Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг дахь Хорьдолын даваа халтиргаа гулгаа ихтэй, зарим хэсэгт нь зузаан мөсөн бүрхүүл тогтсоныг орон нутгийн иргэд, жууулчин тээвэрлэгч жолооч нар анхааруулж байна.
Энэ сарын 28-29-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн нийт нутгаар дунджийн хэмжээнд хур тунадас орсон бол Хорьдол Сарьдагийн нуруу зэрэг уулархаг бүс нутагт нойтон цас ахиу хаяжээ. Үүний маргааш нь цаг агаар тогтуун, нартай байсан учир Хорьдолын давааны цас хайлан мөстөж, зам нь шил толь шиг гялгар болсон байна. Рэнчинлхүмбэ сумаас Хорьдолын даваа чиглэлдзорчигчид УлаанУулаар тойрч, Хатгалд хүрч буй гэнэ. Хатгал сумаас Хорьдол руу явах замд цас бага, халтиргаа гулгаагүй буй ч давааны ар луу мөс ихтэй байгаа аж. Цаг хэмнэж, зам товчлох гэсэн зарим жолооч Хорьдолын даваанд удаан хугацаанд саатаж, амь, эрүүл мэнд, эд хөрөнгөө эрсдэлд оруулснаа сургамж болгон хуваалцав. Хорьдол Сарьдагийн нуруу нь Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын гол бүс нутгуудыг холбодог үндсэн маршрут бүхий зам учраас жилийн аль ч үед тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөн тасардаггүй аж. Тэгвэл тухайн чиглэлд зорчиж буй гадаад, дотоодын жуулчид, орон нутгийн иргэдийг Хорьдолын даваагаар ойрын өдрүүдэд зорчихгүй, зайлшгүй тохиолдолд аюулгүй байдлаа сайтар хангахыг жолооч нар анхаарууллаа.
Ж.Сувд