Антарктид тивийн озоны давхаргын цоорхой сүүлийн хэдэн арван жилд байгаагүйгээр хамгийн бага хэмжээнд хүртлээ хумигдсан сайн мэдээг Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-аас мэдээллээ. Өнгөрсөн оны хэмжилтээр озоны давхаргын цоорхой 1992 оноос хойш ажиглагдсан хамгийн бага хэмжээтэй 4-5 дахь тохиолдол болж бүртгэгдсэн гэнэ. Энэ нь хүн төрөлхтнийг нарны хортой туяанаас хамгаалдаг озоны давхарга эргэн сэргэж буйг илтгэх чухал үзүүлэлт ч аюул бүрэн арилаагүйг судлаачид сануулав.
Озоны давхарга ийнхүү сэргэж байгаа ч газрын гадаргуу дээрх хэт ягаан туяаны (UV) хэмжээ эрсдэлтэй түвшинд хэвээр буйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Өндөр идэвхжилтэй хэт ягаан туяаны тусах хугацаа уртсаж, давтамж нь нэмэгджээ. Жишээлбэл, Европын зарим бүс нутагт 1990-ээд оны дунд үетэй харьцуулахад хэт ягаан туяаны хэмжээ 20 хүртэлх хувиар нэмэгдсэн байна. Судлаачдын үзэж буйгаар хэт ягаан туяаны хор нөлөө ихсэж буйн гол шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр үүл багасаж, нар тусах хугацаа уртассантай холбоотой гэнэ. Үүнээс улбаалан арьсны хорт хавдар, нүдний эмгэгээр өвчлөх эрсдэл дэлхий дахинд нэмэгдэх магадлалтай аж. Тиймээс уур амьсгал тогтворгүй, нар тусах хугацаа уртассан энэ үед нарны тос түрхэх, малгай, нүдний шил зүүх зэргээр эрсдэлээс хамгаалах нь нэн чухал болохыг Дэлхийн цаг уурын байгууллагаас онцлов.
Н.Дүүл