЛДАГ
Багшийн шинжлэх ухаанд хандах хандлага, сонирхол нь сурагчийн гүйцэтгэлийн үр дүнтэй шууд хамааралтай байна гэсэн сонирхолтой баримтыг “ПИСА-2025” буюу Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ гаргасан юм. Өөрөөр хэлбэл, багшийн шинжлэх ухаанд хандах эерэг хандлага, сонирхлын нэгж нэгээр өсөхөд суралцагчдын байгалийн ухааны гүйцэтгэл 18.4 оноогоор нэмэгддэг гэнэ. Бид 2025 оны үнэлгээгээр байгалийн ухааны гүйцэтгэлээр өмнөх буюу 2022 оныхоос 12 оноогоор ахисан ч энэ нь хангалттай үзүүлэлт биш. Иймд багш нарыг ажлын байранд нь илүү хөгжүүлэх, ялангуяа шинжлэх ухааны хандлага, сонирхлыг нь нэмэх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Мөн математик, уншаад ойлгох чадвар, байгалийн ухааны хичээлээр өндөр оноо авсан сурагчдын цаана анхаарлыг нь төвлөрүүлж, хичээлээ эмх цэгцтэй, сахилга, дэг журамтай заадаг багш нар байсан нь ПИСА-гаар нотлогдсон. Өөрөөр хэлбэл, манай улс багш төвтэй сургалтын арга барилаасаа салаагүй гэсэн үг. Багш хэдий сайн байна төдий хэрээр сурагч амжилт гаргах нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гардагтай агаар нэг. Үүнээс гадна сурагч багшаас хамаарал ихтэй байгаа нь эл үнэлгээгээр мөн л баталгаажсан юм. Тодруулбал, 10 суралцагч тутмын долоо нь багш суралцах үйл явцад чин сэтгэлгээсээ анхаарч, шаардлагатай дэмжлэг үзүүлдэг гэж хариулсан байна. Үүнийг жишиг улсуудтай харьцуулахад Казахстанд 10 сурагчийн найм, Солонгост ес нь багшаасаа дэмжлэг авч чаддаг гэж хариулжээ . Багшийн дэмжлэгийг хүүхэд бүрд хүргэх, хэн ч гадуур үлдэхгүй байхад анхаарахыг эл судалгаа харуулж буй.
Манай улсад өнгөрсөн жилийн байдлаар 56.9 мянган багш бүртгэлтэй байна. Тэдний 10.3 мянга нь цэцэрлэг, 39.1 мянга нь ерөнхий боловсрол, 2.2 мянга нь мэргэжлийн боловсрол, 5.3 мянга нь их, дээд сургуульд багшилдаг. Багш нарын мэдлэг, ур чадварын түвшин тогтоосон сорил, үр дүн одоогоор манайд алга. Зөвхөн багшийн гүйцэтгэлийн үнэлгээ буюу суралцагчийн сурлагын ахиц , өөрчлөлтийг үнэлэх шалгалтын үр дүнгээр л тухайн багшийг “тодорхойлж” буй юм. Гавьяат багш төд байна гэж хэмжихээс илүү шавийнх нь амжилт, цаашлаад олон улс, ПИСА-д ямар амжилт үзүүлэв гэдэг манай боловсролын салбарын өнгө төрхийг тодорхойлох биз.
Багш нарын мэргэжлийн ур чадварыг сайж руулахад хэрхэн анхаардаг талаар Боловсролын ерөнхий газраас тодруулахад “Багш нарт мэргэжлийн онол, арга зүй хөгжлийн асуудал нэгдүгээрт бичигддэг. Түүнчлэн ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах , суралцагч төвтэй сургалтын арга зүйг хэрэглэх аргачлал , цахим технологийн ур чадварууд голлох байр суурь эзэлж байна. Өнгөрсөн жил Боловсролын ерөнхий газраас бодлогын хэрэгжилтийн хүрээнд багш, ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих үндсэн болон төрөлжсөн сургалт зохион байгуулсан. Нийт 51 сэдэв агуулгаар сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 63 мянга гаруй багш, ажилтан хамрууллаа. Боловсролын яамнаас барьж буй бодлогын шинэчлэлийн хүрээнд багшийг ажлын байр наас нь холдуулахгүйгээр хөгжүүлэх сургалт, үйл ажиллагааг төлөвлөн, нэвтрүүлж байна. Тухайлбал, орчин үеийн, олон улсад туршиж, нотлогдсон багшийн хөгжлийн загвар болох “Мэргэжлийн багш нарын бүлэг” үйл ажиллагааг цэцэрлэг, сургуулиудад нэвтрүүлээд дөрвөн жил боллоо. Эл бүлэгт хамрагдсан багш нар ажлын байран дээрээ суралцахуй , багшлахуйд тулгамдаж буй асуудлаа хамтаараа шийдэх замаар хөгжих боломжтой” гэв. Мөн шинэ залуу болон ажлын үр дүн багатай багш нарыг туршлагатайд нь дагалдуулан сургах, хамтдаа хөгжих зорилгоор “Багшийг дадлагажуулах үйл ажиллагаа” арга хэмжээ нэвтрүүлсэн талаар онцолсон.
Улсын хэмжээнд ажиллаж буй 56 мянга гаруй багш төрийн үйлчилгээний албан хаагчдын дунд ихээхэн жин дардаг . Энэ хэрээр эрх баригч нам, төр засаг өөрийн талд “ажиллуулах” сонирхол байдаг нь нууц биш . Багш нарт намын хуралд суухаас илүү номын дуу сонсох цаг хэ рэгтэй байна.