Ази, Номхон далайн бүсэд аялал жуулчлал сэргэж буй ч гаднын эрсдэлт хүчин зүйлсийн нөлөө нэмэгдсээр байгааг Азийн хөгжлийн банкнаас анхаарууллаа. Тус банкнаас гаргасан “Азийн хөгжлийн шинэчилсэн төлөв-2026” тайланд энэ талаар тодорхой дурдсан байна.
Азийн бүс нутаг дахь жуулчлалын урсгал 2026 оны эхний саруудад саарах хандлагатай байсан бол хаврын сүүлчээс эргэн сэргэжээ. Аялал жуулчлалын эрэлт бүс нутгийн эдийн засгийн өсөлт, идэвхэд чухал байр суурь эзэлсэн хэвээр буй ч эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, байгаль, цаг уурын өөрчлөлт, тогтворгүй байдал (Эль Нино), геополитикийн нөхцөл зэрэг нь тус салбарын бүтээгдэхүүн, үйл чилгээний өртөгт үлэмж нөлөөлж эхэлсэн аж. Ялангуяа тээвэр, зочид буудал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зардал эдгээрээс шалтгаалан эрс өссөнийг тайланд дурджээ. Иймд аялал жуулчлалын сэргэлтийг дэмжих бодлого, арга хэмжээг эрчимжүүлэх, дотоодын эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөг хязгаарлах замаар зах зээлээ хамгаалахыг тус банкны шинжээчид зөвлөв.
Монгол Улсын хувьд жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхээс гадна улирлын хамаарлыг бууруулах, үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах, нэг аялагчаас төвлөрүүлэх эдийн засгийн өгөөжийг өсгөх шаардлагатайг онцгойлон дурдсан байна. Ташрамд дурдахад, энэ он гарснаас хойш манай улсад 807 мянган жуулчин ирсэн буй бөгөөд үүний 32.2 хувь нь орос, 24.4 хувь нь хятад, 18.7 хувь нь солонгос аялагч ажээ.
Н.Дүүл