Олиггүй өмгөөлөгч нар гэхээр уншигч та бүхэн ямар хүний талаар бичих гэж буйг гадар лаж байгаа нь лавтай. Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д олиггүй гэдгийг өөдгүй, сайн биш, муу гэсэн үг хэмээн тайлбарласан байдаг. Тэгэхээр олиггүй зантай , хууль бус үйлдэл өдүүлдэг, хуумгай өмгөөлөгч нарын талаар хөндөх нь.
Өмгөөлөгч бол иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй бай гууллагад мэр гэжлийн туслалцаа үзүүлдэг хуульч . Өмгөөллийн тухай хуульд зааснаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авсан хүнийг өмгөөлөгч гэнэ. Өмгөөллийн үйл ажиллагаа гэж өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээг хэлэхээр тус хуульд заасан. Энэ үйл ажиллагааг эрхлэхийн тулд үйлчлүүлэгчээсээ төлбөр, мөнгийг нь гэрээний үндсэн дээр авдаг. Өмгөөлөгч нарын дунд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд чин сэт гэлээсээ ажил ладаг хүн олон. “Гурилддаг” нь ч нэг бус. Төлбөр, мөнгийг нь аваад үйлчилгээ үзүүлж буй бол сэтгэлээсээ ажиллавал өөрсдөд нь хэрэгтэй баймаар.
Ядаж л бичиг үсгийн наад захын соёл болох үйлчлүүлэгчийнхээ овог нэр, албан тушаалыг зөв биччихэж чаддаггүй өмгөөлөгч, төлөөлөгч байдаг нь гутамшигтай. Тэгээд нэхэмжлэл бичээд, тийм алдаа мадагтай, нэхэмжлэлийг нь шүүх, шүүгч нь хүлээж аваад хэрэг нээгээд сууж байдаг нь ичмээр.
ХУДАЛ ХЭЛЖ ХУРАЛ ХОЙШЛУУЛАХ ТОХИОЛДОЛ Ч БИЙ
Өмгөөлөгч нар уг нь хууль, үйлчлүүлэгчтэйгээ байгуулсан гэрээ ёсоор бол шүүх хуралд цагтаа оролцож, эрх ашгийг нь хамгаалах ёстой. Гэтэл аливаа шүүх хурал товлосон цагтаа болдоггүй, элдэв шалтгаар хойшилдог. Дийлэнх нь өмгөөлөгч нараас шалтгаалдаг гэх статистик шүүхүүд өөрсдөө гаргадаг. Жишээ нь 2025 оны тодорхой сард хийсэн судалгаагаар захиргааны хэргийн 217, иргэний хэргийн 505, эрүүгийн хэргийн 214 өмгөөлөгч шүүх хурал хойшлуулах хүсэлт гаргаж, багадаа ес, дээд тал нь 90 хоногийн хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширчээ. Ихэнх нь шүүх хурал давхацсан, хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргасан, эсвэл өмгөөлөгч ямар нэг өвчний улмаас хурлыг хойшлуулж буй. Түүгээр ч зогсохгүй өмгөөлөгч нарын дунд шүүх хурал хойшлуулах ханш хүртэл бий болсон гэлцэх. Уг нь Өмгөөллийн тухай хуулийн 14.1.5- д “Хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх”, 14.1.12-т “Хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд товлосон цагт оролцох” үүрэгтэй хэмээн заасан. Гэтэл нэр бүхий өмгөөлөгч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ойролцоох цайны газарт суучхаад гар утсаараа “Намайг гадагшаа явсан байна гэж хэл” гээд хурал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулж, удаашруулаад сууж буй нь ёс зүйтэй, хуулиа баримталсан үйлдэл мөн үү.
Мөн энэ хуульд өмгөөлөгч хүн тодорхой хориглолт, хязгаартай байхаар заасан байдаг. Гэтэл өнөөдөр нэр бүхий өмгөөлөгч нар улс төрч, УИХын гишүүн болохын тулд элдэв аргаар олон нийтэд танигдах ажиллагаа явуулж, шууд бичлэг (live) хүртэл хийж, оролцож буй иргэний маргаан, захиргааны болон эрүүгийн хэргийн талаар ярих нь их болсон. Түүгээр ч зогсохгүй бага насны хүүхэд хохирсон, холбогдсон олны анхааралд өртсөн эрүүгийн хэргийг ч хамаагүй мэдээлэх явдал ч гаргадаг. Өмгөөллийн тухай хуулийн 15.1.7-д “Энэ хуулийн 13.1.5-д заасны дагуу хуулбарлан авсан нотлох баримт, баримт сэлтийг тухайн хэрэг, маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэх”-ийг хориглосон атал хэвлэлийн хурал хийж мэдээлж буй нь ёс зүйн зөрчил биш гэж үү. Тиймдээ ч зарим ёс зүйгээ сахидаг нэг хэсэг нь олон нийтийн сүлжээнд “Өмгөөлөгч хүн шүүхэд нотлох баримт гаргаж, хуулийн үндэслэл зааж, мэтгэлцдэг болохоос сошиалд уянгалж, өрөвдүүлж, улстөржиж болохгүй шүү дээ” хэмээн хууль, дүрмээ зөрчдөг нэгэнтэйгээ эвлэрэхгүй гэдгээ илэрхийлцгээх болсон.
Эдгээрээс гадна уг хууль, Өмгөөлөгчийн ёс зүйн дүрэмдээ ч улс төрийн үйл ажиллагаанд оролцохыг хориглох, хязгаарладаг. Гэтэл зарим өмгөөлөгч улс төрийн намын салбарын удирдах албан тушаалд томилогдсон атлаа иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлсээр байдаг. Дээрх хуулийн 15.1.13-т “Улс төрийн нам, түүний харьяа, салбар, бүтцийн нэгжид орон тооны ажил, албан тушаал хавсран эрхлэх” 15.1.14-т “Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг улс төрийн зорилгоор ашиглах”-ыг хориглохоор заасан. Өмгөөлөгчдийн ёс зүйн дүрмийн 40.1-д “Өмгөөлөгч нь мэргэжлийн үйл ажиллагаагаа бодитой, шударгаар хэрэгжүүлэх, өмгөөлөгчийн хараат бус байдалд харшлах улс төрийн үйл ажиллагаанд оролцож болохгүй”, 41.1.1-т “Улс төрийн нам, эвсэл, холбоо, тэдгээртэй адилтгах бусад байгууллагад манлайлах үүрэг гүйцэтгэх, эсхүл тэдгээрийн харьяа, салбар, бүтцийн нэгжид орон тооны ажил, албан тушаал хавсран эрхлэхийг хориглоно” гэсэн байдаг. Ийнхүү хориг, хязгаарлалт тавьсан байтал АН-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн холбоонд нь эрх бүхий албан тушаал хашиж буй өмгөөлөгч ч бий шүү дээ.
ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН АТЛАА ӨМГӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАЖ БОЛОХ УУ
Өмгөөллийн тухай хуулийн 15.2.2-т “Тухайн хэрэг, маргааныг хянан шалгах, шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөс бусад оролцогчийн хувиар оролцож байсан, эсхүл үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг хөндсөн маргаан бүхий шийдвэрийг гаргах эрх бүхий ажил, албан тушаал эрхэлж байсан бөгөөд түүнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрөөгүй бол өмгөөлөгчөөр ажиллахыг хориглосон”. Гэтэл өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа баруун нэгэн аймгийн албан тушаалтнуудын хэрэгт яллагдагчаар татагдсан өмгөөлөгч ч бий. Цаашлаад шүүгч болчихсон тухайн хэргээ шийдвэрлэх гээд сууж байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэх эрсдэлтэй санагдана.
Өмгөөлөгчдийн дунд өөрсдөө эрүүгийн хэрэгт холбогдсон, ял шийтгүүлж байсан хүмүүс ч бий. Тэр дундаа авлига, албан тушаалын хэрэгт гэм буруутайг нь шүүх тогтоочихсон өмгөөлөгч нар ажиллаж байгаа. Тухайлбал, хууль сахиулах байгууллагад ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт дарга удирдлагатайгаа хамт ял шийтгүүлсэн хүн өдгөө өмгөөлөгч хийж буй. Мөн шүүгчид хахууль өгснийг хоёр ч шатны шүүх нь тогтоочихсон хүн ч иргэний эрх зүйн маргаанд өмгөөлөгч, төлөөлөгчөөр оролцсоор л яваа. Түүгээр ч зогсохгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч эсрэг тал буюу прокурор, шүүгчид хахууль өгсөн хэрэгт холбогдсон, шүүхээр ял шийтгүүлсэн өмгөөлөгч цөөнгүй. Өмгөөллийн тухай хуулийн 8.6.4-т “Эрүүгийн хуулийн арванзургаадугаар (Хүүхдийн эсрэг), арванесдүгээр (Үндэсний аюулгүй байдлын), хорьдугаар (Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын), хориннэгдүгээр (Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны), хоринхоёрдугаар (Авлигын), хорингуравдугаар бүлэг (Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг)-т заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хүнийг хуульчийн шалгалтад оруулахаас татгалзах заалттай. Гэтэл хэн нь үүнийг тойроод шалгалт өгч, эрх аван өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байна вэ.
Эдгээрээс гадна дээрх хуульд зааснаар бол эрхийг нь түдгэлзүүлсэн өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа ч эрхлэх ёсгүй, холбооныхоо үйл ажиллагаанд ч оролцохгүй байх юм билээ. Гэтэл энэ нь амьдралд хэрэгжихгүй л байна. Саяхандаа нэр бүхий нэг өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх эрхийг түдгэлзүүлсэн хэмээн цахим мэдээллийн хэрэгсэлд нийтэлсэн. Тэрбээр хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан учраас эрхийг нь түдгэлзүүлсэн аж. Өмгөөллийн тухай хуульд “Үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах”-аар заасан байтал үүнийгээ зөрчиж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй нэгэн удирдах албан тушаалтны хэрэгт оролцож байхдаа мөрдөх байгууллагынхныг нотлох баримт, мэдээлэл олж авахад нь саад учруулж, устгах, нуун дарагдуулах оролдлого хийсэн юм билээ. Энэ үйлдэлд нь хэрэг нээн хууль сахиулах байгууллагаас шалгаж, Өмгөөлөгчдийн холбооных нь Мэргэжлийн хариуцлагын хорооноос нь эрхийг нь түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн аж. Тийм атлаа хэдхэн хоногийн дараа болох Монголын өмгөөлөгчдийн холбоо (МӨХ)-ныхоо их хуралд төлөөлөгчөөр оролцохоор нэрээ бүртгүүлчихсэн байгаа нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл, МӨХ нь хууль, дүрэм, журмаа өөрсдөө уландаа гишгэж байна уу гэлтэй. Өмгөөллийн тухай хуулийн 10.2-т “Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхгүй бөгөөд өмгөөлөгчийн болон Өмгөөлөгчдийн холбооны гишүүний эрх эдэлж, үүрэг хүлээхгүй” гэж заасан. Гэтэл тухайн өмгөөлөгчийн нэр их хуралдаа оролцох жагсаалтад нь тодоос тод дурайж байх юм.