
АНУ 2026 оны 9-р сарын 30 гэхэд Иракаас бүх цэргийн хүчээ гаргах гэж байгаа талаар Иракийн Ерөнхий сайд Али аль-Зайди АНУ-ын Төв командлалын удирдагч , адмирал Брэд Купертэй уулзах үеэрээ мэдэгдснийг ВВС уламжлав.
2003 оны 3-р сард АНУ болон холбоотнуудын цэргүүд олноор хөнөөх зэвсэг олж устгана гэсэн шалтгаанаар Ирак руу довтолсон юм. "Цочрол ба айдас" (Shok and awe) нэртэй энэхүү цэргийн ажиллагаа Саддам Хуссейны дэглэмийг маш богино хугацаанд түлхэн унагааж, улмаар улс орон эмх замбараагүй байдалд оржээ. Төрийн аппарат нуран унаж, Суннит-Шийтийн шашны мөргөлдөөн дэгдэж, Ирак дахь Аль-Кайда бүлэглэл хожим нь Исламын улс гэгдэх террорист байгууллага болж хувирсан байдаг.
Одоо 23 жилийн дараа АНУ-ын цэргийн оролцоо ийнхүү өндөрлөж байна. Энэ талаар Иракийн Ерөнхий сайд Али аль-Зайди хэлэхдээ Исламын Улс бүлэглэлийг дарах Дэлхийн эвслийн цэргийн даалгаврын дуусах огноо тогтсон бөгөөд эцсийнх гэдгийг онцоллоо.
АНУ-ын цэргүүд өмнө нь 2011 онд Ерөнхийлөгч Барак Обамагийн үед Иракаас гарсан боловч 2014 онд ч Исламын Улс бүлэглэл тус улсын маш их газар нутгийг эзэлсний дараа Багдадын хүсэлтээр буцаж ирсэн байна.
2024 онд Вашингтон, Багдад нар Исламын улс бүлэглэлийн эсрэг явуулж буй цэргийн ажиллагааг зогсоох тохиролцоонд хүрчээ.
2007 онд Иракийн дайны оргил үед тус улсад 170,000 гаруй АНУ-ын цэрэг байсан. Цэргээ татах хэлэлцээрт хүрэхээс өмнө буюу 2023 оны 12-р сар гэхэд АНУ-ын Төв командлалын мэдээлснээр тэдний тоо ойролцоогоор 2400 байжээ.
Иракийн засгийн газрууд улс орон дотроо улс төрийн дарамттай тулгарсаар иржээ. Олон хүн АНУ-ын цэргийн оролцоог тус улсын тусгаар тогтнолд халдсан хэмээн үздэг гэж 2016-2019 онд Ирак дахь АНУ-ын Элчин сайдаар ажиллаж байсан Дуглас Силлиман тайлбарласан байна.
"Ираны талыг баримтлагч бүлгүүд болон хүн амын зарим хэсэг (ихэвчлэн шиитүүд)-ийн дарамтанд орсон Иракийн хэд хэдэн засгийн газар эдгээр хүчийг тус улсаас гаргахыг эрмэлзэж байна" гэж тэрбээр BBC-д ярьжээ.
АНУ-ын цэргээ эргүүлэн татах эл ажиллагааг Иран болон түүний холбоотнууд ялалт хэмээн үзэж байна.
Харин Иракийн зарим албан тушаалтнууд тус улс аюулгүй байдлаа бүрэн хариуцахад хараахан бэлэн биш бөгөөд цэрэг эргүүлэн татах ажиллагааг “аюулгүй байдлын вакуум” үүсгэж болзошгүй гэж үзэж байна.
Хорь гаруй жил үргэлжилсэн дайнд 4500 орчим америк цэрэг амиа алдсан байна.