Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)аас өсвөр насны долоон хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн эрүүл мэндийн ямар нэгэн асуудалтай тулгарч байгааг судалж тогтоожээ. Сэтгэц, зан төлөвийн өөрлөлтүүдийн 30 орчим хувь нь 14-өөс өмнө, 50 орчим хувь нь 14-18 насанд тохиолдож буй аж. Энэ талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Статистик тандалт, судалгааны албаны дарга, доктор В.Баярмаа “ДЭМБ-ын судалгааг үндэслэн дунд, ахлах ангийн сурагчдад сэтгэл зүйн үнэлгээ хийж, асуумж авч, үр дүнг нь үнэлэх шаардлага бидэнд тулгараад байна. Ингэснээр сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйл болон тэдэнд тулгамддаг бусад асуудлыг ч эрт илрүүлэх, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн зөвлөгөө, тусламжид холбон зуучлах, эмчлэн эрүүлжүүлэх боломж бүрдэнэ” гэсэн юм.
Дээр дурдсанчлан өсвөр насныхны сэтгэл зүйн өөрчлөлтүүд ихэвчлэн 14-18 насанд эхэлдэг тул энэ үед нь сэтгэцийг нь үнэлснээр дараагийн шатны хүндрэл буюу сэтгэл гутрал, айдас түгшүүр, амиа хорлохоос урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн гэр бүлийн орчинд хэрүүл маргаангүй, ахуйн хүрээний архидалтаас зайлсхийхийг В.Баярмаа эмч зөвлөлөө. Хүүхэд гурваас олон сар айдас түгшүүртэй, нойрондоо муу байснаар сэтгэл зүйн ямар нэгэн эмгэгтэй болох эрсдэлтэй тул эцэг, эхчүүдийг хараа хяналт, халамжаа сайжруулахыг анхааруулав.
О.Оргилох