-Монголд шашны дайн болж байна-
Х.Болормаа
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн Удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалтыг явуулсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв.
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэж байгаа билээ.
2015 оны БАЛДОРЖ шагналын шилдэг аравт “Өнөөдөр” сонины тухайн үеийн Нийгэм, шуурхай мэдээллийн албаны дарга Х.Болормаагийн “Бодь мөрийн зэрэг” үнэгүйдэж, “Библи” үнэд орох цагаар”, “Адилхан Монгол” нийтлэлүүд шалгарсан юм.
Нүдээрээ үзсэн энэ түүхийг бичих үү, болих уу гэж хэдэн cap бодсоны эцэст үзэг цаас эвлүүллээ. Буянт нэгэн буурал ханан гэрээсээ хадан гэртээ буцаж, үлдэгсэд хойтохыг нь хийх болтол асуудал дэгдэх нь тэр. “Аль шашны зан үйлээр оршуулах вэ” хэмээн нэг хүүхэд нь асуутал нөгөөх нь “Буддын шашныхаар байлгүй яах юм” гэж. Нөгөө нь “Христийнхээр болгоно” хэмээн санал зөрөхөд хажуугаас ээж нь “Та нар ингэж маргаад хэрэггүй. Аав чинь сайхан насаллаа. Насыг нь хүндэтгээд ил тавьчих. Эсгийд ороогоод л болно” гэсэн өөр санал гаргажээ.
Бөө, Будда, Христийн зан үйлийн алингаар нь аавыгаа хөдөөлүүлэхээ шийдэж чадалгүй байсаар тэд ямар ч байсан эсгий, хайрцаг, номын хөнжил... гээд аль ч ёсоор оршуулсан ч хэрэг болох бүхнийг бэлтгэхээр шийджээ. Талийгаач шашин ном гэж нэг их сүйд болдоггүй ч жилийнхээ заслыг хийлгэхдээ шарын шашны лам залдаг, насаараа шахуу буддын шашинтай гэж явсан хүн. Хөдөө уулын мухарт аж төрж байсан энэ хөгшин насныхаа бөгсөнд Христийн шашинд оржээ. Орсон ч гэж, ойр тойрныхоо олны аясыг дагасан бололтой.
Монгол орны өргөн уудам нутагт Христийн номлогчдын хөл хүрээгүй газар үлдсэн болов уу. Малчин, ажилчин, тариачин, дарга, захирал, гэрийн эзэгтэй, сумын сургуулийн сурагч, хотын оюутнуудыг хүртэл аалзны шүлс шиг хэрж байгаа Христэд хүлүүлсэн хүмүүсийн нэг нь талийгаач. Түүний ганц ах нь Христэд итгэгч бэртэй болсноос бүх юм эхэлжээ. Хадам аавыгаа наадмаар ямаа гаргах гэж байхад бэр нь “Аав аа, бурхан ямаа биш, хонь гарга гэж байна” гэхэд “Битгий дэмийр. Би бурхныг биш, өөрийнхөө ямааг төхөөрч байна. Юугаа яахаа би өөрөө мэднэ” хэмээн загнаж байсан тэр хүн жилийн дараа гэхэд бурхны үнэнч боол болж, нэг л мэдэхэд “Бидэнд хоол өгсөн бурхандаа баярлалаа” хэмээн залбирдаг болсон байв. Ийн тэдний бүх хүүхэд, хүргэн, бэр, хамаатан саднаараа ярьдаг сэдэв нь Христ, боддог юм нь Христ, хийдэг ажил нь Христийг сурталчлах болж, нүдэнд үзэгдсэн хадаг, архи, бусад шашны эд юмсыг устгаж явдаг, хараад гар нь загатнадаг байх гэмээр болсон доо. Тэр бурхны буян бас бий. Өмнө нь нэгнийгээ үздэггүй байсан ах дүүс одоо салахаа байж, хаа ч хамтдаа байдаг болсон нь үнэхээр магтууштай. Саар тал нь тэд ажил хийхээ больсон. Хөрөнгөгүй, орлогогүй, ажилгүй хэрнээ юугаар ч юм сүм барьчихсан. “Эд хөрөнгө цуглууллаа ч түүнийгээ хойд насандаа хэрэглэх биш. Бусдын л идэш болно. Сүнсэндээ л анхаарч, эзний ивээлд очихоо бодох хэрэгтэй” хэмээн ухуулна. “Цуглуулсан хөрөнгөө үр хүүхдэдээ үлдээх юм биш үү” гэхээр “Тэр бол өөр сүнстэй. Бусдын сүнс миний хөрөнгийг авна гэсэн үг” гэж эсэргүүцнэ. Тэгсэн хэрнээ цуглааны үеэр сүмд нь 500 төгрөг өгсөн хүнийг “Бурхнаас мөнгөө нууна гэж байхгүй шүү. Олсон орлогынхоо 10 хувийг бурханд барьж байх ёстой. Тэгэхгүй бол бурхан шүүнэ” хэмээн баална.
Ийм нэгэн гэр бүлийн өдөр, шөнөгүй хийсэн ухуулгад тэр голынхон бүгдээрээ автсанаар энд “Бодь мөрийн зэрэг” үнэгүйдэж, “Библи” үнэд оржээ. Орхимж орхигдож, загалмай зайг нь эзлэх үйл явдал ганц энд бус Монгол орон даяар өрнөж байна. Дэлхий дээр Хиндү шашин 4000, Иудей 3670, Заратуштрын шашин 3000, Буддынх 2550, Христ 2000 жил, Ислам 1520 жил, Бахай шүтлэг 170-аад жил оршин, сургааль номлолоо айлдаж иржээ. Эдгээрээс Манихей, Христ, Ислам, Бумба, Буддын зэрэг олон шашин Монгол оронд дэлгэрч, бидний түүхэнд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн нь шашин судлаачдын хорхойг гозолзуулдаг. Христийн шашин гэхэд Монголд 1990 онд л анх нэвтэрсэн юм биш. Түрэгийн хаант улс (МЭ 555745 он), Уйгарын хаант улс (МЭ 745-840 он)-ын үед өрнө дахины Согд, Парфийн хаант улсаас Христийн шашны несторианы урсгалын лам нар Монголд ирж, шашнаа сурталчилж байсныг батлах хэд хэдэн түүхэн дурсгалыг археологчид, руни бичиг судлаачид олсон байдаг. Найман, Хэрэйд аймгийн ихэс ноёд ч несторианы урсгалыг шүтдэг байсныг Рашид-Ад Динь’ “Судрын чуулган”-аас үзэж болно.
Их Монгол улсын үед ч Европын Христийн шашинтнууд Монголын язгууртнуудыг Христийн шашинд оруулахаар олон тооны номлогчоо илгээж байжээ.
1855-1860 онд Манж Чин улс, Англи, Францтай гэрээ байгуулан, Христийн номлогчдыг шашнаа сурталчлахад тусалж байсан байх юм. 1840-1850 онд Лондонд байрлалтай “Британы болон гадаад дахь Библийн нийгэмлэг”-ийн ивээл доор номлогч Вильям Свен, Эдуард Сталиберг нар зориуд монгол хэл сурч, “Библи”-ийг анх монгол хэлээр хөрвүүлж байсан, Оросын монголч эрдэмтэн Н.Ковалевский, Г.Шмидт нар тус тусдаа монгол хэлээр “Библи” орчуулж, Санкт-Петрбургт хэвлүүлж байсан түүх бий. Их Хүрээнд Шведийн худалдаачин Ларсоны “Эгч дүүсийн холбоо”-Өвөрмонголд Мостертын цуглаан” гэдэг Христэд итгэгчдийн бүлгэм хамгийн олон хүн элсүүлсэн бол 1921-1923 онд Английн хэдэн эмэгтэй номлогч Хүрээнд ирж, Евангелийн судраас эш татсан, зурагтай монгол ном товхимлуудыг монголчуудад тарааж, өвчтэй хү мүүсийг үнэ төлбөргүй эмчлэн, англи хэл заан, шашнаа сурталчилж байжээ. Гэхдээ шашингүйн үзэл газар авч, төрөөс сүм хийдүүдтэй тэмцэж эхэлснээр номлогчид нутаг буцсан байна.
Харин 1990 оны аравдугаар сарын 7-нд “Ертөнцийн эзний чуулган” Монголд дахин хөл тавилаа. Хүмүүс картын бараагаар гол зогоож, дэлгүүрт давснаас өөр юм байгаагүй тэр үед ардчилал, зах зээл гэгч шинэ үгстэй хамт Христ хил давснаар мормон, шинэ апостол, ни-ли, баптист, протестант үүрээ засаж эхэлжээ. Энэ үеэс БНСУ-д монголчууд хэдэн арван мянгаараа хараар ажиллах болсон. Тэдний эх орондоо тээж ирсэн зүйлийн нэг нь Христийн шашин. Солонгост амьдарч байгаад ирсэн монголчууд энд сүм байгуулж, элэг нэгтнүүдийнхээ гараас эрхийг нь хурааж, хүзүүнд нь загалмай зүүлгэсэн. Улсын хэмжээнд эдүгээ 500 гаруй сүм, хийд байгаагийн 372 нь нийслэлд бууриа засчээ. Эдгээр сүмийн 30 хувийг Солонгост ажиллаж байгаад ирсэн монголчууд байгуулсан байх юм. Бүр “Библи”-ийн сургалтын төв хүртэл байгуулан, номлогч бэлтгэдэг болж. Номлогч болохоор энэ төвийг зорьдог, тэдний сонгож авдаг хүмүүс нь ид хийж бүтээх насны 20-30 насны залуус. Тэд гурван сая иргэний маань 34 мянгыг загалмайтан болгосон гэхээр шашны шуурга хэр ширүүсэж байгаа нь анзаарагдана. “Библи” сурталчлахын тулд Солонгосоос эх орондоо буцаж ирсэн монгол залуусын гэх зузаан түүх бичигдэж, түүнийг бүр дөрөв хуваан үздэг болсон байна.
Монголчууд байрны мөнгөтэй, болж өгвөл машины үнэ нэмж олохоор Солонгосыг зорьж, боолын хөдөлмөр эрхэлж байсан хэрнээ тэнд очоод зорьсон хэргээсээ буцан, загалмай өвөртөлж ирсний учир ийм. Сөүлд гадаад ажилчдын сүм гэх тусгай газар бий. Тухайн үед Солонгост хууль бусаар оршин суудаг, баригдах вий гэсэн байнгын айдастай монголчуудад нөмөр нөөлөг болдог газар нь тэр сүм байжээ. 1996 оноос монголчууд тэр сүмд очиж эхэлснээр удалгуй зарим нь байнгын үйлчлүүлэгч болсон тул тэдэнд зориулсан цуглаан хүртэл зохион байгуулдаг болов. Тэгэхэд Сөүлд ажиллаж байсан монголчуудын бараг 90 хувь нь “харласан” байсан нь гадаад ажилчдын сүм тийш зурайх монголчуудын зам өргөсөхөд нөлөөлжээ. Метроны хоёрдугаар шугам (ногоон өнгөөр тэмдэглэдэг)-ын 14 дүгээр буудлын ойролцоох энэ сүмийг монголчууд “Ногооны 14” хэмээн нэрлэдэг. Монгол хүмүүс ийн сүмд нь олноороо очиж байсан учраас солонгосчууд 1996-2000 оны хооронд зөвхөн монголчуудад зориулсан 10 гаруй сүм байгуулжээ. “Diaspora Mongolian Network” гэдэг байгууллага хүртэл байгуулагдаж, тэрхүү сүмүүдийн үйл ажиллагааг зангидан зохицуулдаг болсон байна. Дараа жилээс нь монголчуудад зориулан, монгол хэлээр “Библи” хэвлэн тараажээ. Энэ үед БНСУ-ын 28 сүмд 756 монгол хүн байнга, 1330 хүн хааяа очдог байсан аж. Тэгэхэд сүмээс монголчуудын дунд явуулсан судалгаагаар тэдний 35 хувь нь Христэд итгэдэггүй гэж хариулсан бол найман жилийн дараа есөн хувь нь л ингэж хэлсэн байв. Христэд итгэгч монголчуудын тоо ингэж дууны хурдаар нэмэгдэхтэй зэрэгцэн монголчууд өөрсдөө Солонгост сүм байгуулж эхэлсэн байна. 2012 он гэхэд монголчуудад зориулсан 60 гаруй сүм Солонгост бий болсон байлаа. Энэ үед БНСУ дахь Монголын Христийн холбоо үүсчээ.
1998 онд солонгосчууд Монголд ирэн сүм байгуулсан. Харин 2002 оноос хамтран сүм босгож, арван жилийн дараачаас монголчууд өөрийн хөрөнгөөр сүмтэй болж эхэллээ. Энэ бол Монголд тавьсан хөл дээрээ Христ баттай зогссоны нотолгоо юм. Нутагтаа өөрийн гэсэн сүмтэй, тэндээ байнга ирдэг хүмүүстэй болсон номлогчдын нэг нь талийгаачийн үеэл нь. Тэрээр оршуулгын өмнөхөн баахан хүн дагуулан ирж “Талийгаач Христийн шашинтан байсан. Тиймээс Христийн ёсоор оршуулах нь зүйтэй” гэв ээ. Ингээд Будда, Христ, бөөгийн дунд “төөрсөн” хүмүүс олон санаа гаргасаар эцэстээ бантан зуурахаар тохиролцлоо.
Үр хүүхдүүд нь зул өргөчихөөд гарахад Христийнхэн зөрж ороод баахан удав. Тэд дуу дуулаад ч буй ч юм шиг, шүлэг уншаад ч байна уу гэмээр чанга чанга дуугарч байгаад гарч ирсний дараа талийгаачийн хүүхдүүд гэрт ороод “Зул жаргаа чихсан байна. Сэргээчихлээ” гэсээр гарч ирэв. “Ертөнцийн эзэн сүнсийг нь хүлээж авсан гэж бурхан хэллээ. Сүнс нь нэгэнт мөнх амьтай болсон учраас оршуулга, 49 хоног гэж сүйд болох хэрэг ч уг нь байхгүй л дээ” хэмээн ухуулах Христийнхэн, “Аавыгаа яаж оршуулахаа бид мэднэ. Та нараар заалгахгүй” хэмээн бухимдах Буддынхан, “Чимээгүй л өөр өөрийнхөөрөө болцгоо. Битгий ясыг нь өндөлзүүл” хэмээн зааварлах бөөгийнхний хооронд энд дайн болж байв.
Энэ үед нэгэн хүн “Би бүслэгдчихжээ” хэмээн толгой сэгсэрч суув. Эхнэрээ Христийн шашинтан болоод удаж байгааг тэрбээр энд ирээд мэджээ. Өөрөөс нь нууцаар Христийн сүмд явдаг, ням гараг бүр болдог цуглаанд нь тасралтгүй суудаг байсныг гадарлаа ч үгүй гэнэ. Түүний ах нь шарын шашны том лам хүн. Монголын томоохон хийдүүдийн нэгийг нь толгойлдог тэр ламын тун ойрын садан нь өнөө христийнхэн аж. Удамд нь бас том лам нар байсан гэнэ. Шарын шашны нөлөө бүхий лам нарын ураг төрөл нь Христийн үнэнч дагагч, итгэн бишрэгч болчихоод бусдадаа түүнийгээ ухуулан сурталчилж, бас Христийн сүм байгуулчихсан, эхнэр нь бас Буддад мөргөхөө болиод Христэд залбирдаг болсон гэхээр тэр хүн толгой сэгсрэхээс ч өөр яалтай. “Хүүхдүүд бас Христэд орчихсон уу? Ах бид хоёрыг Христ бүсэлчихээ шив” хэмээх түүнтэй адил байдалд орсон хүн Монголд олон бийг дараах баримт харуулна.
ШУА-ийн Философи, социологи эрх зүйн хү рээлэнгийн судалгаагаар Монголд Христийн католик, үнэн алдартны, англикийн, апостолын, пресвитерианы болон баптист, лютеран, долоо дахь өдрийн адвентист, методист чиглэлийн 15 төрлийн сүм, цуглаан бий болжээ. Манай улс 2010 онд хүн ам, орон сууцаа тоолохдоо анх удаа шашин шүтлэгийн байдлын тухай мэдээлэл авсан. Үүнээс үзэхэд 15-аас дээш насныхны 53 хувь нь Буддын, 2.1 хувь нь Христийн шашинтан, 2.9 хувь нь бөө шүтлэгтэн байна Буддын шашинтнууд цөөрч, бусад шашинтан нэмэгдэж байгааг энэ тоо харуулах биз ээ. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага 119 байгаагийн 41 нь сүм, хийд. Энэ дүүрэг дэх Буддын таван хийдийг Христийн 36 сүм бүсэлчихэж.
Харин өнөө хэд маань “бүслэлтэд орсон” хү ний зөвлөсөн ёсоор оршуулгаа зөвшилцөж хийсэн юм. Буддынхан эхлээд зан үйлээ гүйцээсний дараа христийнхэн залбирал үйлдэв. Харин бөөгийнхөн ухамсраараа татгалзсан даа. Ялагч тодроогүй энэ дайн хоёр өдөр үргэлжилсэн хэдий ч үлдээсэн толбо нь гүн байлаа.
Адилхан Монгол
Дэлгэсэн тэрлэг шиг нутгийнхаа баруун “ханцуй”-гаар аяллаа. Монгол орны хамгийн баруун талын цэг Хүйтэн оргилыг зорьсон аяллынхаа замд эх орныхоо байгалийн сайхныг бишрэн явсаар Баян-Өлгий аймгийн төвд ирэхэд “Энэ чинь Монголын нутаг биш бил үү” гэсэн асуулт өөрийн эрхгүй амнаас унав. Дээвэргүй шавар тагзнууд нь дээрээс дараад авах шиг. Бараг л бүгд дүнсийсэн саарал. Найрлаганд нь барьцалдуулагч бодис огт ороогүй шавраар босгосон хашаанууд тэрхүү саарал төрхийг улам бүрсийлгэнэ. Яг л хятад хороолол шиг. Хаа нэг харагдах хасаг цагаан гэрүүд энэ бүүдгэр байдлыг сарниулж үл дөнгөнө. Гудамжинд тааралдах хүмүүсээс газар асуухаар өөдөөс мөрөө хавчина, эсвэл толгой сэгсрээд казах хэлээр ямар нэг юм шулганачихаад яваад өгнө. Эгээ л гадаадад ирчихсэн мэт. “Аймгийн төвийнхөн монголоор ярина шүү. Сумын төвийнхөн гадарлана. Муу зан нь хөдлөхөөр монгол хүний өөдөөс казахаар яриад явуулчихдаг юм. Хөдөө бол монгол хэл мэддэг хүн бараг байхгүй. Дээхнэ үед ийш тийш томилолтоор явж, ажил хийж байсан хөгшчүүд л монгол хэлтэй” хэмээн хоёр хэлтэй казахууд сануулсан. Үнэн аж. Алтайн нурууны Таван богд руу явах зам дагуу хасаг цагаан гэрүүд үе үе тааралдавч эзэдтэй нь огт хэл нэвтрэлцсэнгүй. Газар сайн мэддэг, монгол хэлээр маниас дутахгүй ярьдаг Сайла гуай бидний гуйлтыг төвөгшөөлгүй хүлээн авч, туслаагүй бол ч бид төөрөх байв. Ямар ч хаяг тэмдэггүй хөдөөний олон салаа замын алинаар нь явбал зорьсон газартаа хүрэх юм, бүү мэд. “Таван богд руу жуулчид цувж байгаа. Жуулчин авч яваа монгол жолооч зөндөө таарна. Тэднээс зам асуугаад явбал алзахгүй” гэж зөвлөсөн хүмүүсийн үгэнд орсон бол ч... Хадлангийн талбайгаа манаж үлдсэн ганц нэг айл, шаварт суусан ганц “УАЗ-469”, мотоциклийнхоо моторыг хөргөж суусан хоёр хүнээс өөр замд бөрхийх юм таарсангүй. Хаа сайгүй бэлчих хулгар шарууд, сэг хайн эргэлдэх элээ л замын хань болж байв. Казахууд тарваганы мах иддэггүй, тэднийг агнадаггүй болохоор хулгар шарууд нь талд тааваараа идээшлэх юм. Тарган ч гэж жигтэйхэн. Холхон байгаа нь толгойгоо өргөж хар чихаад тоох ч үгүй, ойрхон таарсан нэг нь дуртай дургүй баацга баацга харайсаар нүхэндээ орох ч төд удалгүй гараад ирнэ.
Энэ нутгийн хүн зон нь яг л тарвага шигээ тайван. Хөдөөний монгол малчид үүрийн таван жингээр үнээгээ сааж хонио бэлчээдэг байтал эндхийн малчин айлууд есөн цагийн үед өрхөө татах юм. Зусдаг газар нь ялаа, шумуулгүй, их халдаггүй болохоор үнээ мал нь оодогнодоггүй бололтой. Түүнийгээ дагаад малчдынх нь сэтгэл тайван. Аймгийн төвийнхөн ч ялгаагүй, хэзээ ажил хийдгийг нь ойлгоогүй бид бачуурах шахаж байв. Баян-Өлгийн цагийн зүү 11.30-ыг заах үед л зах доторх амбааруудынх нь хаалга онгойж эхэлнэ. Тэгснээ 4-5 цаг наймаа хийгээд л 17.00 цаг гэхэд бүх хаалганд том том цоож зүүгээстэй хоцорно. Цагийн зөрүүнээс болоод тэд Улаанбаатарын биднээс нэг цагийн хойно сэрдэг ч нийслэлийнхнээс цагийн дараа орондоо ордог болохоор ингэж хойргоших шалтаг баймгүй. Хахир хүйтэн өвөл урт удаан үргэлжилдэг орны иргэн бид зуны гурван сард болжмор шиг сэргэг байж, илжиг шиг зүтгэдэг гэж санаж явсан маань биш болов. Улаанбаатарын бид л цагт баригдсан амьдралдаа дарлагдаж дасчихаад бусдыг өөр шигээ байлгах гэдэг ч юм болов уу гэсэн эерүүллээр тэднийг зөвтгөж явав.
Баян-Өлгий аймаг Алтайн нуруунд байрлалтай болохоор уулсын орон. Алсаас цайран дүнхийх цаст цагаан уулс нь сүрлэг. Жирийн уул нь гэхэд Хангайн уулсыг хоёр гурваар нь давхарлачихсан мэт өндөр. Далайн түвшнээс дээш 1301-4374 метр өндөрт оршдог энэ аймгийн нийт нутаг дэвсгэрийн 95.3 хувь нь 1600 метрээс дээш өндөрт байрлалтай. Угаасаа тэнгэрт ойрхон амьдардаг энэ ард түмэн зун болохоор уулсаа өгсөөд улам л өндөрт зусдаг аж. Ердийн хөсөгт гэрээ ачаад, техник явахгүй, санаанд багтамгүй бэрх замаар хэдэн улаан хонь, саалийн ганц хоёр үнээгээ туугаад л уулын орой дээр буучихна. Тэндээс нь хүн мал ундлах ус олдоод байдаг нь бүр гайхалтай. Цагаан цасан малгайтай уулс бүрийнх нь сугаас цэв хүйтэн, тув тунгалаг гол горхи шоржигнон урсах нь машиныхаа ард “Газрын гүний цэвэр ус” гэсэн тодотголтой савласан ус ачсан намайг шоолох мэт.
Эндхийн мөнх цас, мөс гэсээд бараг дуусаж байна. Одоохондоо цэвдэг бүрмөсөн хайлаагүй болохоор л уулын орой дээрх гол горхиуд татраагүй байгаа аж. Потанины мөсөн гол гэхэд маш эрчимтэй хайлж байна. Дөрвөн жилийн өмнө Таван богдод ирсэн хүн “Энэ уулын тэр хавь битүү цастай байсан. Одоо алга” хэмээн гэрчлэхээс үзвэл дэлхийн дулаарал гээч мангас дуу алдам энэ сүрлэг уулсыг ч багалзуурдаж байгаа нь илт. “Одоо л сайн хараад ав. Дахиад ирэхэд чинь байгаа ч уу, үгүй ч үү” гэх шиг Таван богдын тэнгэр тэр өдөр бүртийх ч үүлгүй тунгалаг байлаа. Мөсөн гол, мөнх цаст уулсаас холгүйхэн овоон дээр нь дан цамцтай халууцаж байсан гээд бод доо. Тийм халуунд мөс ч гэсэн хайлахгүй гээд яах билээ. Хэдэн мянган жил энд ноёрхсон цас, мөс энэ орчлонд мөнхийн юм гэж нэгээхэн ч үгүй гэдгийг сануулан, саа мөнгөн биеэ эмтлэн урссаар. Уйтай юм. Ийм гайхалтай, тийм биширмээр байгаль, сүр хүчин мөдхөн байхгүй болно гэхээр одоо ч гэсэн тийшээ гүйчихмээр. Хажууд нь ханаа шийрлээд амьдармаар.
“Солбио хүрэн ат минь Сарын газраас жонжоотой доо хө” хэмээн солгой хоолойгоор аялах Сайла гуайд мэдэхгүй монгол дуу гэж үгүй бололтой. “Казахстанд нүүж очсон казахууд нэгнийдээ цуглаад монгол дуу дуулдаг ш дээ. “Элэг зүрхнээс уяатай Энхрий Монгол нутаг минь” гээд л дуулахад нь тэднийг үнэхээр өрөвдмөөр шүү. Манай ах дүүс бас Казахстан нүүсэн. 1990 оны үед Баян-Өлгий бараг хүнгүй болсон. Эндээс нүүж очсон хүн бүрд Казахстаны Засгийн газар мөнгө өгч, хөдөө газар зааж нутаглуулаад мал маллуулсан. Энд албан газарт ажиллаж байсан хүн тэнд очоод мал маллаж чадахгүй, дасахгүй хэцүүдсэн. Тэгээд бараг бүгдээрээ буцаад нүүгээд ирсэн. Казахстан Монголоос их өөр, бүх зүйл мөнгөөр хэмжигддэг. Нэг удаа би Казахстанд явж байгаад нэг залуугаас зам асуусан чинь “20 тэнгэ өг” гэж байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ. Ингэж хүнээ алдаж болохгүй. Манай монголчууд тэгдэггүй ш дээ” хэмээн ярих энэ хүний яриа бүрд “манай монголчууд” гэсэн үг багтдаг. Монгол хэл мэддэг казахууд бүгдээрээ л “Манай монголчууд” гэж яриад өгүүлбэрээ “ш дээ” гэж төгсгөх нь чихэнд содон. Харин бид өөдөөс нь “Танай казахууд” гэнэ. “Манай, танай” хоёр мөргөлдөж, бас нийлж байсан цаг түүхэнд бий.
Түрэг улсыг мөхсөний дараа XI-XII зуунд Монголын харьяанд орсон казахууд дараа нь түүхийн нэгэн хэсэгт салсан ч 1864 оноос эхлэн Алтайгаас өнөөгийн Ховд аймгийн нутаг руу нүүн суурьшиж эхэлжээ. Манжийн төр мөхсөний дараа казахууд Богд хаант Монгол Улсад дагаар орох хүсэлт гаргаж, 1917 оноос Монголын албан ёсны харьяат болсон байна. Хожмын түүх гэвэл 1930-аад онд Хятадыг хөл толгойгоо алдан бужигнаж байхад нь Зөвлөлт улс овжин ашиглан, Коминтерний заавраар баруун хойд хэсгийг нь салгах бодлого явуулж байсан гэдэг. 1933 онд Шинжаан тусгаар тогтнолоо зарлан, Ардын бүгд найрамдах засагтай болж, 1939 оны эцсээр Алтайн хасгуудын буу зэвсгийг хураан авч, ноёд тайж нарыг феодал хэмээн баривчилж эхэлжээ. Үүнийг эсэргүүцэж хасгийн Расхаан, Эсим нарын толгойлсон бослого гарч, цаашдаа хасгийг Хятадаас бүрэн тусгаарлах хөдөлгөөн болон өрнөсөн юм. Босогчдын эгнээнд явсан Оспан гэгч эр бусдаасаа тодрон “Хасгийн эрэлхэг баатар” хэмээн алдаршиж, яваандаа бослогын удирдлагыг гартаа авчээ. Шинжаан мужийн Алтайн Эрчим голын Арал гэдэг газарт хасгийн 12 керей отгийн Молох овогтны доторх Айтуган молох ястан Исламын гэрт 1899 онд төрсөн энэ эрийг Коминтерн ашигласнаар монгол, казах гэсэн хоёр үндэстэн өнөө цагт Монгол хэмээх нэгэн дээвэр дор багтах болсон юм.
Учир нь Шинжааны Засгийн газар 1942 оны эцсээр гоминданы Засгийн газарт бууж өгснөөр 1943 оны гуравдугаар сараас эхлэн Шинжаанд байсан Зөвлөлтийн цэргийн сургагч мэргэжилтнүү дийг гаргажээ. Зөвлөлт улс үүний эсрэг Оспаныг ашиглахдаа Монголын гараар могой бариулсан юм. Зөвлөлт өөрөө Хятадад цэрэг, зэвсэг, хөрөнгө мөнгөөр тусалж байсан учраас Оспанд ил цагаан тусалж болохгүй байж. Тиймээс Монголыг ашиглан, нэг гараараа Хятадад тусалж, нөгөө гараараа бусниулж байжээ. 1943 оны аравдугаар сарын 6-нд Монголын тал Оспантай хэлэлцээр хийж, зэвсэг, эд хөрөнгөөр тусалжээ. Ингээд Оспан гоминдантай байлдсан ч түрэгдэн, 1944 оны гуравдугаар сарын 1-нд 360 өрхийн 2200 гаруй хүн дагуулан Монгол руу оргон зугтаж ирсэн байдаг. Тэднийг Монгол Улс Ховдын Булганд хүлээн авч, зэр зэвсэг, эд бараагаар тусалжээ. 1945 оны зун Шинжааны Алтайн босогчид баруун хойт хэсгийн Ил тарвагатай аймгийн босогчидтой нэгдэн, гоминданыг шахан зайлуулснаар одоогийн Хятадын нутгийн бараг тал нь буюу Алшаа хүртэлх өргөн уудам нутаг Зөвлөлтийн мэдэлд оржээ. 1945 оны есдүгээр сард зөвлөлтүүд энд Дорнод Туркестаны Бүгд Найрамдах Улс байгуулж шинэхэн улсынхаа Ерөнхий сайдаар Алейхаан гэгчийг томилсон байна. Энэ том улсын бүрэлдэхүүнд Шинжааны Алтай аймгийг оруулж, аймгийн тэргүүнээр нь Оспаныг тавьжээ.
Гэвч 1945 оны дунд үеэс эхлэн Оспан Монгол Улсын баруун хил хязгаарыг байнга зөрчин, дээрэм хийдэг болсон байна. Түүнийг устгахаар Монголын ДЯЯ гурван удаа оролдоод чадаагүй ч Оспан 1951 оны хоёрдугаар сарын сүүлчээр Энэтхэг рүү оргох гэж яваад Хөх нуурын орчим Хайцай гэдэг газарт Хятадын ардын чөлөөлөх армийнханд баригдаж, Үрүмчи хотод цаазлуулжээ. Монгол, казах хоёр үндэстэн Монгол хэмээх туурга тусгаар улсын нэгэн дээвэр дор амьдрах болсон учир ийм.
Зөвлөлтөөс өрх тусгаарласныхаа дараа Казахстан улс казах иргэдээ урин дуудсан. Бүр мөнгө, мал, газар өгсөн. Тэгэхэд зарим нь “Миний эх орон энд байна” гээд яваагүй. Олонх нь явсан. Гэсэн ч нэг хэсэг нь “Миний эх орон Монгол юм байна” гээд буцаад ирсэн. Салаад нүүгээд явчихаж болохгүй ямархан сэжмээр тэд бидэнтэй холбогдсон юм бол доо. Монголын казахуудыг Казахстанд очиход монгол гэж хажигладаг, Монголд ирэхээр нь бид казах гэж түлхдэг. Энэ нь тэдэнд хэцүү байдаг гэдгийг ойлгох эгшинд “Хятадууд биднийг монгол гэдэг. Ар монголчууд та нар биднийг хятадууд гэдэг” хэмээн өвөр монгол ахан дүүсийн минь нэг уйлж байсан нь тархинд зурсхийж, зүрх хөндүүрлэсэн дээ.