Цангах, ойр ойрхон шээх, ядрах, нүд бүрэлзэх, шалтгаангүй турах зэрэг шинж тэмдгийг хүмүүс өдөр тутмын ядаргаа, ажлын ачаалал, ус бага уусантай холбоотой гэж эндүүрэн, тоохгүй өнгөрүүлэх нь элбэг. Тэгвэл эдгээр шинж тэмдэг нь чихрийн шижин өвчний дохио байж болзошгүй. Ялангуяа II хэв шинжийн чихрийн шижингийн эхэн үед ямар ч зовуурь илрэхгүй байх нь элбэг. Гэвч эл хугацаанд цусан дахь сахар буюу глюкозоо хянаж, бууруулахгүй явснаар мэдрэл, бөөр, нүд, зүрхийг аажмаар “идэж” эхэлдэг байна. Энгийнээр чихрийн шижин нь зөвхөн сахар ихэддэг өвчин бус, бүх биеийн бодисын солилцоо, судасны тогтолцоо, мэдрэлийн системийг хамардаг архаг эмгэг аж. Өвчнөө эмчлүүлэхгүй, цусан дахь сахараа хянахгүй, тоохгүй яваад байвал хөл, нүднээсээ хамгийн түрүүнд “салах” эрсдэлтэй гэдгийг ч эмч нар анхааруулсан юм. Яг ийм зовуурь шаналгаатай нүүр тулаад буй нэгэн өвчтөний сэрэмжлүүлгийг дор хүргэе.
“ХУРУУНЫ ШАРХ ХӨЛНӨӨС МИНЬ САЛГАНА ЧИНЭЭ ТӨСӨӨЛӨӨГҮЙ”
Иргэн Х дөрвөн жил гаруйн өмнө чихрийн шижинтэй гэдгээ, тэр нь бүр хүнд шатанд орсныг анх мэджээ. Тэрбээр “Ажил, гэр, амьдралын төлөө гэж явсаар эрүүл мэндээ огт хайхраагүй нь миний хамгийн том алдаа боллоо. Хааяа нэг үзүүлэхэд цусан дахь сахрын хэмжээ өндөр гардаг байсан ч ер тоогоогүй. Чихэрлэг зүйлс хэт их идсэнээс л болсон биз гэж боддог байсан. Худалч хүнд бараг чихрийн шижин өвчин байдгийг ч мэдээгүй. “Сахар чинь өндөр тул” гэсэн эмчийн зөвлөгөөгөөр заримдаа эм уудаг байсан ч хөнгөн чанарынх тул үйлчилгээ бага үзүүлсэн юм билээ. Ингэж явсаар нэг өдөр гутал холгоод, хөлийн чигчий хурууны хажууд “ургасан эвэр” шархалсан юм. Санамсаргүй тавыг нь хуулчхаад түүнийгээ эдгээх гэж эсэн бусын арга хэрэглэж, өчнөөн л тос түрхсэн. “Гайгүй, эдгэчихнэ” хэмээн бодон ажил, гэрийн хооронд урьдын адил алхсаар байв. Нэг харсан чинь өнөөх чигчий хуруу маань тэр чигтээ харлачихсан байхаар нь айж гайхахтай зэрэгцэн эмнэлэг явснаар жинхэнэ аюул эхэлсэн юм” гэж ярив.
Энэ үед түүний цусан дахь чихрийн хэмжээ хэвийнхээс хэд дахин ихэссэн, эмч нар үзчихээд “Өөртэй ямар хайргүй үйлчлүүлэгч вэ. Ийм хүнд эмчилгээ хийхгүй” гэж хатуурхжээ. Цочроо өгөх гэж тэгж хэлсэн гэдгийг ч иргэн Х нуулгүй хэлсэн. Түүний “эвэр”-нээс эхэлсэн шарх эцэст нь хөлгүй болгоно чинээ яахин мэдэх билээ. Энэ талаар тэрбээр “Шарх эдгэхгүй удаан явснаас үүдэн хугацаа алдаж, эхлээд чигчий хуруу үхэжсэн. Дараа нь тэр хэсгийн арьс “нүүж”, ядам гэгчлэн хөлийн хуруунууд харлаж, тайруулахаас өөр аргагүйд хүрсэн дээ. Зөвхөн хуруунууд бус, тавхайн дээд хэсгийг тэр чигт нь авчихдаг юм билээ. Архаг чихрийн шижинтэй учраас мэс заслын дараах шарх эдгэхгүй, бараг жил гаруйн хугацаанд цус шүүрч, боолттой явсан. Харамсалтай нь, энэ бүхний эцэст гэнэт цус алдсанааар хөлнөөсөө бүрмөсөн салах хэрэгтэй болов. Эмч “Аюултай нөхцөл үүслээ. Хөлийг өвдөгнөөс дээгүүр тайрвал амь насанд эрсдэл учирна. Тиймээс шагайн дээгүүр л боломжтой” гэж хэлсэн. Ингээд амьд үлдэхийн тулд хагалгаа хийлгэж, өтөл насан дээрээ хүний гарт орох нь тэр. Үхэжсэн хэсгийг мэс заслын аргаар авчихвал болчихно гэж бодтол үгүй юм байна. Чихрийн шижин нь дархлаа үгүй хийдэг, аливаа өвчин тусахад илаарьшихгүй, яр шарх гарахад, холголт зулгаралт үүсэх төдийхөнд ч эдгэхгүй там цайлгадаг өвчин юм. Цаашлаад нүдний судас, торлог устгаж, одоо миний нэг нүд бараг харахаа байсан. Зүрх, бөөр минь ч муудаж эхэлсэн. Тиймээс цусан дахь сахраа тогтмол хянуулж, хэвийн хэмжээнээс өндөр гарсан л бол заавал эмчийн хяналтад орж, эмчлүүлээрэй” хэмээн хүмүүст зөвлөлөө. Түүний ярианаас чихрийн шижин өвчний явц, хүндрэл, урхаг нь хэтдээ ямар аюул дагуулдгийг уншигчид зах зухаас нь ойлгосон байх.
208 МЯНГАН ХҮН ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ БАЙХ МАГАДЛАЛТАЙ
ДЭМБ-ын судалгаагаар дэлхийн хэмжээнд чихрийн шижинтэй хүний тоо өдгөө 840 саяд хүрчээ. Энэ нь 1990 оныхоос 600 гаруй саяар нэмэгдсэн үзүүлэлт аж. Хамгийн ноцтой нь, 30-аас дээш насны ийм өвчтэй хүмүүсийн 60 хувь нь эмчилгээ огт хийлгэлгүй хүндэрсэн байжээ. Улмаар бага, дунд орлоготой улс орнуудад эл шалтгаан том дарамт болж буйг давхар сэрэмжлүүлэв. Монголд ч нөхцөл байдал ижил. Олон улсын чихрийн шижингийн холбооны 2025 оны атласын судалгаагаар манай улсын 20-79 насны хүн амын дунд чихрийн шижинтэй 208.5 мянган хүн байх магадлалтай гэсэн тооцоолол гаргажээ. Өөрөөр хэлбэл, эл насныхны дундах тархалт 10.3 хувьд хүрсэн байна. Эдгээрээс анхаарал татах үзүүлэлт нь оношлогдсон хүмүүсийн 74.7 хувийнх нь өвчин хожуу шатандаа илэрсэн явдал юм.
Сүүлийн үеийн хүн амд суурилсан тойм судалгаанууд ч чихрийн шижингийн бодит тархалтыг нарийвчлан тогтоох шаардлагатайг харуулсаар буй. Оношлогдсон тохиолдлын тоо бол ердөө мөсөн уулын ил харагдах хэсэг учраас тэр. Өвчтэй хүмүүсийн 48.5 хувь нь өөрийгөө чихрийн шижинтэй гэдгээ огт мэдээгүй, эмчилгээ хийлгэх заалттай гурван хүн тутмын нэг нь эмчийн хяналтад ч ороогүй байна.
Монголчуудын дунд сахрын өвчнийг чихэр их идсэнээс болдог гэх ташаа ойлголт түгээмэл бий. Гэвч энэ нь хэт ерөнхий бөгөөд чихрийн шижин нь хэд хэдэн хэлбэртэй. I хэв шинж нь аутоиммуны урвал үзүүлж, дархлааны систем нойр булчирхайн инсулин ялгаруулдаг бета эсүүдийг устгаснаар хүний бие цусан дахь чихрийн хэмжээг байгалиасаа зохицуулах үүрэгтэй эл амин чухал дааврыг үйлдвэрлэхээ болихыг хэлдэг. Харамсалтай нь, орчин цагийн шинжлэх ухаанд ч үүнээс урьдчилан сэргийлэх батлагдсан арга байхгүй гэж үздэг. Тиймээс өвчлөхгүй байх нь л амьд үлдэх зам юм. Харин II хэв шинжийн чихрийн шижин нь нойр булчирхайгаас ялгардаг инсулиныг биеийн эсүүд хангалттай ашиглаж чадахаа болих үйл явц аж. Энэ тохиолдол нь удамшил, насжилт, илүүдэл жин, хэвлийн таргалалт, хөдөлгөөний хомсдол, хооллолт зэрэг олон хүчин зүйлээс улбаатай гэнэ. Түүнээс биш, ганцхан чихэр их идсэнээс өвчлөл үүсдэггүй. Гэхдээ нөгөө талаас чихрийн хэрэглээ огт хамаагүй гэсэн үг ч бас биш аж. Сахар ихээр агуулсан ундаа байнга уух, илчлэг ихтэй хоол, хүнс тогтмол идсэнээр нь илүүдэл жинтэй болж таргалалтад өртсөнөөр II хэв шинжийн чихрийн шижингээр өвчлөх эрсдэлтэй.
Уг хэв шинж нь чимээгүй явцтай, тиймээс олон жил өөрийгөө эрүүл гэж бодож явсан хүмүүсийн нүд нэг л өдөр гэнэт муудаж харахаа болих, энэ нь чихрийн шижингээс үүдэлтэй хүндрэл байхыг үгүйсгэхгүй. Эсвэл жижигхэн шалбархай эдгэхгүй удсанаар мэдрэлийн гэмтэл, цусны эргэлтийн алдагдалд оруулж ч болно. Бөөрний үйл ажиллагаа нь муудсанаар дутагдалд орсон тохиолдол мөн цөөнгүй гэнэ. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн нийт тохиолдлын 25-30 хувь нь чихрийн шижингийн шалтгаантай байдгийг эмч нар хэлсэн. Улмаар диабет нь зүрхний шигдээс, харвалтын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Уг өвчин нь зөвхөн дотоод шүүрэл бус, нүд, бөөр, зүрх, тархи, судас, мэдрэл, тулгуур эрхтний дайсан аж.
ХҮҮХДИЙН ДИАБЕТЫН ҮЕД ИНСУЛИНЫГ АВТОМАТААР НӨХӨХ ШААРДЛАГАТАЙ
Нэг үеэ бодвол улс, дүүргийн эмнэлгүүдэд диабетын төрөлжсөн тусламж үзүүлдэг болсон. Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлэг Дотоод шүүрэл судлал, диабетийн төвөөрөө дамжуулан урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, хяналт, сургалт, зөвлөгөө өгдөг. Сүүлд Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн Чихрийн шижингийн сургалт, хөгжлийн төвийн үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна. Дүүргийн зарим эмнэлэгт энэ төрлийн тусламж үзүүлж буй. Гэхдээ эдгээр нь зорилтот хүн амд хүрэлцэхүйц тусламж үзүүлж чадаж байна уу гэвэл үгүй. Одоо болтол төв эмнэлгүүдээс баг гарган орон нутагт ажиллуулдаг. Тиймээс аймгууд дотоод шүүрэл, диабетын кабинеттай болох санал хүсэлтээ тогтмол илэрхийлдэг гэнэ.
Мөн диабетын эмч, сувилагч, хоол зүйч, сургалт хариуцсан хүний нөөцийн мэдээлэл олон нийтэд ил тод бус. Цаашлаад I хэв шинжийн чихрийн шижинтэй хүн инсулингүйгээр амьдрах боломжгүй. Насанд хүрэгчдийн хэрэглэдэг инсулин чанаргүй, үйлчилгээ муутай байдгийг хэрэглэгчид байнга хөнддөг. II хэв шинжийн чихрийн шижингийн үед олон улсад хэрэглэдэг цөөнгүй бүлгийн эм нь зүрх, бөөр, нүд хамгаалах давхар үйлчилгээтэй болоод байхад бид уламжлалтыгаа л уусан хэвээр гэнэ. Хүүхдийн инсулины хүртээмжтэй холбоотой асуудал ч өнгөрсөн онд сөхөгдсөн зэрэг асуудал мундахгүй байсаар.
Манай улсад хүүхдэд тохиолддог чихрийн шижин нь насанд хүрэгчдийнхээс арай өөр дүр зурагтай. ЭМЯ-ны өнгөрсөн оны мэдээллээр Монголд I хэв шинжийн чихрийн шижинтэй 292 хүүхэд бүртгэгдээд буйн олонх нь 4-6, 10- 14 насныхан. Найман настай М-ын аав “Хүүхэд минь таван настайдаа I хэв шинжийн чихрийн шижинтэй гэж оношлогдсон. Цусан дахь сахраа хянахын тулд хурууныхаа өндгийг өдөрт 7-10, сард 200-300 удаа хатгуулдаг байсан” тухайгаа ярьсан бол өөр нэг охины ээж “Хүүхдээ 24 цагийн турш хянадаг, нойргүй хонох шөнө ч олон” хэмээсэн. Өвчтэй хүүхдээ хооллох бүрдээ инсулины тунг тооцох, цусан дахь глюкозыг хянах, сахар огцом буурахаас сэргийлэх шаардлагатай. Сургууль дээр нь багш энэ бүх үүргийг хүлээдэг гэхчлэн хүүхдийн диабет нь зөвхөн эмнэлгийн асуудал биш, гэр бүлийн гишүүдийн болон эргэн тойрныхных нь ажил, амьдрал, өдөр тутмын хэмнэлийг ч орвонгоор нь өөрчилдгийг эдгээр жишээ харуулна.
Харин өнгөрсөн жилээс I хэв шинжийн чихрийн шижинтэй хүүхдүүдэд глюкозын байнгын хяналтын төхөөрөмж CGM олгож эхэлснээр өдөр бүр ядаж хуруугаа л олон арав хатгуулахаа больжээ. Гэхдээ төхөөрөмжийн мэдрэгчийг тогтмол солих, хэрэглэж сургах, мэдээллийг зөв унших, инсулины тунг тохируулах, сургууль дээр хэрэглэх орчин, яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангах зэрэг тогтолцоо нь одоо болтол бүрдээгүйг эцэг, эхчүүд шүүмжилсэн. Америкийн Чихрийн шижингийн нийгэмлэгийн энэ оны зөвлөмжид хүүхэд, өсвөр үеийнхэнд CGM-ийг өвчин оношлогдсон үеэс нь аль болох эрт хэрэглүүлэх, тэр дундаа I хэв шинжийн үед инсулиныг автоматаар дамжуулах систем ашиглахыг санал болгосныг манайх мэдээд авахад илүүдэхгүй биз ээ.