Нээлттэй нийгэм форум (ННФ)-ын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өчигдрийн ээлжит уулзалтаар 2027 оны төсвийн төслийг хэлэлцэн төсвийн тэлэлт, орлогын төлөвлөлтийн эрсдэлийг онцоллоо. Түүнчлэн УИХ-аар төслийн хэлэлцүүлэг хийж буй үйл явцыг нарийвчлан журамлах, гишүүдэд улс орны амин чухал асуудлаар хариуцлагатай шийдвэр гаргахад шаардлагатай иж бүрэн мэдээлэл хүргэх, судалгаа шинжилгээнд үндэслэсэн байвал зохилтойг тэмдэглэжээ. Тодруулбал, Засгийн газраас өргөн барьсан төсөлд нэгдсэн төсвийн нийт зарлага 2026 оны тодотгосон төсвөөс 9.6 их наяд төгрөгөөр буюу 28.3 хувиар өсөж, 43.6 их наяд байхаар тусгасан. Ингэснээр тэнцвэржүүлсэн орлогын өсөлтийн талаас илүү хувийг ногдол ашгаар нэмэгдүүлэхээр тооцсон аж. Энэ нь нэг удаагийн шинжтэй орлогод суурилан урсгал зардлыг өсгөн, төсвийн тогтвортой байдалд эрсдэл үүсгэж болзошгүйг дээрх зөвлөлөөс санууллаа. “Оюу толгой” компанийн гурван их наяд төгрөгийн ногдол ашгийн нөхцөл, аргачлалыг эцэслэн тохиролцоогүй буюу баталгаатай бус орлогоор төсвийг өсгөх нь эрсдэлтэй гэв. Тиймээс уг орлогын баталгаажсан, эсэх, ногдол ашиг авах нь ирээдүйн орлогод яаж нөлөөлөх, цалин нэмэх нь ч инфляц болон төсөвт хэрхэн тусах зэргийг тодорхой тооцох, нээлттэй мэдээлэхийг ННФ-аас дурдлаа.
С.Цэрэн